|
Видео

Шинэ мэдээ

Хепатитийн С вирүст халдварын эмчилгээний талаарх түгээмэл асуулт, хариултууд

Хепатитийн С вирүст халдварын эмчилгээний талаарх түгээмэл асуулт, хариултууд Хепатитийн С вирүст халдварын эмчилгээ, оношилгооны талаарх мэдээлэл

АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад "Аccess” буюу "Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын хурлаар хэлэлцүүлж, Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэсэн билээ. Энэхүү эмийг хэзээ Монгол Улсад орж ирэх талаар болон хаанаас хэрхэн худалдаж авах талаарх мэдээллийг хүргэж байна.

Хепатитийн С вирүст халдвартай бол аль эмнэлэгт хандаж эмчлүүлэх вэ?

Юуны түрүүнд өөрийн харьяа аймаг, дүүргийн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс хепатитийн С вирүст халдварын талаар мэдээлэл, зөвлөгөөг авч болно.

Хэрвээ та өмнө хийлгэсэн лабораторийн шинжилгээгээр С вирүсийн халдвартай гэж тогтоогдож байсан, эсвэл та өөрийгөө тус халдварт өртсөн байж болзошгүй гэж үзэж байгаа бол өөрийн харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт хандаарай. Одоогийн байдлаар эдгээр эмнэлгийн дотор, халдвартын тус тус 1 эмчийг "Хепатитийн С вирүст халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний заавар”-ыг танилцуулах сургалтад хамруулаад байна. Төрийн өмчит эмнэлэгт эмчийн үзлэг, зөвлөгөө төлбөргүй, харин лабораторийн зарим өндөр өртөгтэй шинжилгээ төлбөртэй байдгийг анхаараарай.

Хэрвээ та өөрөө хүсвэл хувийн эмнэлэгт хандаж болно. Ингэхдээ хувийн эмнэлгийн үзлэг, оношилгоо төлбөртэй бөгөөд төлбөрийн хэмжээгээ өөрсдөө тогтоодог тул харилцан адилгүй байдгийг анхаарна уу. Одоогийн байдлаар "Хепатитийн С вирүст халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний заавар”-ыг танилцуулах сургалтад нийслэл Улаанбаатар хот дахь дараах хувийн эмнэлгийн эмч нар хамрагдаад байна.

Эмнэлэгт зөвхөн эмчийн үзлэг, лабораторийн болон бусад шинжилгээ хийгдэж, эмчилгээний талаар зөвлөөгөө өгч, хяналтыг тавих ба аливаа эмч, эмнэлэг хепатитийн С вирүст халдварыг эмчлэх эмийг олгож, худалдахгүйг анхаарна уу.

Хепатитийн С вирүст халдварыг илрүүлэх шинжилгээг хаана хийлгэх вэ?

-Дээр дурдсан эмнэлгүүдийн лабораториудад шинжилгээг хийлгэж болно. Гэвч зарим төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн лабораторид шинжилгээг хийх тоног төхөөрөмж байхгүй байгаа болно. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хепатитийн С вирүст халдварыг илрүүлэх, эмчилгээний явцад хийх шаардлагатай шинжилгээг хийх чадавхи бүхий лабораторийн талаарх бүрэн мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Хепатитийн С вирүст халдварыг эмчлэх ямар эмийг Монгол Улсад хэрэглэж байна вэ?

-Хүчин төгөлдөр холбогдох хууль, журмын дагуу Монгол Улсад бүртгэгдсэн эмийг л хэрэглэх боломжтой. Хепатитийн С вирүст халдварыг эмчлэх рибавирин, интерферон эмүүд бүртгэгдэсэн байдаг. Сүүлийн үед дэлхийн зах зээлд шинээр нийлүүлэгдэж буй, эмчилгээний 90 гаруй хувийн өндөр үр дүнтэй эмүүдээс АНУ-ын Гилеад Сайнс компанийн хепатит С вирүсийн халдварыг эмчлэх Совалди® (Софосбувир 400мг), Харвони® (Софосбувир 400мг/Ледипасвир 90мг) эмийг 2015 онд Монгол Улсад бүртгээд байна.

Хепатит С вирүсийн халдварыг эмчлэх ямар эмийг сонгох вэ?

Дээр дурдсан эмнэлэгт зөвхөн мэргэшсэн эмч хийсэн үзлэг, лабораторийн болон бусад шинжилгээг үндэслэн таныг хепатитийн С вирүсийн халдвартай эсэхийг, мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тогтоохыг анхааруулж байна. Эмчийн дүгнэлтийг үндэслэн эмчилгээ хийлгэх эсэхийг зөвхөн өвчтөн та өөрөө шийдвэрлэх эрхтэй. Гэхдээ хепатитийн С вирүсийн халдварыг эмчлээгүй тохиолдолд элэгний хатуурал, хорт хавдар зэрэг амь насанд аюултай өвчин үүсэх магадлалтайг санах хэрэгтэй.

Монгол Улсад бүртгэлтэй Совалди® (Софосбувир 400мг), Харвони® (Софосбувир 400мг/Ледипасвир 90мг) эмийн талаарх харьцуулсан танилцуулгыг дараах хүснэгтээр хүргэж байна.

Тайлбар: Дээрх тооцооллыг Монгол банкны 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Долларын ханшаар /1ам доллар=1967 төгрөг/ гаргав. Эмчилгээнд хамрагдах үеийн долларын ханшаас хамаарч монгол төгрөгөөр тооцсон үнэд зөрүү гарч болохыг анхаарна уу.

Эмийг хэзээнээс, хаанаас авч болох вэ?

АНУ-ын Гилеад Сайнс компанийн албан ёсны борлуулагч "Омбол” ХХК эм хангах нийлүүлэх байгууллага нь нь Совалди, Харвони эмийг өөрийн эмийн сангуудаар болон улсын эмнэлгүүдийн эмийн сангуудаар дамжуулан олгохоор төлөвлөж байгаа ба сургалтанд сууж гэрчилгээ авсан төрийн өмчит болон хувийн эмнэлгийн эмч нарын бичсэн цахим жорын дагуу эмийг олгоно. Эдгээр эмүүд нь "Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн зах зээл дахь үнээс маш хөнгөлөлттэй үнээр нийлүүлэгдэж байгаа тул эм олголт, тараалт, нийлүүлэлт нь тусгай горимын дагуу явагдана.

Совалди (Софосбувир 400мг) шахмал эмийг 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, худалдааны гудамж, Монфа төвийн 3 давхарт байрлах Омбол ХХК-ийн "Календула” эмийн сангаар борлуулж байна.

 Харвони (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эм нь Монгол улсад 2015 оны 10 дугаар сарын төгсгөлд нийлүүлэгдэх урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Тус эмийг манай улсад нийлүүлэгдэхээс өмнө Улаанбаатар хот, орон нутагт ямар эмийн сангаас авч болохыг Омбол ХХК-аас тусгайлан мэдээлнэ.

 Мөн Совалди (Софосбувир 400мг), Харвони (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) эмийг борлуулахтай холбоотой мэдээллийг Омбол ХХК-аас авна уу. Холбогдох утас: 11-316428, 99090732, 99817738

-Хепатитийн С вирүст халдварын оношилгоо, эмчилгээний талаарх лавлагааг хаанаас авч болох вэ?

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд эмч, мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангах, оношилгоо, эмчилгээг хянах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх эрх, үүрэг бүхий байгууллага бөгөөд цаашид дээрхи бүх үйл ажиллагааг гардан хариуцах болно. Тиймээс элэгний С вирүст халдварын эмчилгээ, оношилгооны талаар лавлаж тодруулах зүйлээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 454921 дугаарын утсанд холбогдож асууна уу.

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler