| |
Видео
Шинэ мэдээ
Л.Лхаасүрэн: Тэс омгийн адуу өвөлдөө -50, зундаа +38 хэм хүрдэг нутагт дасан зохицож нутаглаж байна
Тэс омгийн адууг 2019 оны 11-р сард ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар шинэ үүлдрээр баталж энэхүү адуу нь олон улсын генийн санд орсон билээ. Энэхүү адууг үүлдэр болгохоор олон жил судалгаа, шинжилгээний ажил хийсэн Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэнтэй уулзаж Тэс омгийн адууны судалгаа, онцлог чанаруудын талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Тэс омгийн адууг үүлдэр болгон баталлаа. Энэ ажил таны хэдэн жилийн хөдөлмөр вэ?
-Мал аж ахуй нь манай орны суурь эдийн засгийн үндэс, ард иргэдийн амьжиргааны эх сурвалж юм. Монгол хүн монгол малыг гэршүүлж бий болгосон түүхтэй. Манай ард түмэн мал сүргийг арчлан хамгаалах, сувилан эмчлэх, өсгөн үржүүлэх арвин баялаг уламжлалтай билээ. Тиймээс малын ашиг шимийг дээшлүүлэх ажлын хүрээнд аймгийн байгаль цаг уурын бүсээр таван төрлийн малын байршил, ашиг шимийн онцлогт 1965 оноос судалгаа явуулж, нийт сум аж ахуйн малыг хамруулан 1 118,0 мянган үржлийн малд шилэн сонголт, ангилалтыг малчид мэргэжил нэгт нөхдийн хамт хийсэн байна.
Тухайлбал Тэсийн хурдан удмын адуу, Завхан-Хүнгий голын тэмээ, Борх, Буянт, Идэрийн үхэр, "Сартуул” хонь "Завхан-буурал” ямаа зэрэг онцлог ашиг шимт малыг илрүүлж тэдгээрийн тархалт, биологийн онцлогийг судалснаар, үржлийн ферм хэсэг, тэмээний гурав, адууны хоёр, үхрийн тав, хонины 13, ямааны тав, ферм хэсэг 28-ийг байгуулжээ. Үүнээс Тэсийн голын азаргыг гурван аймгийн 31 суманд хээлтүүлэгчийг авч, өөрсдийн тухайн төрлийн малын ашиг шимийг дээшлүүлэхэд, үндсэн сайжруулагчаар ашигласан байна. Монгол адууны анхны фермийг зоотехникч миний бие анх 1971 онд Тэсийн голын сав нутаг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэгээс эхлэн Завхан аймгийн Баянтэс, Тэс, Баянхайрхан, Сонгино, Увс аймгийн Тэс хүртэлх сумдыг хамруулан адуун сүрэгт явуулын судалгааг хийсэн. 1973 онд Завхан аймгийн Тэс суманд, 1974 онд Баянтэс сумын бүх адуунд 24 үзүүлэлтээр шилэн сонголтыг хийж, шилмэл 854 адуугаар үржлийн ферм байгуулж, фермийн бүх адуунд ангийн им, тэмдэг, удмын нууц шивүүр тоог чихэнд нь хийж, биед нь аж ахуйн оноосон тамгыг дарж, бүрэн бүртгэлжүүлж анги чанарыг нь тогтоосон байгаа. Энэхүү ферм нь манай улсын монгол адууны анхны ферм төдийгүй Завхан аймгийн адуун сүрэгт хийж байсан анхны судалгаа шинжилгээний ажил юм. Тэс удмын адуунд судалгаа явуулж, анхны фермүүдийг байгуулахад Тэс, Баянтэс сум нэгдлийн дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар асан Я.Дашпунцаг, Ц.Гэцэнпилжээ, намын үүрийн дарга асан Тэрбиш, Пүрэвээ, эдийн засагч Ө.Цэрэндорж, Ж.Дамдинсүрэн, сум нэгдлийн орлогч Өлзийбаяр, Загдаа, Авгаанзундуй, ня-бо Лхамрагч, Бадамдорж, малын мэргэжилтэн Г.Ванчиндорж, Энэбиш, Мияадорж, Норсон, эвлэлийн Довдоонов, бригадын дарга Галиндэв, Отгон, Гэндэн, малчин Даваасамба, Б.Цэрэнсодном, Сангаа, Лханаа, М.Эрдэнээ, Б.Магсаржав нарын зэрэг хүмүүс хамтран ажиллаж байсан түүхтэй. Эдгээр хүмүүс маань фермийн адууг анги чанараар суурилах түүний ашиг шимд судалгаа явуулах, хээлтүүлэгч азаргыг шинээр тавьж бусад аймаг сумдын захиалгад азаргыг бэлтгэж өгөх зэргээр, цөм сүргийг бүрдүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж байсныг дурсахад таатай байна.
Адууны анхны ферм байгуулж Тэс удмын адууг өсгөн үржүүлэхэд тэр үеийн аймгийн дарга Ш.Агваансодов, ХАА-н газрын дарга Д.Баатархүү, орлогч С.Уртбаяр нар ихэд анхаарал тавьж дэмжиж байсан юм.
Тэс удмын адуунд мэргэжлийн шилэн сонголтыг хийж, монгол адууны фермийг байгуулж түүнээс үржлийн хээлтүүлэгчийг бойжуулж бусад аймаг сумын адууны чанарыг сайжруулж, үржил селекцийн ажлын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн зоотехникч миний бие 1976 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооноос Тэс омгийн адууны патентыг авсан байгаа.
Ийнхүү Алдархааны үйлдвэрлэл туршлагын станцад Тэс омгийн янз бүрийн нас хүйсийн 50 адуу Баянтэс сумын үржлийн фермийн 50 адууг тус тус сонгон авч таван жилийн хугацаанд ашиг шим, бүтээгдэхүүний судалгаа хийж зарим дүгнэлтийг гаргасан байдаг. Тухайлбал Тэс адууны жин, мах, сүүний гарц, химийн найрлагыг тогтоож түүний биеийн үзүүлэлт, биологи онцлогийг судалсан юм.
Адууны ферм байгуулсан ажлын дүнг сум, аймгийн нам захиргаа, нэгдлийн зөвлөлийн хурлуудаар хэлэлцэн тогтоол, захирамж, шийдвэрүүдээр баталгаажуулж үржлийн ажлын хэтийн чиглэлийг тэр үед тогтоон ажиллуулсан байдаг юм. Манай аймгийн 19 сум, гаднын зургаан аймаг, 508 тооны Тэс удмын азаргыг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станц, Баянтэсийн адууны үржлийн фермээс адуун сүргийнхээ чанарыг сайжруулах зорилгоор худалдан авч ашигласан түүхтэй.
Ийнхүү олон хүний хүч хөдөлмөрөөр 50 орчим жилийн судалгаа, эрдэм шинжилгээний дүнд 2019 онд Тэс адуу шинэ үүлдрээр НҮБ-ын ХХАА-н байгууллага ФАО–д бүртгэгдэж түүний хамгаалалт хяналтад байхаар боллоо. Үүлдрийн зохион бүтээгчээр миний бие, ХАА-н ухааны доктор Л.Чой-Иш, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц нарыг баталж, энэхүү үүлдрийн адууг бий болгоход олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан гурван аймгийн малчид, мэргэжилтэн, удирдах ажилтан 31 хүнийг Тэс адууны үүлдрийн идэвхтэй дэмжигчээр баталсан байгаа.
-НҮБ-ын ХХАА-н байгууллага ФАО–д бүртгэгдэнэ гэдэг нь ямар давуу талтай юм бол?
-Тэс үүлдрийн буюу үржлийн малын тоо толгой буурвал тухайн малыг хамгаалахад Олон улсын байгууллага анхаарч цаашид өсгөн үржүүлэхэд дэмжлэг үзүүлдэг юм. Тэгэхээр энэ бол маш үр дүнтэй ажил юм. Улс оронд ч малчдад ч хэрэгтэй ажил юм.
Нөгөө талаар Тэс адууг үүлдрээр батлуулсан нь сүүлийн үед Монголд үйлдвэрлээд байгаа "Адуу” брэндэд их чухал ажил болсон. Учир нь адууны тос, өөх нь кальци өндөр учраас эмчилгээний зориулалтаар адууны бүхий л эд эрхтнээс гаргаж авахгүй бүтээгдэхүүн байхгүй байна шүү дээ. Энэ брэндэд хамгийн их тохирсон нь "Тэс” үүлдрийн адуу юм. Энэ бол олон жилийн судалгааны үр дүн шүү дээ.
Гурван аймгийн нутгийг дамнан Тэс удмын
адуу өсөн үржиж байна
-Тэс удмын адуун сүрэг өнөөдөр ямар ямар аймагт байна вэ? Хэд орчим тооны адуу байгаа вэ?
-Увс, Завхан, Хөвсгөл аймагт бий. Эдгээр аймагт өсгөн үржүүлж байгаа Тэс удмын адуун сүрэг дээр Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц, хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Чой-Иш, миний бие хамтран ажилласан. Бид Тэс омгийн адууны аж ахуй, биологийн онцлогт эрдэм шинжилгээ, судалгааны иж бүрэн ажлыг, сүүлийн жилүүдэд эрчимтэй явуулсан байгаа. Тиймээс Тэс адуунд бий болсон удам бүлийг баталгаажуулахаар, адууны цусны дээжүүдээс ген буюу геномийн ДНХ-г Олон улсын нийгэмлэгийн лабораторийн стандартын дагуу ялган анализ хийж, дэлхийн бусад үүлдэртэй жишиж үзэхэд бие даасан (популяци) буюу үүлдэр болохыг судалгаагаар тогтоосон. Судалгааны үр дүнд ийнхүү 2019 онд Тэс удмын адууг бие даасан үүлдэр хэмээн баталлаа. Тэсийн голын 568 км уртын дагуу, гурван аймгийн байгаль, экологи онцлогоор нь гурван удам, зургаан бүл бүхий 100-аад мянган цөм сүргийн адууг ийнхүү дэлхийд данстай "Тэс” үүлдрээр баталсан юм.
-Нутаг бэлчээрийн онцлог энэ адууг өсгөн үржүүлэхэд нөлөөлж байгаа юу?
-Тэгэлгүй яах вэ. Тэсийн голын ай сав нутагт буюу манай аймгийн Их-Уулын Хуягт, Тосонцэнгэлийн Согоот, Тэлмэний Нуур, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Тэс сум мөн Түдэвтэй, Нөмрөг, Сонгино сумын арын багуудын өргөн дэлгэр газар Тэс үүлдрийн адуу нутаглаж байна. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд, өвөлдөө -50, зундаа +38 хэм болдог. Дээд тал нь зуны улиралд хөрсөндөө +66, өвлийн улиралд -54 хэм хүрч халуун, хүйтэн хоршсон нутагт Тэс адуу нутаглаж байдаг. Уул ус мод, өвс, ургамал тэгширсэн өгөөмөр баян нутаг Тэсийн голын ай савд манай аймгийн алдарт малчид Тэс угшлын адуун сүргээ олон зуун жилээр үе улируулан өсгөн үржүүлж ирсэн. Ойрын түүхээс сөхвөл, Тэс адуу нь Гэрсэнз түүний хүү Убаши хунтайж, Батмөнх даян хаан, Ойрадын Амарсанаа, Даваач, Хотгойдын Чингүнжав нарын дайчин эрчүүдийн хүлэг унаа байсан түүх бий.
-Тэс адууны онцлог, мах сүүний гарцыг тогтоосон гэлээ. Тодруулж хэлээч?
-Тэс адууны нядалгын гарцыг 9-13 насны найман адуун дээр хийхэд, нядалгын өмнөх жин 359.4 кг, нядалгын гарц 54,3 хувь, мах өөхний цэвэр гарц 77 хувьтай болохыг тогтоосон байгаа. Мөн гүүний саалийн хэмжээ, тарга, хүч, унагалсан тоо, нас, өдрийн саалтын тоо зэргээс хамаарч нэгж толгойгоос дунджаар 2,08 (0825-3,125) литр байсан. Өөрөөр хэлбэл саалийн гурван сарын хугацаанд 160-180 литр сүү авах боломжтойг тогтоосон юм.
Тохиромжтой хэвлийн адууны сэрвээний өндөр 126,4-133,0 см, цээжний бүслүүр 158,1-165,4 см, биеийн ташуу урт 134,8-138,6 см, шилбэний бүслүүр 17,3-18,6 см байна гэсэн дүгнэлт хийсэн байгаа. Ийнхүү Тэсийн голын 568 км уртын дагуу, гурван аймгийн байгаль, экологи онцлогоор гурван удам зургаан бүл бүхий 100-аад мянган цөм сүргийн адуугаар, Тэс омгийн адуу 2019 оны 11-р сард ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн шийдвэрээр, шинэ үүлдрээр батлагдаж олон улсын генийн санд орсон. Ингээд Тэс адуу шинэ үүлдрээр НҮБ-ын ХХАА-н байгууллага ФАО –д бүртгэгдэж түүний хамгаалалт хяналтад байхаар боллоо.
-Тэс үүлдрийн адуу бусад адуунаас юугаараа онцлог юм бол?
-Тэс адуу нь усанд маш сайн мал.Бядтай адуу нь ямар ч гүнзгий усанд чигээрээ зүтгэж туулдаг. Эхээсээ дөнгөж төрөөд гурав хоносон унага нь гэхэд том адууны хондлойгоор татаж байгаа усанд эхийгээ дагаад гарах жишээний. Монголын бусад адуунаас биерхэг, эдэлгээний чадвар нь давуу байдаг. Монголын хамгийн хүйтэн, хамгийн халуун газар эрс тэс уур амьсгалтай экологид дасан зохицсон онцлог чанаруудтай. Тухайлбал гадна арьс нь зузаан, бусад нутгийн хурдан адуунаас ялгарах нэг онцлог нь таван км-ээс дээш давхиж байж бие нь халж хөлс нь гарч байдаг. Тавирдаг онцлогтой. Тэгэхээр Тэс үүлдрийн адуу хурдан байхаас аргагүй юм. Холын зайд уралдах чадвар сайтай байдаг.
Тийм учраас манай эндэхийн уяа сойлго зүүн бүсийн уяа сойлгоос өөр онцлогтой байдаг юм. Мөн манай эндхийн адууны бас нэг онцлог чанар нь адууны махны хурц үнэр, амт юм. Адууныхаа онцлог үнэрийг махандаа шингээсэн хурц үнэртэй байдаг. Миний багад ядуухан айл адууны махаар борц хийгээд түүнийгээ зун иддэг байж билээ. Хэдэн хот айлын цаанаас адууны борцны үнэр дангинаж байдаг сан. Тийм ч учраас өөр нутгаас ирсэн адууны идшийг манай нутгийнхан амт, үнэр муу байна гээд иддэггүй шүү дээ.
Ер нь адууны мах нь уургаар баялаг бөгөөд валин, фенилаланин, метеонин хүчил, цистин, аспаргин, серин, глютамин, тирозин хүчил зэрэг нь үхрийн маханд байдаг хэмжээнээс илүү байдгийг судалгаагаар нотолжээ. Адууны мах маш төгс чанартай уургийн нэгдэлд тооцогдоно. Мөн глютамины хүчил, альбумин, глобулин, миогены бүлэг уураг их байдаг учраас махны шимт чанар, шингэц сайн байдаг байна. Иймээс Монголчууд адууны махыг дүн өвлийн хүйтэнд хэрэглэдэг уламжлалтай. Адууны мах нь шувуу, загасны махтай их ойролцоо түргэн шингэдэг тэжээллэг чанартай мах юм.
Малын үүлдэр угсааг сайжруулснаар улсад болон
малчдад өндөр орлоготой болсон
-Та 50 орчим жил малын гарал үүслийг тодорхойлох, чанарыг сайжруулах ажлыг хийж байгаа гэлээ? Хийж байсан судалгааны ажлуудаасаа онцлон яриач?
- Миний бие хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 54 жил ажиллаж, хөдөө аж ахуй, мал үржлийн ажилд байнга анхаарал тавьж байна. Мал аж ахуй нь манай орны суурь эдийн засгийн үндэс, ард иргэдийн амьжиргааны эх сурвалж юм. Энэ сайхан салбарт ажиллах хүсэл зорилгыг өвөртлөн 1965 онд ХААИС-ийг Зоотехникч мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд малын ашиг шимийг дээшлүүлэх ажлын хүрээнд олон ажлыг амжуулжээ. Үржил селекцийн ажлыг явуулснаар сумдын тохиромжтой хэвшлийн цөм сүргийн малын тоог 380.0 мянгад хүргэжээ.
Мах ноосны хэвшлийн Сартуул үүлдрийн хонь гэхэд аймаг, улсын дунджаас, анги чанар, нас хүйсийн байдлаар 150-500 грамм ноос, Завхан-Буурал үүлдрийн ямаанаас 50-80 грамм ноолуур, фермийн үнээнээс анги чанарын ялгавраар 30-120 литр сүү, бог, бодын амьдын жин 2,3-6,0 килограммаар илүү, 100 эхээс төл таваас найман хувиар дээгүүр бойжуулж байжээ. Энэ нь аймгийн төлөвлөгөөний комиссоор болон, ферм хэсгийн үйлдвэрлэлийн даалгаврыг, анги чанараар ялгавартай тогтоож, нэгдэл аж ахуйд мөрдүүлдэг ажил байв.
Тухайлбал жирийн монгол үнээнээс 350 литр сүү, дэд тэргүүн, элит рекорд гэхэд монгол үнээний сууриудаас 400-600 литр гарч байв. Харин мах сүүний нэгдүгээр үеийн эрлийзээс 600-1300 литр сүү авч, жирийн монгол хонь 1350 грамм, нэгдүгээр ангийн ба шилмэл ангийн сууриас 1,6-2,0 кг бүдүүвтэр ноосыг ашиглаж, жирийн монгол ямаанаас 260 грамм ноолуур, нэгдүгээр ангийн ба шилмэл сууриас 360-410 грамм ноолуурыг бэлтгэдэг болж улс нийгмийн хөрөнгийг арвижуулдаг байжээ. 2010 онд гэхэд ХХААЯ, МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ажлын хэсэг гарч, омог, үүлдрийн малын ашиг шимийн түвшинд шалгалт хийхэд Завхан аймгийн шилмэл омог, үүлдрийн малын ашиг шим дунджаар 23,4 хувь нэмэгдсэнийг тогтоож байсан түүхтэй шүү дээ. Завхан аймаг нь хээлтүүлэгч малын үржлийн стандарт шаардлагыг тогтоосноор Тэсийн голын азаргыг гурван аймгийн 31 сум, Борх, Буянт, Идэрийн бухыг хоёр аймгийн зургаан сум, Сартуул үүлдрийн хуцыг 15 аймгийн 93 суманд. Мөн ОХУ-ын Буриад, Тува улс, Завхан-Буурал үүлдрийн ухныг найман аймгийн 38 сум аж ахуй, Киргиз улс, Говийн эрдэм шинжилгээний хүрээлэн, өөрийн аймгийн сумд гээд нийт дөрвөн төрлийн 25.649 хээлтүүлэгчийг авч, өөрсдийн тухайн төрлийн малын ашиг шимийг дээшлүүлэхэд, үндсэн сайжруулагчаар ашигласан байна.
Аймгийн хэмжээгээр ХАА-н байгууллагын тайлангаар, цэвэр эрлийз ба шилмэл омгийн малын ашиг шимийн гарц чанарын илүү, хээлтүүлэгч малын борлуулалтаас 1979 онд жилд 9,4 сая төгрөгийн орлого оруулж, 1,3 сая төгрөгийн цэвэр ашгийг нэмж олж байсан нь амжилт юм. Завхан аймгаас 1985-1990 онд, зөвхөн улсын төвлөрсөн бэлтгэлд, тушаасан хонины жинг, зэргэлдээх Баянхонгор, Говь-Алтай, Увс, Хөвсгөл аймгийн улсын төвлөрсөн бэлтгэлд тушаасан, хонины дундаж жингээс 1,5-4,5 кг-аар, нэгж толгой хонь илүү жинтэй тушаагдсанаас 4850.3 тонн мах буюу 115.483 толгой хонийг, ХАА-н байгууллагуудаас хэмнэжээ. 1989 онд гэхэд 1кг амьдын жингийн үнэ гурван төгрөг 60 мөнгө байхад 17461.4 мянган төгрөгийн орлого оруулсан нь малын үржил селекцийн ажлын бодит үр дүнгийн нэг жишээ юм.
1965 оноос малд зохиомол хээлтүүлгийг
туршиж эхэлсэн
-Малын үүлдэр чанар ашиг шимийг сайжруулахдаа эрдэм шинжилгээний туршилтыг Завхан аймагт анх хэдэн онд хийж байв.?
-Тийм ээ. Малын ашиг шимийг богино хугацаанд сайжруулах үндсэн аргын нэг нь зохиомол хээлтүүлэг буюу үр хөврөл суулгах арга гэж үздэг. Мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэл шаардагдах энэхүү ажлыг орон нутагт 1965 оноос эхлэн хийж эхэлсэн. Алдархаан сумын 201-256 үнээнд гурван жил, мах-сүүний чиглэлийн Семинталь, Алатау үүлдрээр зохиомол хээлтүүлгийг хийхдээ үржлийн биологийн шинжлэх ухааны ололтыг ашиглаж үнээний ороо, салсралтыг жигдрүүлэн жолоодох синхронизацийн аргыг аймагтаа анх туршин хэрэглэсэн. Үр дүнд нь 100 эхээс 82,6-96 хувийн эрлийз тугал авснаар саалийн үнээний хоёр фермийг бий болгож байсан. Тухайн үед үр суулгасан үнээнээс авсан сайн үүлдрийн тугалын тоогоор, аймаг улсад хамгийн өндөр амжилт үзүүлж яамнаас ажлын туршлагыг, шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх сэтгүүлд бичиж, аймаг баярын бичиг 1000 төгрөгөөр шагнаж байсан түүхтэй. 1987 онд Завхан аймагт саалийн механикжсан ферм шинээр байгуулахаар гадаадаас валютаар 450 үнээ авахаар төлөвлөсөн байсан юм. Үүнийг болиулж малчдын бий болгосон үнээнээс, үржлийн жишиг хангах 400 үнээг дотоодоосоо сонгон авч механикжсан саалийн ферм байгуулсан нь өнөөгийн ханшаар 600 сая төгрөгийг улсад оруулж мөнгөө хэмнэж байсан шүү.
-Завханы Буурал омгийн ямааны ноолуурын гарц өндөр, чанар нь ч сайн байдаг гэдэг?
-Тэгэлгүй яах вэ. Өнөөгийн зах зээлд малчид өдөр тутмын өргөн хэрэгцээний зүйлийг, хавар ямаанаасаа авсан ноолуураар зохицуулж байгаа боловч ноолуурын борлуулалт үнэ ханш нь ноолуурын нарийнлаг чанараас ихээхэн шалтгаалж байна. Иймд аймгийнхаа 24 сумын ямааны ноолуурын нарийнлагийг 15,0 микро-оос доош байлгах зорилго тавьж 1997 оноос үржлийн ухнад аттестатчилал хийж ноолуурын дээжийг авч лабораторидоо микроныг тогтоож эхний хоёр жилд 15,1-18,0 микронтой 47 ухныг үржлээс хасаж заазлах ажлыг хийсэн.
Холбогдох сум багийн Засаг даргад мэдэгдэл өгч мэргэжилтнүүдээр гүйцэтгүүлэх журмаар 7,3-8,9 мянган ухнын ноолуурын 11,3-15,4 микрон болгон жигдлэх ажлыг хийснээр ноолуурын чанар сайжирч малчин түмний ашиг орлого, борлуулалт дээшлэхэд бодит туслалцаа үзүүлж байсан. Аюурзанын 1972 оны 03-р сарын 20-ны удирдсан хуралд "Нутгийн шилмэл ямааны аж ахуй, биологийн онцлогийг судлах” арга зүй сэдвээр миний бие илтгэл тавьж эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, эрдэм шинжилгээний ажлыг дэд эрдэмтэн, төрийн соёрхолт Д.Цэрэнсономыг удирдахаар баталж байсан. Ингээд Завхан аймгийн говь завсрын бүсийн найман сумын ямаанд судалгаа, шилэн сонголт явуулж, үржил селекцийн ажлыг технологи арга зүйн дагуу амжилттай хийсэн. Улмаар цөм сүрэгт зуугаад мянган ямааг бүрдүүлж, ямааны биологийн онцлогт таван жил судалгаа шинжилгээ үржил селекцийн ажлыг явуулж, шинээр бий болсон нарийн ноолуур-махны хэвшлийн ямааг Шинжлэх ухаан техникийн улсын хорооны 1976 оны 1759 дүгээр шийдвэрээр, тулман хөхт ноолуурын удам, 1993, 2015 оны яамны сайдын тушаалаар "Завхан-Буурал” ямаа гэж нэрлэн үүлдрээр баталж, бүсийн хэмжээнд сайжруулагчаар ашиглах чиглэлийг тогтоон өгсөн байдаг. "Завхан-Буурал” ямааны техник нөхцөлийг 1986, стандартыг 2011 онд боловсруулан батлуулж, маллагааны технологийг гарган өдгөө малчид ашиглаж байна.
Зоотехникч хэмээх энэ сайхан мэргэжлийг эзэмшээд хөдөө орон нутагт 50 гаруй жил судалгаа шинжилгээний ажил хийсний үр дүн гарсаар байгаад баярлаж явдаг юм. Малчин иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд мэргэжлийнхээ ур чадварыг зориулж, шинийг сэдэж түүнийгээ ажил болгосноор шинэ бүтээл, оновчтой санал 19-ийг гаргаж, патентын гэрчилгээг авчээ. Ноос-махны хэвшлийн Сартуул хонь, Ноолуур-махны хэвшлийн Завхан буурал ямаа, Тэсийн хурдан удмын адууны цөм сүргээс малчид 3,4 тэрбум төгрөгийн орлогыг нэмэн олдог болжээ. Бойжуулсан 24,9 мянган хээлтүүлэгчийг, өөрийн аймгийнхаа 24 сум, 15 аймгийн 69 сум сайжруулагчаар авч ашиглажээ.
Мөн ОХУ-ын Тува, Буриад, Бүгд найрамдах Киргиз улс, хонь ямаан сүргийнхээ ашиг шим, амьдрах чадварыг дээшлүүлэхээр авсан байна. Аймгийн ХАА-г удирдах хугацаандаа ч энэ салбарын ололт амжилтын түүхийг бүтээлцэж байжээ. Тухайлбал VIII таван жилд хамт олны идэвхийг өрнүүлж ажилласнаар, аймаг маань жилд 17,3 мянган тонн үр тариа, 54,1 мянган тонн тэжээлийн ургамал, 32,6 мянган тонн байгалийн хадлан бэлтгэн хураан авч байсан нь өнөөг хүртэлх хугацаанд авсан ургацын дээд хэмжээ байжээ.
Түүнчлэн аймгийн мал сүргийг 429,6 мянгаар өсгөж 1962 оноос хойш 30 жилийн дараа улсын анхны хоёр саятан мал бүхий аймаг болжээ. Хөдөө орон нутагт бие дааж олон жил судалгаа шинжилгээ явуулж, хамт олонтойгоо хамт хөдөлмөрлөсний үрээр, 2002 онд ноос- махны чиглэлийн Сартуул хонийг, 2015 онд ноолуур-махны Завхан–Буурал ямааг, 2019 онд хурдан удмын Тэс адууг тус тус шинэ үүлдэр болгон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, олон улсын генийн санд бүртгэлтэй болгож дэлхийн малын үүлдрийн тоонд оруулах болсон нь миний зоотехникч мэргэжил эзэмшсэний хэрэг бүтлээ л гэсэн үг юм даа.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
Эх сурвалж:montsame.mn