| |
Хөлбөмбөгийн багууд дампууралд ойрхон байна
- Дээрээсээ гурав дахь дивизионд тоглодог "Транмер роверс" багийг эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ
Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COVID-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн "Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Европын ТОП таван лигийн багууд коронавирусийн улмаас хэдийн дөрвөн тэрбум еврогийн алдагдал хүлээгээд байгааг ВВС мэдээллээ. Хөрөнгө зоорь ихтэй том багууд хямралыг яаж ийгээд даваад гарах бол өдөр хоногоо арай ядан аргацаадаг багачууд энэ дарамтыг тэсэж чадалгүй дампуурахад ойрхон байгааг Английн гуравдугаар дивизионы "Гиллингэм” багийн эзэн Пол Скалли тайлбарлав. "Доод лигийн багууд зардлаа хэрхэн бууруулах талаар байнга зөвлөлдөж байгаа. Гэхдээ Премьер лигийн зүгээс биднийг ямар нэг байдлаар дэмжих нь маш чухал байна. Хэрэв дээд удирдлагаас дэмжлэг ирэхгүй бол дампуурлаа зарлах клуб маш олон байх болно” хэмээн тэр ярьжээ. Английн хөлбөмбөгт мэргэжлийн болон хагас мэргэжлийн ангиллын 700 гаруй баг бий. Амжилт гаргавал дээш өгсөж, тааруухан тогловол доош урууддаг энэхүү системийг бий болгож, багуудыг өнөөгийн хэмжээнд хүргэхэд 100 гаруй жил шаардагдсан. Тэгвэл коронавирус хэмээх аюулт өвчин энэхүү системийг ганцхан жилийн дотор үгүй хийж магадгүй болжээ. Цагтаа Английн шигшээд тоглож явсан Жейми Реднапп Премьер лигийн багуудыг доод лигийнхэндээ туслах ёстой гэсэн санааг мөн илэрхийлсэн байна. Хэдийгээр Премьер лигийн багууд Английн хөлбөмбөгийг дэлхий дахинд төлөөлдөг ч жижиг багууд бүхий энэ систем үгүй бол Английн хөлбөмбөг оршин тогтнох аргагүй болно. "Гиллингэм”-тэй адил дээрээсээ гурав дахь дивизионд тоглодог "Транмер Роверс” багийн эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ. "Транмер” шиг жижиг багийн хувьд хагас сая фунт гэдэг асар их мөнгө гэдэг нь тодорхой. Нөхцөл байдал зөвхөн Англид хүндрээд байгаа юм биш. Францын багуудад ч дампуурал гэдэг үг тун ойрхон сонсогдож байна. Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COVID-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн "Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Тус улсын багуудын амссан алдагдал бараг тэрбум еврод дөхөж очоод байгаа юм. "Хэрэв энэ хөл хорио зургаан сарын турш үргэлжилбэл Францын хөлбөмбөгийн маш олон клуб дампуурлаа зарлах болно” хэмээн тэрбээр өгүүлжээ. Гэхдээ коронавирусийн халдвар хөлбөмбөгт сайнаар нөлөөлөх талтай гэнэ. Учир нь энэ их хямралын дараа багууд солилцоо наймаанд асар их мөнгө зарцуулдаг эрүүл бус үзэгдэл арилна гэж үзэж буйгаа "Бавари Мюнхен” клубийн ерөнхийлөгч асан Ули Хёнесс илэрхийлжээ. "100 болон түүнээс дээш сая еврогийн үнийн дүнтэй наймаа ойрын жилүүдэд дахин болохгүй биз ээ. Энэ хямрал хөлбөмбөгийн солилцоо наймааны солиорлыг хөрсөнд нь буулгаж байгаагаараа сайн талтай. Ингэж байж хөлбөмбөгийн ертөнц эрүүлжинэ” хэмээн Хёнесс өгүүлсэн байна. Байдал хүндхэн байгааг хүн бүр ийнхүү хүлээн зөвшөөрч байна. Тэдний хувьд хөл хорио тийм ч удаан үргэлжлэхгүй байх гэсэн өөдрөг сэтгэл тээсээр яваа. Хэрэв карантин дахин хагас жилийн турш үргэлжилбэл спортын маш олон клуб дахин сэргэхгүйгээр дампуурах эрсдэл нүүрлэх нь.