|
Видео

Шинэ мэдээ

Гацууртыг дэмжсэн ”15”-ыг өмөөрье

Одоогоос таван жилийн өмнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд очиж байлаа. "Монголын Швейцарь" гэгддэг энэ сум бол Дархад түмний өлгий нутаг.  Жуулчдыг татдаг байгалийн нэн үзэсгэлэнт газар л даа. Улаан тайга, цаатнууд, Хөгийн гол гээд энэ нутагт үзэх юм их бий. Гэвч хотоос очсон сэтгүүлчдийн баг энд амрах гэж биш ажиллах гэж, байгалийн сайхныг үзэх гэж биш байгалийг хэрхэн сүйтгэж байгааг харах гэж очиж билээ. Аймгийн төвөөс 170, Улаанбаатартаас 840 км, сумаасаа бол мориор л хүрэхээс машинаар очиж болдоггүй битүү тайга. Гэвч энд бидний "нинжа" гэж нэрлэдэг гар аргаар алт олборлогчид байгалийн сайхныг "шар металл"-ын төлөө үнэхээр баллаж байв. 300 гаруй гол эх авдаг, тэр нь 230 гаруй нуурт цутгадаг Хөгийн гол эх үндсэндээ "нинжа" нарын хөлд талхлагдсан байсан юм. Ой модыг нь хяргаж, усны эхэд нь олон тооны нүх ухсанаас болж Хөгийн гол заримдаа татардаг, ан амьтны хувьд бараг дайжчихсан байдалтай биднийг угтсан. Тэнд ямар ч хууль үйлчилдэггүй. Цагдаа, хүчнийхэн очдог ч хүчин мөхөстсөн ийм л байдалтай байсан. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг Улаан тайгын энэ түүхийг нэхэн сануулсан нь одоо Ноён ууланд үргэлжилж мэдэхээр боллоо.

 

УИХ өнгөрсөн долоо хоногт Гацууртын ордыг ашиглах тухай Засгийн газрын саналыг унагав. Өнгөн дээрээ Ноён уулаа ухуулахгүй авч үлдэж байгаа юм шиг боловч үнэндээ энд хуулийн дагуу уурхай олборлох байсныг хуульгүйгээр "нинжа" нараар олборлолт явуулах эрхийг парламент өгчихлөө. Тиймээс Гацууртын ордыг эдийн засгийн  эргэлтэд оруулах санал өгсөн УИХ-ын 15 гишүүнийг өмөөрье гэж бодсон юм.

 

Гацуурт бол стратегийн ач холбогдол бүхий орд. Уг ордыг ашиглах тухай санал УИХ-ын босго давалгүй хоёр дахиа уналаа. Мэдээж эсрэг санал өгсөн гишүүдийг буруутгах аргагүй.  Орж ирсэн асуудлаар ямар байр суурь илэрхийлэх нь, саналаа яаж өгөх нь УИХ-ын сонгуулиар тэдэнд олгогдсон хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх нь. Гэвч энэ гишүүдээс асуухад дараагийн сонгуулиа бодож өгсөн санал нь Гацууртын ордыг байтугай Ноён уулыг ямар ч хамгаалалтгүй болгож орхисныг асуумаар байна. Одоо тэгээд хэн Гацууртын ордыг "нинжа" нараас хамгаалах вэ. Тэнд хувийн хөрөнгөөр хайгуул хийгээд нөөцийг нь тогтоочихсон алтны орд байна. Энийг Монгол даяар бүгд мэдэж байгаа, "нинжа" нар ч ялгаагүй мэддэг. Өнөө маргаашдаа юу юугүй ухаад эхэлнэ гэж лав байхгүй. Удалгүй ухах нь харин тодорхой болов уу. Энэ бол Гацууртын ордыг хуулийн дагуу татвар, ногдол ашгаа аваад ашиглуулъя гэж санал өгсөн УИХ-ын 15 гишүүнийг өмөөрөх нэг шалтгаан.  Хоёр дахь нь Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Ерөнхий сайд нь "гэртээ" тогтож чадахгүй "бадар гуйж" яваа энэ үед уул уурхайн томоохон төслүүдээ урагшлуулахгүйгээр энэ хямралыг давах арга байна уу. Эдийн засаг нь уначихсан нэг Засгийн газар огцруулж, хоёр дахиа байгуулахдаа бүх нам засагт нь хамтарсан улсын хувьд өөр гарц байгаа гэж үү.

 

Байгаа бол хамаа алга. Гэвч төсөв нь хөрөнгө оруулалт байтугай цалин, тэтгэврээ дийлэхээ байчихсан, гадаад валютын ханш өдөр бүр өсч байгаа энэ үед Гацууртаа, Оюутолгойгоо, Тавантолгойгоо хөдөлгөхөөс өөр гарц Монголд үлдсэн үү. Тиймээс эдгээр ордоо хөдөлгөе, хөдөлгөхдөө харин ухаанаа уралдуулъя.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Ч.Сансар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler