|
Видео

Шинэ мэдээ

Хөшөөнд зарцуулсан төсвийн мөнгө “уйлдаггүй”

 

Хөшөө дурсгал гэдэг тухайн улс үндэстний түүх, соёлыг илэрхийлж, мөнхлөх учиртай. Түүнчлэн хотжилт, тохижилтын үүрэг гүйцэтгэх нь бий. Түүгээр ч зогсохгүй үл хөдлөх дурсгал гэх нэрийн дор соёлын өвд бүртгэгддэг. Тэгэхээр чухал хэрэгцээтэй эд гэдэгтэй маргах учиргүй. Гэхдээ аливаа зүйлийн тун хэтэрвэл хор болдгийн адилаар манай улсад хөшөө дурсгалын тоо ширхэг хэт олширч, агуулга, бэлгэдэл утгаа алдлаа. Товчхондоо, Монгол Улс нэг хүнд ногдох хөшөөний тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэх егөөдөл үнэний ортой болжээ. Ингэж жил бүхэн энд тэнд зуу зуун хөшөө сүндэрлэж буй нь учиртай. Хөшөө барих нэрээр хөлжсөн хүн ч манайд цөөнгүй бий.

2015 оноос хойш тооллого хийсэнгүй

2015 оны байдлаар Монгол Улсад 2,102 хөшөө дурсгал тоологджээ. Үүний 500 орчим нь нийслэлд бий. Харин аймгаар нь авч үзвэл, Ховд аймагт хамгийн олон буюу 320 ширхэг хөшөө байдаг аж. Гэхдээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд цөөнгүй хөшөө, дурсгал шинээр бий болсон. Гэвч 2015 оноос хойш энэ төрлийн тооллогыг хийгээгүй байна. Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуульд, "Соёлын биет бус өвийн үзлэгийг гурван жил тутамд, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг дөрвөн жил тутамд зохион байгуулна” хэмээн заасан байдаг. Тэгэхээр хуулийн хүрээнд өнгөрсөн жил буюу 2020 онд тооллого хийх учиртай. Гэвч цар тахлын улмаас тооллого өнөө хэрнэ зохион байгуулаагүй байна. Тиймээс манайд хэчнээн тооны хөшөө, дурсгал байгаа талаарх сүүлийн үеийн тоо, мэдээлэл хомс байлаа.

Хүнээс илүү хөшөөг чухалчилсаар ирэв

Хөшөөнд зарцуулсан улсын мөнгө "уйлдаггүйн” жишээ олон бий. Тэдгээрээс олон нийтийн шүүмжлэл дагуулсан заримыг нь онцольё.

  • 2017 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд "Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг байршуулсан. Тус хөшөөг 27.4 сая төгрөгөөр барьсан.
  • 2018 онд Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэр Хөхүүрийн хөндийд баригдсан "Андлалын өргөө” цогцолборыг  1.9 тэрбум төгрөг төсөвлөж, барьсан. Гэвч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг зогсоож, энэ онд нураасан юм.
  • 2011 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд "Хатдын өргөө" нэртэй цогцолбор байгуулав. Тус бүтээн байгуулалт дууссанаар 15 хүн байнгын ажлын байртай болж, жилдээ гадаад, дотоодын 30-50 мянган жуулчин Баян-Адарга сумыг зорьдог болно гэж танилцуулж байсан. Гэтэл одоо тус цогцолбор хүнгүй шахам, гол барилга нь ажиллагаагүй болжээ. 
  • 2016 онд Ази Европийн АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдсан. Уг үйл явдалд зориулан "Тэнгэрийн өрх” гэх нэртэй хөшөөг Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан. Уг хөшөөг сүндэрлүүлэхэд 500 сая төгрөг зарцуулсан байдаг. Түүнчлэн хөшөөний хүрлийг гаалийн татвараас чөлөөлсөн.

Энэ мэт утга, агуулга, хийц хэлбэр нь тодорхойгүй хөшөө, дурсгалууд Монгол орны энд, тэндгүй сүндэрлэж байна. Түүгээр ч зогсохгүй аль мөнгөтэй нь хэн дуртай хүнийнхээ хөшөөг босгодог болжээ. Уг нь хөшөөнөөс илүү хөрөнгө оруулалт шаардлагатай салбар манай улсад нэжгээд бий. Сүүлийн жишээ гэхэд л ирэх оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэх нэг ч төгрөг тавиагүй атлаа 32 тэрбум төгрөгөөр Богд Зонхова хөшөөт цогцолбор байгуулахаар тусгасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Баталсан төсвөө үзээгүй сонсоогүй мэтээр мэдэн будилж буй гишүүдийн мэдэгдэл дундаас уг цогцолборын анхны төсөвт өртөг 5 тэрбум төгрөг байсныг мэдэж авлаа. Чухам ямар замаар нэмэгдсээр 32 тэрбумд хүрснийг тайлах хүн олдсонгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр ирэх оны төсөвт Богд зонхова цогцолбор шиг төсөвт өртөг нь өссөн 100 гаруй обьект бий ажээ. Татвар төлөгчдийн мөнгийг энэ мэт хэрэггүй, ашиггүй бүтээн байгуулалтад зарцуулчихаад эцэст нь бүгд зарлагдаагүй тендер болж хувирах вий.Төсвийн мөнгө уйлахгүй юм даа. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler