|
Видео

Шинэ мэдээ

Хаврын "Халуун" сэдэв ҮНДСЭН ХУУЛИЙН өөрчлөлт байх нь

Хаврын чуулган хаяанд ирээд байна. Энэ чуулганаар Упс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд, Сонгуулийн хууль зэргийг хэлэлцэхээс үзвэл олны анхаарлыг татах нь ойлгомжтой байна. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг эцэг хуульд чухам ямар өөрчлөлт оруулах санал гаргасан бэ гэдэг чуулгантай зэрэгцэн олон хүний сэдэв болох нь.
 
Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар 15 санал гаргасан тухай яригдаж эхэллээ.  Үүнд, УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын даргын эрх үүргийг хурал даргалагчийн хүрээнд хумьж, тухайн чуулган бүрт өөр өөр гишүүдийг шинээр сонгож байх санал яригдаж байгаа  юм. Нарийвчилж ярилцах ёстой гэсэн зарим саналууд байна. Тухайлбал, парламентын гишүүдийн тоог нэмэх, хоёр танхимтай болох. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргыг сонгох асуудалд зарчмын өөрчлөлт хийх, Үндсэн хуульд хот гэдэг статусыг оруулж өгөх зэрэг саналуудыг энд дурдаж болохоор байна.
 
Мөн хоёрдугаар сарын 27-нд УИХ-ын гишүүн ЦДаваасүрэн Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Агуулгын хувьд УИХ-ын гишуүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хориглохзохицуулалттай. Өөрчлелт тойрсон нийтлэг нэг санал байгаа нь 2000 онд Үндсэн Хуульд оруулсан дордуулсан гэх долоон өөрчлөлтийг хүчингүй болгох. Эндээс үзвэл 2000 оны өөрчлөлтийг хүчингүй болгохыг хаа хаанаа дэмжиж байгаа нь илт байна. Гэхдээ энэхүү заалтыг ёсчлон баталбал хуулийн хэрэгжих хугацааг дараагийн парламентаас мөрдөхөөр тусгах бололтой. Харин Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах алжлын хэсгээс гарч байгаа нэг санал олон нийтийн хардлагыг төрүүлж байна. Энэ нь Ерөнхийлөгчийг ард түмнээс бус УИХ-аас сонгодог болгох тухай. Тиймээс зарим судлаач, ажиглагчид Үндсэн хуулийн өөрчлөлт бол Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих процессийн шинжтэй, ашиг сонирхол давамгайлсан үйл явц болж мадагдгүй гэдгийг яриад эхэллээ. Тиймээс нэгэнт Үндсэн хуулийн асуудлыг хөндөж байгаа бол өөрчлөлт бус харин шинэчлэл хэрэгтэй гэж үзэж байна.
 
Үндсэн Хууль улстөржилтөөс ангид байх ёстой хамгийн чухал бичиг баримт. Гэвч улстөрчид энэ хуулиар оролдохоор тал талаас улайрч эхэлсэн нь дээрх үйл явцаас тодорхой болж байна. Үндсэн Хууль өөрөө нийгмийн бүхий л харилцааг зохицуулах суурь болдог учраас амьд организм ч гэж хэлэгддэг. Тэгвэл энэ организмын амь тасрах уу, амьдрал нь уртсах уу гэдэг хүссэн, эс хүссэн ч улстөрчдөөс хамаарах бололтой.
Энэ талаар Үндсэн хуулийн эрхзүйч З.Батбаяраас тодрууллаа.
 
-Үндсэн хуульд өөрчлөлт биш шинэчлэл хэрэгтэй гэж та яриад байгаа. Яагаад?
-Шилжилтийн үеийн Үндсэн хууль үүргээ биелүүлсэн. Тиймээс үүнийгээ шинэчлээд, хөгжил дэвшлийн шинэ Үндсэн хууль баталъя. Гэхдээ хэн нэг албан тушаалтан, судлаач, эрдэмтэн Үндсэн хуулийг өөрчилье гэж шийдэх ёсгүй. Үндсэн хууль бол ард түмний бүтээл. Үндсэн хуулийн өөрчлөх эсвэл шинэ Үндсэн хууль батлах асуудлыг зөвхөн бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. 1995 онд батлагдсан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гээд заачихсан байгаа. Үүний дагуу бүх нийтийн санал асуулга зарлах ёстой.
 
-УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогддог. УИХ өөрөө хууль тогтоох дээд байгууллага. Тиймээс УИХ Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь нээлттэй юм биш үү. Яагаад заавал бүх нийтийн санал асуулга байх ёстой вэ?
-Хэрвээ татварын эсвэл төсвийн тухай хууль ярьж байсан бол ямар нэг зүйл ярихгүйгээр төлеөллийн ардчилал хэрэгжих бүрэн боломжтой. Гэтэл Монгол Улсын нийгэм эдийн засаг, соёл, өв уламжлал гэх мэт бүхий л харилцааг нэгтгээд Монгол Улсын нийт ард иргэд, байгууллагуудын заавал хэрэгжүүлэх ёстой зүйлүүдийг тодорхойлдог, олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс илүү хүчин чадалтай хуульд дөрвөн жилийн хугацаатай ажилладаг, бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хоёр хүрэхгүй жилийн хугацаа үлдсэн парламент өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярина гэдэг нь ард түмний эрх ашгийг хамгаалахгүй байх нөхцлийг улам нэмэгдүүлж байна. УИХ хоёр жилийн хугацаатай байхаар өөр хуулийн асуудал ярьж байсан бол зөвшөөрч болно. Харин Үндсэн Хуулийн тухай энэ асуудал чинь огт өөр шүү дээ. Үндсэн Хууль 2025, 2030 онд ч тэр цаашид үр нөлөөгөө өгсөөр л байна. Тиймээс л ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Ард түмний санал асуулга явуулахгүй бол ямар үр дүнд хүрдэг вэ гэдгийг 2000 оны өөрчлөлт харуулж байна. УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдыг албыг давхар хашиж болно. Чуулганы ирц хүрэхгүй тохиолдолд заавал 50 хувь гэхгүйгээр сууж байгаа гишүүдийн 50 хувь буюу 76 гишүүнтэй УИХ маань хамгийн багадаа 19 гишүүн сууж байгаад хууль батлах бүрэн эрхтэй болчихсон байна. гэх мэт Үндсэн хуульд заасан тодорхой зүйлүүдийг зөөлрүүлж, өөрсөддөө ашигтайгаар хийсэн учраас үүнийг "дордуулсан долоо" гэж хэлээд байгаа юм. Тэд үүнийгээ үйл ажиллагаагаа явуулахын тулд гэж хэлдэг. Улстөрчид Үндсэн хуульд өөрчлөлт хийх юм бол яг л үүнтэй ижил зүйл болно.
 
-Ижил зүйл гэдгээ тодруулахгүй юу. Тухайлбал, танд ямар хардлага байна вэ?
-Захын жишээ л гэхэд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаануудад өөрчлөлт оруулбал юу болох вэ. Эсвэл нэг субьектын эрхийг нөгөөд шилжүүлбэл яах вэ. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрхийгхасах, эсвэл нэмэгдүүлэх гэх мэт. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт ч гэсэн яг л ийм байсан. Ингээд бодвол энэ нь хүний эрх болоод өв уламжлалаа хадгалах гэх мэт Үндсэн хуульд заасан хамгийн үнэт зүйлүүдийг хамгаалах тогтолцоог эвдчихнэ.
Үндсэн хууль өөрөө хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үндэс. Ийм нийгмийг байгуулахын тулд ийм зүйлүүд хийнэ гэдгийг бүлгээр баталгаажуулсан байгаа. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт заасан хүний эрх болоод үнэт зүйлийг хамгаалахын тулд л төрийн байгууллага байдаг. Өөреөр хэлбэл төрийн байгууламж нь зөвхөн Үндсэн хуульд заасан үнэт зүйлс, хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэхэд зориулсан арга хэрэгсэл. Гэтэл энэ үнэт зүйлүүдийг ярихгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулъя гэдэг угээр далимдуулж, арга хэрэгсэлдээ өөрчлөлт оруулж, өөрсдийнхөө эрх мэдлийг хадгалж үлдэхийн төлөө явж байна л гэж ойлгож байна.

Энэ мэтээр Үндсэн Хуулийн өөрчлөлт тойрсон зөрүүтэй байр суурь олон байна. Хэдийгээр УИХ-ын даргын эахирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт хоөр ч туршлагатай хуульч багтсан. Мөн эрдэмтэн, судлаачдын саналыг авч байгаа гэжхэлж байгаа боловч эсрэг байр
суурьтай хүн олон байна. Энэ утгаараа хаврын улстөрчдийн "шоу"-ны цөм яах аргагүй Үндсэн хуулийн өөрчлөлт байх нь.
 
 
Б.ЧИНБАТ /ҮНДЭСНИЙ МЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler