|
Видео

Шинэ мэдээ

Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

 

 

Жишигт гологдсон “жингүй” бүтээн байгуулалт

 

Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны иргэн С.Самдандовжидийн хашаанд гишгэх газаргүй болтол мод, бут ургажээ. 11 жилийн өмнө тарьсан саваа, гацуур нь хоёр давхар тоосгон байшинтай эн зэрэгцсэн харагдав. Бургас, нарс, гацуур, хуш, хус, голт бор, шар хуайс, монос, үхрийн нүд, тошлой, тэхийн шээг, долоогоно, бөөрөлзгөнийн гээд 20 гаруй төрлийн мод тэдний хашаанд өнгө нэмсэн байв. Эднийх нүүж ирсэн даруйдаа хөршүүдээ ногоон байгууламжтай болгох, цаашлаад гудамж, хороогоо жишиг болгохоор зорьсон гэнэ. Өдгөө тэдний хөршүүд дунд хашаандаа модгүй айл гэж байхгүй болжээ. Мөн Сүхбаатар дүүргийн XVIII хорооны иргэн Н.Төгс-Очир мод тарьж, зүлэгжүүлэхээс гадна чулуугаар явган хүний зам тавьж, хашаагаа чимсэн харагдав. Энэ мэтчилэн хашаа, гудамжиндаа сайхан амьдарч буй хөдөлмөрч, жишиг өрх нийслэлд олон бий.

Хэдэн жилийн өмнө Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг, Сэлбийн 46 дугаар гудамжийг оршин суугчид нь болон "Талын сэтгэл” нөхөрлөлийнхөн хамтран тохижуулсан удаатай. Дараа нь дээрх дүүргийн XXVII хорооны нутагт байрлах Сэлбийн 24 дүгээр гудамжны 600 метр урт, долоон метр өргөн замыг иргэд засаж, 46 өрх шинэ хашаа барьж, жишиг гудамж байгуулсан. Түүгээр ч зогсохгүй орон нутгийн иргэд ч жишиг гудамж, хороо байгуулдаг болоод уджээ. Жишээлбэл, 2016 онд Дархан-Уул аймгийн 80 гаруй өрх хамтран гурван гудамж "ногооруулсан”. Энэ мэтчилэн өрх бүр өөрсдийн оршин суугаа газраа тохижуулж, иргэний үүргээ биелүүлж, бусдадаа үлгэрлэх болов. Тэгвэл иргэдийн тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд төрөөс ямар ажил хийж байна вэ. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд жишиг гудамж, хороо, дүүрэг байгуулахаар төр, засгаас багагүй хөрөнгө зарцуулах болсон. Улсын төсвийн хөрөнгөөр байгуулж буй жишиг хороо, гудамж нь иргэдийн санал санаачилгаараа хийсэнтэй дүйж чадаж байгаа, эсэхийг сурвалжиллаа.

 

Хүрээнээс эхлээд Улаанбаатар хот болтлоо хөгжихөд нийслэлийн түүх, соёлын өв уламжлалыг хадгалан үлдсэн газар бол Гандантэгчэнлин хийд. Гандангийн дэнжийн гэр хороолол нь 55 га талбайг хамардаг бөгөөд 31 гудамж, 857 хашаатай. Үүнд 1875 өрх оршин суудаг бөгөөд 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дээрх газрыг аялал жуулчлалын гол бүс хэмээн зарлаж, жишиг гудамж байгуулахаар нийслэлийн үе үеийн удирдлага 20 гаруй жилийг зарцуулсан гэхэд хилсдэхгүй. 2017 онд гэхэд 67 нэгж талбарын долоог нь чөлөөлж, жишиг гудамж байгуулахаар болсон байдаг. Үүнээс өмнө буюу 2013 онд Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа "Гудамж” төсөл хэрэгжүүлж, хоёр гудамж тохижуулан, авто болон явган хүний зам тавьсан. Мөн тухайн гудамжинд дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ тавьсан юм. Үүний үргэлжлэл болгож өнгөрсөн онд дөрвөн гудамж тохижуулахаар болсон.

Дээрх ажлыг хийж дууссан ч аялал жуулчлалын гол бүс хэмээн зарласан Гандантэгчэнлин хийдийн ойр орчмын газар өдгөө яндан өрдөж, ялгадас ханхлуулсан хэвээр. Гавьтай хийсэн ганц зүйл нь Орхоны зургадугаар гудамжийг тохижуулсан явдал. Дээрх гудамжны бүх айл ижил хашаа, хаалгатайгаас гадна явган хүний болон автомашины чулуун зам, гэрэлтүүлэгтэй болсон. Харамсалтай нь, хаалга, хашаа нь сайхан болсон ч өнөөх л нүүрс түлж, хог, бохироо хаа сайгүй асгадаг дүр зураг хэвээр. Тэр ч бүү хэл, тохижуулсан гэх зарим гудамж нь явган хүний замгүй байх жишээтэй. Төр, засаг энэ мэтчилэн жишиг нэртэй гудамж, хороо байгуулах нэрээр жингүй ажил хийдгээ хэзээ болих вэ.

 

Сүүлд хийсэн зарим ажлаас дурдъя. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, "Мог пластик” компанийнхан хамтран Баянзүрх дүүргийн XXVI, Хан-Уулын I хороонд хог хаягдлыг бууруулах цогц менежментийн ажлыг өнгөрсөн долдугаар сард эхлүүлсэн. "Тэдгээр хороонд хог ангилан ялгах цэг байгуулсан бөгөөд жишиг хороо болгох зорилт тавин ажиллаж байна” гэж холбогдох байгууллагууд мэдээлсэн удаатай. Жишиг хороо болох зорилттой, хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн дээрх ажлын явцтай танилцлаа.

Хан-Уул дүүргийн I хороонд хог ангилан ялгах зориулалт бүхий найман сав байршуулжээ. Тус хорооны нутагт байрлах "Эрэл”, "Шинэ-Өргөө” зэрэг хотхоны хашаанд гурван ч савыг нэг метр хүрэхгүй зайд байршуулсан байв. Эл хогийн сав архи, шар айраг, даршилсан ногооны шил, цаас, хуучин хувцас, гялгар уут, хуванцар сав зэргийг ангилан хаях зориулалттай. Иргэд ч үүргээ сайн биелүүлж хогоо ялгаж хаяжээ. Зарим овор томтой цаасан хайрцгийг эвхэж, жижиглээд хогийн савны хажууд өрсөн байв. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр бүх хогийн сав ийм байсангүй. Хогийн савны хажууд ахуйн гаралтай, ангилан ялгах боломжгүй хаягдал хийх зориулалт бүхий цэг бий. Эвдэрч, муудсан эл цэгээс ялзарч, муудсан хаягдлын үнэр нэвт ханхлахын зэрэгцээ ойр орчмынхоо өнгө үзэмжийг гутаах аж. Үүнийг нь харсан хэн ч дээрх газрыг жишиг хороо гэхгүй л болов уу.

Ангилан ялгах зориулалттай хогийн сав байршууллаа гээд жишиг хороо болчихгүй. Тиймээс жишиг хороо гэх стандартад нийцүүлэхийн тулд өөр ямар ажил хийж буй талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханаас тодруулахад "Хан-Уулаа бид 2016 оноос эко дүүрэг болгох зорилт тавин ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд зам, талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барих суурь ажлыг гүйцэтгэлээ. Дөрвөн жил гэдэг богино хугацаа учир чанартай, шуурхай ажиллах боломжгүй. Тиймээс цаашид дээрх бүтээн байгуулалтыг шат дараатайгаар хийнэ. Өнгөрсөн хугацаанд манай дүүргийн ногоон байгууламж дөрөв дахин нэмэгдсэн. Гэвч иргэд үүнийг анзаардаггүй. Тиймээс орчноо бохирдуулах, хайр гамгүй хандах иргэн цөөнгүй байна. Уг нь жишиг дүүрэг болоход иргэдийн оролцоо чухал үүрэгтэй” гэв. Жишиг дүүрэг болохын тулд улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулж байгааг тодруулахад "Мэдэхгүй” гэсэн юм. Бодит байдал дээр дөрвөн жилийн хугацаанд дээрх ажлаас өөрийг хийгээгүй гэдэг чамлахаар. Уг нь эко дүүрэг болохын тулд ногоон байгууламжаас гадна халаалт, бохирын шугам сүлжээ, хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, иргэдэд ээлтэй байх гээд олон шалгуурыг давах ёстой сон.

 

Өөр нэгэн жишээ дурдъя. Чингэлтэй дүүргийн VII хороо 4000 орчим өрх, 14 000 гаруй оршин суугчтай. 2017 онд дээрх хорооны нутаг, Хөтөлийн-17 буюу Зурагтын эцэст "Шинэ хороо” төсөл хэрэгжүүлж, жишиг гудамж бий болгосон. Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран улсын төсвөөс нэг тэрбум төгрөг гаргаж, дээрх ажлыг хийсэн. Цахилгаан, бие даасан инженерийн шугам сүлжээ бүхий жишиг хороо, шилдэг гудамж бий болгохын тулд 54 өрхийг эл төсөлд хамруулсан. Төсөлд зарцуулсан нийт хөрөнгийг дээрх өрхийн тоонд хуваарилбал нэг айлд 18.5 сая төгрөг ногдоно гэсэн үг. Өдгөө уг жишиг гудамжинд очвол хашаа, хаалга сайтай, хэн ч харсан өнгө үзэмжтэй гэж дүгнэх байх. Харин дотор нь өнөөх л нүхэн жорлон, эвдэрхий шахам байшин, хур хогоо энд тэндгүй овоолж, угаадсаа хаа сайгүй асгасан харагдана.

Үүнээс гадна өнгөрсөн онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хамтран XIII хорооны нутаг, Сургуулийн 41 дүгээр гудамжийг жишиг болгохоор 42 айлын хашааг шинэчилсэн.

Мөн л дөрвөн талт хашааны урд талынхыг нь л "гялалзуулж”, хүний нүд хуурсан юм. Уг нь бол жишиг хороолол, гудамж гэдэг нь бусдадаа үлгэрлэх, даган дуурайлгах зорилго бүхий бүтээн байгуулалтыг хэлэх бус уу. Гэвч ачир дээрээ иргэд эдгээр жишгийг даган дуурайж, үлгэрлэх нь битгий хэл, шүүмжилж байна.

Жишиг гэх стандартад энэ мэтчилэн нийцээгүй "жингүй” бүтээн байгуулалт хийж улсын төсвийг дэмий үрэх хэрэг байна уу. Бүтээлч сэтгэлгээгээр хашаа, байшингаа тохижуулж, бусдад үлгэрлэж буй өрхийн хажууд төрөөс хэдэн арван тэрбумаар нь хөрөнгө цацан байж босгосон жишиг хороо, гудамжны өнөөгийн төрх дэндүү болхи аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.