| |
Говь-Алтай аймагт алтнаас болж 4-5 хүний аминд хүрсэн гэх мэдээллийг үгүйсгэв
Говь-Алтай аймгийн Бигэр суманд алтнаас болж нэгнийхээ аминд хүрч эхэлсэн талаар сайтууд мэдээлж эхэлжээ. Тодруулбал, "Алтны төлөө нүх булаацалдсан хүмүүс хоорондоо зодолдож нэгнийхээ аминд хүрч эхэлжээ. Тухайлбал, өчигдрийн байдлаар 4-5 хүний аминд хүрч, арваад хүнийг хутгалсан хэрэг гарсан байна. Мөн эх сурвалжийн хэлж буйгаар нинжанууд бүлэг болж хоорондоо зодолдож, нэгнийгээ нүх рүү оруулж шороогоор дарсан хэрэг гарсан гэнэ” гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.
Энэ талаар цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад "Бигэр суманд 2-3 хүн шороонд даруулж амиа алдсан хэрэг гарсан. Цогцост задлан шинжилгээ хийхэд гадны нөлөөгүй амиа алдсан нь тогтоогдсон” гэх тайлбарыг өглөө.
Харин Говь-Алтай аймгийн цагдаагийн байгууллагын эх сурвалжаас утсаар тодруулахад "Тухайн газар алт гарч, хүмүүс олноор бөөгнөрсөн нь үнэн. Алт гарсан "Хурууны ам” гэх газрыг цагдаа нар хамгаалалтад аваад байсан ч нутгийн иргэдийн шаардлагаар энэ сарын 1-нээс эхлэн арван хоногийн хугацаанд нээсэн. Маргаашнаас алтны ордыг хамгаалалтад авч, иргэдийг тараах гэж байгаа. Харин нэг нэгнийхээ аминд хүрч, хутгалсан, гэмтээсэн зүйл огт байхгүй. Харин нэг хүн шороонд дарагдаж амиа алдсан” гэх хариулт өглөө.
Юутай ч албаны эх сурвалжуудын өгсөн мэдээлэл зөрөлдөж байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Б.Анир