|
Видео

Шинэ мэдээ

“Ард түмний зарц” В.Зеленский амласандаа хүрсэн үү?

“Ард түмний зарц” В.Зеленский амласандаа хүрсэн үү?

 


Ард түмнийхээ асар их итгэлийг хүлээсэн Владимир Зеленский яг нэг жилийн өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр Украин улсыг удирдаж эхэлсэн билээ. Сонгуулийн санал хураалтын II шатанд тэрбээр сонгогчдын 73 хувийн саналыг авч ялалт байгуулсан юм. 

Олон украинчуудын хувьд Зеленский бол "Ард түмний зарц” цуврал киноны гол дүр болох Василий Голобородько юм. Гэнэн итгэмтгий бөгөөд мэдлэг чадвар сайтай биш ч гэлээ маш шударга зантай, түүхийн багш Василий Украины ерөнхийлөгч болсноор улс орноо хөгжил цэцэглэлтэнд хүргэдэг.

Ийм ижил төстэй байдлыг шинэ ерөнхийлөгчийн багийнхан ашиглаж, Зеленскийн 100 хоногийн ажлыг тайлагнахдаа хэвлэлийн хурал хийсэнгүй, харин тун нарийн мэдрэмжтэйгээр монтажилсан киногоо үзүүллээ. Уг баримтат кинонд "Ард түмний зарц” цувралд Ерөнхий сайдын дүрийг бүтээсэн жүжигчин Станислав Боклан ерөнхийлөгч Голобородькогийн дүрийг бүтээсэн Зеленскийгээс ярилцлага авч байх юм.

Харин яг бодит амьдрал дээр Зеленский киноны гол дүрийн хувьд зүүдэнд нь ч оромгүй сорилтуудтай тулгарсан юм. Коронавирусний цар тахал дэгдсэн учраас тэрбээр Голобородьког дууриан ОУВС-гийнхныг хөөж явуулж чадсангүй. Киноны гол баатрын хувьд Минскийн энхийн үйл явцыг сэргээх, орон нутгийн сонгуульд намаа ялуулахын тулд толгойгоо гашилгах хэрэггүй байсан билээ. 

Гэсэн хэдий ч нэр хүндийн чансаагаараа Зеленский Украины улстөрчдийг тэргүүлсэн хэвээр байна. Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших хугацаандаа тэрбээр чухам юу хийж амжуулсан бэ? Украин улс өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Донбассын дайн дуусаагүй боловч олзлогдогчдыг солилцсон нь

Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр "Зүгээр л буудалцахаа больчих хэрэгтэй” хэмээн уриалан мэдэгдэж байсан Зеленскийн хувьд Украины зүүн нутагт дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнийг үтэр түргэн зогсооно гэсэн нь бүтсэнгүй. Донбасст өргөн хэмжээний байлдааны ажиллагаа өрнөөгүй боловч фронтын шугамын ойролцоох нөхцөл байдал нь Минскийн хоёрдахь гэрээг байгуулснаас хойших сүүлийн 5 жилийн дүр зургаас төдийлөн өөрчлөгдсөнгүй.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Зеленский болон түүний багийнхан нэг бус удаа мэдэгдэхдээ "жаахан хүлээзнэчих, хэрвээ Минскийн үйл явц тасалдах аваас өөр арга замаар энхийг тогтоох хэрэгтэй болно” гэж байсан. Жаахан хүлээх хугацаа хэзээ дуусах талаар, Минскийн үйл явцыг хэрхэн өөрчлөх ёстой талаар Украины Ерөнхийлөгч огт ярихгүй байгаа юм.

Хэвлэлүүдэд хааяа нэг үзэгдэж буй мэдээллүүдийг үзвэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак хэлэлцээнд оролцож буй бүрэлдэхүүнийг өөрчлөхийг санал болгож байгаа ажээ. Хяналтаас гарсан газар нутгуудад /мужуудад/ энэ оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль явуулна гэж Украины эрх баригчдын амласан нь бодитой зүйл гэж төдийлөн харагдахгүй л байна.

Нөгөө талаас, "Штайнмайерын томьёолол”-ыг хүлээн авсныхаа хариуд Зеленский удаан хугацаанд зогсонги байсан "Нормандын формат”-ыг сэргээж, Парист В.Путинтэй уулзаж чадлаа. Хоёр удирдагчийн яриа хэлэлцээний үр дүнд олзлогдогчдыг хэд хэдэн удаа солилцсон боловч Киев-Москвагийн харилцаа хурцадмал хэвээр байна.

Хоёр орны хооронд агаарын тээврийн харилцаа сэргээгүй байгаагийн дээр дипломат харилцаа царцанги байдалд оржээ. "Нэг жилийн ой” болохоос долоо хоногийн өмнө В.Зеленский Оросын "Вконтакте",  "Одноклассники” нийгмийн сүлжээнүүд Украинд үйл ажиллагаа явуулахыг хориглосон Порошенкогийн шийдвэрийн сунгалаа.  

Уснаас хуурай гарсан нь

Д.Трампын импичментийн асуудал үүсэх гол шалтгаануудын нэг нь Зеленский байсан билээ. Өнгөрсөн оны 7 дугаар сард хоёр ерөнхийлөгч утсаар ярих үеэр Трамп өөртэй нь сонгуульд өрсөлдөж магадгүй байгаа Жо Байдений  хүү болох Хантер Байденд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг Зеленскийгээс шаардан дарамталжээ.

Зеленский хадны завсарт хавчуулагдсан мэт байдалд орлоо. Тухайн үед тэрбээр ямар нэгэн үг хэлсэн бол Америкийн улс төрийн тавцанд өрсөлдөж буй аль нэг талыг дэмжсэн мэт ойлгогдохоор байв. Мөн Москватай сөргөлдөхөд нь маш чухал хэрэгтэй байгаа Америкийн хоёр гол намын дэмжлэгийг алдахаар байлаа.

Трамптай утсаар ярьсан яриаг нь Цагаан ордныхон Киевтэй зөвлөлдөхгүйгээр ил болгосон нь Зеленскийн хувьд тун таагүй гэнэтийн зүйл байв. Гэсэн хэдий ч Зеленский Америкийн улс төрийн хэрүүл маргаанд татагдан оролгүйгээр уснаас хуурай гарч чадсан болой. Энэ талаар тэрбээр хошигнон ярихдаа "дуулиан шуугиан намжсаны дараа Америкийн иргэн бүр газрын зураг дээр Украиныг олж чадахаар боллоо” гэжээ. 

"Турбо горим"-оор ажилласан Дээд Рад

Тангараг өргөснийхөө дараа Зеленский үг хэлэхдээ 2014 онд байгуулагдсан Дээд Радыг тараана гэдгээ мэдэгдсэн билээ. Тэртэй тэргүй хагас жилийн дараа парламентын сонгууль болох гэж байгаа атал шинэ ерөнхийлөгч асар өндөрт байгаа өөрийн нэр хүндийн чансааг бататгах, төр засгаа шинэчлэх гэсэн ард түмний хүсэл эрмэлзлийг парламент дахь өөрийн талынхны хүчирхэг отряд болгон өөрчлөхийг яаравчлав.  

Түргэвчилсэн байдлаар байгуулагдсан Зеленскийн "Ард түмний зарц” нам өнгөрсөн оны 7 дугаар сард гайхалтай ялалт байгуулснаар Украины түүхэнд анх удаагаа парламентын үнэмлэхүй олонхийг бүрдүүллээ.  

Дээд Радад маш олон шинэ хүмүүс орж иржээ. Тодорхой хэлэх аваас, нэр дэвшигчдийн зарим нь интернэт сүлжээнд анкет бөглөөд л Зеленскийн намд орсон гэж болно. Карпатын Трускавец гэдэг сувиллын газарт зохион байгуулсан "залуу депутатын сургууль”-д номын дуу сонссон парламентын шинэ гишүүд өөр хоорондоо болон хууль тогтоох үйл ажиллагааны онцлогуудтай танилцжээ.

Байгуулагдсаныхаа дараах эхний саруудад Дээд Рад "турбо горим”-оор ажиллалаа. Системийн шинжтэй олон тооны хуулиудыг бараг хэлэлцэлгүйгээр түргэвчилсэн горимоор баталсны улмаас тэдгээрийг хэрэгжүүлэх явцад алдаа дутагдал нь ил гарч ирэв.  

Дараа нь хэсэг хугацааны дараа "турбо горим” эрчээ алдаж эхэллээ. Энэ нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, бүхнийг чадагч Андрей Богдан огцорсноос болов уу? Эсвэл хэт олон хүнтэй ерөнхийлөгчийн фракци ашиг сонирхлын бүлгүүдэд хуваагдсанаас үүдэлтэй юү? 

Хэнийг ч шоронд суулгасангүй

"Хавар болохоор суулгах болно” гэсэн ухуулгын биллбордоороо улс орныхоо талыг бүрхээд байсан хүний хувьд Зеленский дэмжигчдийнхээ итгэл найдварыг биелүүлж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй.

Төрийн эрхийг авснаас хойших нэг жилийн дараа бараг бүх хууль сахиулах байгууллага Зеленскийн хяналтанд орсон. Түүний намынхан олонхийг бүрдүүлж буй Дээд Рад депутатын халдашгүй дархан эрхийг нэлээд хязгаарласан билээ.

Гэвч энэ бүхэн нүдэнд харагдахуйц үр дүн авчирсангүй. Шинэ төр засгийнхан биш юм аа гэхэд өмнөх парламентын гишүүд болон өндөр албан тушаалтнуудаас нэг нь ч шүүхээс ял сонссонгүй.  

Эдийн засгийн өсөлтийг коронавирус залгив

Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байх үед нь Зеленскийг "эдийн засгийн ямар ч мэдлэггүй хүн” гэж шүүмжилж байсан бөгөөд ийм хүн сонгогдсон тохиолдолд Украины эдийн засаг сүйрэн унаж, гривеньтэй харьцах долларын ханш хэд дахин өснө гэж өрсөлдөгчид нь сонгогчдыг айлгаж байсан юм. 

Гэвч ийм гутранги таамаглал биелсэнгүй. Өнгөрсөн оны дүн мэдээгээр Украины эдийн засаг 3 хувиар өсөж, гривений ханш чангарчээ. Харин 2019 оны сүүлчээр аж үйлдвэрийн салбарын өсөлт удааширч, зарим салбарт цалин саатаж  байгаа тухай мэдээлэл тархсан нь Украины түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болох Алексей Гончарукийн тэргүүлсэн засгийн газрыг огцроход хүрсэн гол шалтгаануудын нэг юм.

Үүний сацуу коронавирус тархсан нь тус улсын эдийн засагт хүнд цохилт боллоо. 3 дугаар сард тогтоосон хөл хорио жижиг бизнесийг үндсэнд нь зогсоосны зэрэгцээ Европын карантины улмаас олон зуун мянган цагаач ажилчид эх орондоо буцаж иржээ.

Украинд хөл хориог үе шаттайгаар цуцалж байгаа ба коронавирусний цохилт эдийн засагт хэр хүнд туссан бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ ямар ч байсан дефолтын аюул холуур тойрч өнгөрөв бололтой. ОУВС-тай шинэ хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилласны хүчинд Украин улс "турбулент урсгалын бүс”-ээс гарч чадлаа.  Тус сангаас зээл олгохдоо хөдөө аж ахуйн эдэлбэр газрын зах зээлийг нээлттэй болгох, банкны тухай "Коломойскийн эсрэг” хуулийг батлах явдлыг нөхцөл болзол болгон тавьсан байна. 

Банкны тухай хууль нь Зеленскийг олигарх И.Коломойскийтэй муудалцуулж тун магадгүй юм. Гэсэн хэдий ч сонгуулийн үеэр өөрийг нь дэмжиж байсан Коломойский ба ОУВС-гийн шаардлага хоёрын аль нэгийг сонгохоос аргагүйд хүрсэн Зеленский ОУВС-тай түншлэхийг илүүд үзжээ.  

Саакашвилиг буцааж авчирсан нь

Шинэ төрийн тэргүүний явуулах хүний нөөцийн бодлого бол түүний дутагдалтай талуудын нэг гэдэг нь тангараг өргөхөөс нь өмнө ойлгомжтой байсан. Нэг талаас нь харвал, өчигдөрхөн хошин шогийн жүжигчин байсан түүний багт улс төрийн туршлагатай хүмүүс туйлын цөөхөн байлаа. Нөгөө талаас, Украины улс төр дэх хүмүүсийг бүгдийг нь солино гэж амлан гарч ирсэн Зеленский "хуучин кадрууд”-тай хамтран ажиллах боломжгүй юм.

Ийм учраас зарим өндөр албан тушаалуудыг Зеленскийн "Квартал 95” гэдэг хошин шогийн студитэй холбоо хамаарал бүхий хүмүүс эзэлснээс гадна шинэ ерөнхийлөгчийн багт нийгмийн янз бүрийн давхаргуудын төлөөлөгчид, улс төр, эдийн засгийн янз бүрийн байр суурь үзэл бодолтой хүмүүс, бизнесийн янз бүрийн бүлэглэлд багтдаг ба мэдлэг чадварын хувьд харилцан адилгүй хүмүүс багтжээ. 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Зеленский Тамгын газрын даргаа, мөн ерөнхий прокурор, аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, ерөнхий сайд болон засгийн газрын ихэнх гишүүдийг халж сольсон байна.

Зеленскийн гаргасан учир битүүлэг нэгэн шийдвэр бол Гүржийн ерөнхийлөгч асан М.Саакашвилиг Украины засаг төрд буцаан авчирч ажиллуулж буй явдал юм. Үүнийг намынх нь гишүүд бүгдээрээ дэмжсэн гэж хэлэх аргагүй бөгөөд Саакашвилиг шадар сайдаар томилоход хангалттай хэмжээний саналыг парламентын гишүүдээс цуглуулж чадсангүй. Эцэст нь,Саакашвили үйл ажиллагаа ба үүрэг роль нь тодорхойгүй Үндэсний шинэчлэлийн зөвлөл гэдэг байгууллагын даргаар томилогджээ. 

Титэм вирусний эсрэг тэмцэл

Коронавирусний цар тахал Украиныг гэнэтийн хүнд байдалд орууллаа. Нөхцөл байдал хүндэрч байсан эхний долоо хоногуудад тус улсад амны хаалт, эмч нарын хамгаалалтын хувцас, аппарат хэрэгсэл асар их хомсдолтой байв.

...Полтав мужийн Новые Санжары хотын оршин суугчид Хятадаас ирж тусгаарлагдаж буй хүмүүсийг суулгасан автобусыг явуулахгүй хааж, чулуу шидэж буй дүрс бичлэг дэлхий даяар цацагдаж байлаа.  

Нөгөө талаас, эрх баригчид маш хурдан сэхээ авч, өвчний цар хүрээ төдийлөн тэлээгүй байсан үед маш хатуу чанга хөл хорио тогтоожээ. Цар тахалтай хийж буй тэмцлийн явцын талаар Зеленский өөрөө бараг өдөр бүр шахам дүрс бичлэгээр ард түмэндээ хандан тайлагнаж байв. Тэрбээр хэсэг хугацаанд ерөнхийлөгчийн тамгын газрын байранд амьдарч, сахлаа хусаагүй байдалтайгаар үг хэлж байв. 

Коронавирустэй хийж буй тэмцэл дуулиан шуугиангүй өнгөрсөнгүй. Шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ажлыг Эрүүл мэндийн яам хэт удаашруулж, коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойших эхний сард сайн дурынхан ба хандивлагчдын өгсөн мөнгөөр бүхий л ажлыг зохицуулж байв.

Хятадын үйлдвэрээс худалдан авсан эмч нарын хамгаалалтын хувцас нь Украинд үйлдвэрлэдэг ийм төрлийн бүтээгдэхүүнээс илүү үнэтэй байснаас гадна Хятадад үүссэн давагдашгүй хүчин зүйлийн улмаас тэдгээр хувцсыг Украинд тээвэрлэн авчрах боломжгүй болжээ. Цар тахлын голомтод ажиллаж буй эмч нарт 300 хувийн  нэмэгдэл цалин олгоно гэж амласан боловч амлалтаа биелүүлсэнгүй.   

Ерөнхийлөгчийн намыг түгшээж буй орон нутгийн сонгууль

Төрийн тэргүүн болсноосоо хойших нэг жилийн хугацаанд Зеленский урьдын адил Украины хамгийн нэр хүндтэй улстөрч хэвээр байна. Хэрвээ ойрын үед сонгууль болбол тэрбээр эхний шатанд жилийн өмнөхөөс дутуугүй тооны санал авах боломжтой харагдана.

Гэхдээ нөхцөл байдлыг үүлгүй цэлмэг тэнгэр мэтээр төсөөлөх хэрэггүй.

Ерөнхийлөгчийн тэргүүлдэг "Ард түмний зарц” намын нэр хүндийн чансаа алгуур буурсаар байгаа нь 10 дугаар сард хийхээр товлосон орон нутгийн сонгуулийн өмнө эрх баригчдыг түгшээхгүй байхын аргагүй.

Гэхдээ ямартаа ч Зеленский өнгөрсөн нэг жилийн хугацаанд авлигын дуулиан шуугианд орооцолдоогүй гэдгийг үнэлэн зөвшөөрөх хэрэгтэй. Харин тэрбээр олон нийтэд мэдэгдэлгүйгээр Оман руу явсан, Ерөнхийөгчийн Тамгын газрын дарга А.Ермакийн төрсөн дүү нь албан тушаалд хүмүүсийг томилсны төлөө авч өгөлцдөг мөнгөний талаар хэсэг хүмүүстэй ярилцаж байсан бичлэг зэрэг нь Зеленскийн нэр хүндэд ноцтойгоор нөлөөлөөгүй юм. 

 

Б.Адъяа

Эх сурвалж: www.bbc.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.