|
Видео

Шинэ мэдээ

Өргөдлийн байнгын хороо анх удаа өргөдөл гомдлыг хэрхэн барагдуулж буй талаар Засгийн газрын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүн Ж.Батзандан, "энэ хуулийн зарим зүйл, заалт тэдгээрийн зохицуулалт тодорхой бус, хэтэрхий ерөнхий” байгааг шүүмжилж, гишүүн М.Энхболд, "сонсгол сонсдог жишиг бусад оронд хир нийтлэг байдаг, төсөлд хэрэглэсэн зарим үг, нэр томьёолол тухайлбал "мөрдөн шалгах” томьёоллыг анхаарах, сонсголоос гарах дүгнэлт нь эрх зүйн хувьд хир чадамжтай, хэрэгжих боломжтой байх, гишүүн О.Баасанхүү "батлагдаагүй хуулийг төсөлд иш татсан нь ямар учиртай, татварын хяналт, шийдвэр гаргах зохицуулалт болон сонсгол зохион байгуулахад шаардагдах төсөв, зардал тодорхойгүй буюу тусгагдаагүй байгаа”, гишүүн Р.Бурмаа "эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хэт хатуу заалт оруулсны үндэслэл”-ийн талаар хууль санаачлагчийг төлөөлөн оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярт хандаж асуулт тавьж тодруулга авав.

Асуулт, хариулт явуулсны дараа гишүүд саналаа илэрхийлэхдээ, энэ хуулийн төсөл бол Улсын Их Хурлыг сонсгол хийх замаар эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлэх зорилготойг тэмдэглэхийн сацуу сонсгол нь олон эх сурвалжийн мэдээлэлд суурилсан, нээлттэй, талуудын оролцоог бүрэн хангасан байх ёстойг онцолж байв.

Дараа нь Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

Тухайлбал, "мөрдөн шалгах” гэснийг "магадлан шалгах” гэж өөрчлөх, "Албан тушаалтан нь сонсголын асуудлаар хариу тайлбар гаргаж өгөөгүй буюу мэдэгдэл хүргүүлсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй бол түүнийг Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж өөрчлөн найруулах зэргээр төслийн зарим нэр томьёолол, зүйл, заалтыг тодорхой, оновчтой болгохыг олонхи дэмжлээ.

Байнгын хороо Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Үүний дараа Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу холбогдох тогтоол, тэмдэглэлийн хэрэгжилтийн явц, байдлын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болон холбогдох сайд, яамны төлөөлөл оролцож мэдээлэл хийж Байнгын хорооны гишүүдийн асуултад хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл "эрүүл мэндийн салбарт тусламж, үйлчилгээний чанар, эмнэлгийн хүртээмж, дутуу баригдсан эмнэлгийн барилгыг гүйцээх талаар болон эмч нарын үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал, хүнд суртлыг арилгах зэрэг асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах чиглэлийн дагуу юу хийгдсэн, гишүүн О.Баасанхүү "төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудлыг хэрхэн шийдэж түүнийг хэдийд ашиглалтад өгөх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст тусламжийг хэн үзүүлэх талаар ямар зохицуулалт хийх гэж байгаа, гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтыг шинэчилсэн эсэх”, гишүүн Ж.Батзандан "Налайхын уурхайд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан уурхайчид нэмэгдэл авч чадахгүй байгаа”-д Засгийн газрын Шадар сайд холбогдох бусад албан түшаалтны анхаарлыг хандуулж хариулт авав.

Байнгын хорооны гишүүд энэ асуудлаар саналаа илэрхийлэхдээ, анх удаа иргэд, байгууллагаас Улсын Их Хурал болон Өргөдлийн байнгын хороонд хандаж ирүүлсэн өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар мэдээлэл сонсож байгааг онцлон тэмдэглээд цаашид ийм сонсголыг улирал, жилээр байнга сонсож тогтмолжуулах, өргөдөл, гомдлыг барагдуулахад хариуцлагатай хандах, идэвхтэй ажиллах, ийм төрлийн хэлэлцүүлэг, сонсголд иргэдийн төлөөллийг өргөн оролцуулах, Өргөдлийн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилтийн явц байдлыг сонсохын зэрэгцээ түүний хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцаж хяналт тавихыг чухалчиллаа.

Мөн Өргөдлийн Байнгын хорооны гишүүд иргэдээс Улсын Их Хуралд хандаж энэ оны 1 дүгээр сард ирүүлсэн өргөдлийн тойм мэдээтэй танилцллаа.

Энэ хугацаанд Улсын Их Хуралд 440 өргөдөл, үүнээс Улсын Их Хурлын дарга, гишүүдэд 263, Өргөдлийн байнгын хороонд 177 өргөдөл ирүүлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler