|
Видео

Шинэ мэдээ

УРАН: Аманд орсон шар тос

УРАН: Аманд орсон шар тос

 

УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг /2024.11.21/-нл эцэслэн баталсан нь 27 жилийн турш гацаад байсан ураны төслийг урагшлуулах чухал хөшүүрэг болоод байна. Угтаа уран монголчуудын хувьд шинэ нэр томьёо, шинэ содон ойлголт байхаа болиод удсан. Монгол Улс 1948 оноос ураны судалгааг эхлүүлсэн түүхтэй. Улмаар 1997 онд хуучин нэрээр Кожеговь ХХК (Орано Майнинг компанийн охин компани) Монгол Улсад геологи хайгуулын ажлыг эхлүүлсэн юм. Ийнхүү 2006 онд 7000 гаруй тонны нөөцтэй Дулаан Уул, 2010 онд 93 мянга гаруй тонны нөөцтэй Зөөвч-Овоо гэх ураны ордыг нээж, албан ёсоор нөөцийг нь бүртгүүлсэн байдаг.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 10-т багтаж байна. Ашигт малтмал гэдэг ашигтай үед нь буюу дэлхийн зах зээл дээр үнэд хүрч байгаа үед нь олборлож, боловсруулж, экспортлохын нэр. Түүнээс биш алтан дээр суусан гуйлгачингийн үлгэрээр хав дараад хэвтчихвэл “Хорин шарыг минь хоёрхон хулгана идчихлээ гэж үү” гэж халагладаг шиг зүйл ч болж мэднэ.

Монгол Улсын экспортын голллох түүхий эд болох түүхий нүүрсний хэрэглээнээс дэлхий нийтээрээ татгалзахын сацуу, нүүрсний хэрэглээгээ жилээс жилд бууруулах амлалт өгч, үүрэг хүлээж байгаатай холбоотойгоор нүүрсний үнэ буурсаар байгаа нь гашуун үнэн юм.

Ийнхүү дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчөлтөд санаа зовниж нүүрстөрөгчийн хийн хэмжээгээ бууруулахыг зорьж байна. Тиймээс нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний найдвартай эх үүсвэр болох цөмийн эрчим хүчний хэрэглээнд шилжиж байгаа энэ үед цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох ураны эрэлт хэрэгцээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Өсөн нэмэгдэж байгаа эрэлтэд тулгуурлаж дэлхий дээрх цөмийн эрчим хүчний станцын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Дэлхийн цахилгаан эрчим хүчний 10 хувийг одоогоор ажиллаж байгаа 445 цөмийн реактор хангаж, шинээр 54 реактор баригдаж байгаа гэх тооцоо гарчээ. Олон улсын цөмийн энергийн агентлагийн “Улаан ном-2020”-д дэлхийн ураны эрэлт хэрэгцээ өнөөдөр 60 мянга тонн байгаа бол 2040 он гэхэд 100 мянган тоннд хүрч 67 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар дурджээ.

Товчхондоо, дэлхийд нөөцийн хэмжээгээрээ 10-т багтсан, Монгол Улсын уул уурхайн экспортын шинэ түүх, үүц болох ураны үнэ цэн ойрын жилүүдэд эрчимтэй өсөх эерэг хүлээлт эндээс харагдаж байна.

БАЙРАНДАА ҮЛДЭХ ҮҮ, БАЯЛГАА АШИГЛАХ УУ?

"Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор" гэдэг ардын сайхан үг бий. Бид өнгөрсөн хугацаанд ураны талаар эерэг болон сөрөг хангалттай олон таамаг дэвшүүлсэн. Уран бол монголчуудын хувьд эмзэг сэдэв байсан. Уран гэхээр  мал амьтан хордож үхдэг, хэдэн толгойтой төл төрүүлдэг, хүн байгалийг хордуулдаг цацраг идэвхтэй бодисоор төсөөлдөг цаг одоо ард үлдсэн гэж итгэж байна. Угтаа орчин үеийн шинжлэх ухаанд суурилж уран хайж эхэлсэн он цагаас тоолбол 78 жил, "Орано Майнинг" компанийн охин компани "Бадрах энержи" албан ёсоор орж ирж геологийн хайгуул хийснээс хойш 27 жилийн хугацаанд олон удаагийн тооцоо судалгаа, шинжилгээн дээр үндэслэн шинжлэх ухаанаар нотлогдож батлагдсан мэдээллийн олон бааз суурь бий болчихоод байна.

Ийм үед уран олборловол 2 толгойтой хонь, ямаа төрөх, хүн мал үй олноороо устаж үгүй болох мэтийн уран сайханчилсан үлгэр домог, цуу ярианд итгэх нь ХХI зууны соёлт хүнээс гарч боломгүй хоцрогдсон үг, үйлдэл болсон талаар сануулах нь илүүц биз.  

Монголчууд бид ямартай ч Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны ннөц арвинтай гэдгээ мэдээд авсан. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо орд нь 100345 тонн ураны нөөцтэй гэж бүртгэгдсэнээс ашиглаж болох ураны тогтоосон нөөц 87660 тонн юм. Тэгвэл энэ нөөцөө баялгаа жинхэнэ ашигт малтмал болгож чадах эсэх чухал шийдлийн гараан дээр өнөөдөр бид зогсож байна.

"Бадрах Энержи” ХХК нь Зөөвч-Овоо ордоос уран олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг 2021 оны долдугаар сараас 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл хийж, газар доор уусган олборлох технологиор шар нунтаг бүхий байгалийн 10 гаруй тонн шар нунтаг одоогоор үйлдвэрлээд байна.

Үйлдвэрлэл бүрэн чадлаараа ашиглалтад орсноор жилд 2500 тонн уран үйлвэрлэх хүчин чадалтай юм. Туршилтын хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны осол гэмтэл гаргалгүй ажиллан, орон нутгийн иргэдээс бүрдсэн туршилтын баг газар доор уусган олборлох технологийг аюулгүй ашиглаж үйлдвэрлэлийн туршилт амжилттай өндөрлөсөн үр дүнтэй байна. Газар доорх уусган олборлох арга нь эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй бөгөөд дэлхийн олон оронд зэс, лити, кали зэрэг эрдсийг олборлох зорилгоор ашигладаг арга аж. Мөн хүн, малын ундны усыг хэрэглэхгүй, уурхайлан малтахгүй, хүнд машин механизм шаардлагагүй, газрын гүн дэх эрдэст усыг маш бага хэмжээгээр ашигладгаараа давуу талтай. Дэлхий дээрх нийт ураны 60 гаруй хувийг газар доор уусгах технологиор олборлож байна. Өөрөөр хэлбэл, ураныг газар доор уусган олборлох технологи Монголчуудын хувьд шинэ нөү хау мөн боловч дэлхийн улс орнуудын хувьд туршигдсан, батлагдсан, нотлогдсон шалгарсан арга юм. Уран олборлолтоор тэргүүлэгч "Орано Майнинг" компанийн хувьд дэлхийн олон улсад уран үйлдвэрлэсэн 70 жилийн туршлагатай. Дэлхийн хамгийн том газар доор уусган олборлох /ГДУО/ ураны уурхайн нэг болох Казахстан улсад дээрх аргаар олборлолт явуулж байгаа бөгөөд уг технологиор мэргэшсэн гэж товчхондоо дүгнэж болох юм. Ураны салбар руу Монгол Улстай ижил гараанаас гарсан Казахстан улс өнөөдөр дэлхийд тэргүүлж байна. Угтаа биднээс хөгжлөөрөө хол тасарсан. Дэлхийн ураны зах зээлийн 40 хувийг дангаараа нийлүүлж чадаж байгаа тус улсын дараагийн амбиц атомын цахилгаан станцтай болох. Атомын цахилгаан станц барих талаар иргэдийнхээ дунд санал асуулга явуулахад нийт иргэдийнх нь 71 хувь дэмжээд байна. Гэтэл бид бахь байрандаа байсаар л…

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН  ГЭРЭЭГЭЭ ЭНЭ ОНДОО БАГТАЖ ҮЗЭГЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Монгол Улс байгалийн баялагаа түүхийгээр нь биш аль болох боловсруулж, нэмүү өртөг шингээх, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох алс хэтийн зорилготой. Зарим улстөрчдийн амны уншлага, уриа лоозон мэт болсон энэхүү зорилт өнөөдөр эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаа. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард  “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь хамгийн сүүлийн жишээ болж байна. Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасаны нэг нь ураныг газар доор уусган олборлох Монгол-Францын хамтарсан "Зөөвч овоо" төсөл юм.  УИХ, Засгийн газраас Монгол-Францын Засгийн газрын хамтарсан уг төслийг урагшуулах алхамуудаа бага багаар хийсээр байна.

Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид нөөцөө топорхойлж, үйлдвэрлэлийн аргаа туршилтаар баяжуулчихаад байна.  Монгол Улсын Засгийн газар Францын “Орано” групптэй хамтран Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хөрөнгө оруулалтын  гэрээгээ энэ ондоо багтаж үзэглэхийг зорьж байна.

Үндсэндээ Улаанбадрах суманд уран олборлолтын зөвшөөрөл авсан “Бадрах Энержи” компанийн 34 хувийг 100 хувь Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Эрдэнэс Монгол”, 66 хувийг Франц улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Орано майнинг” групп эзэмшиж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, “Орано майнинг” группийн хөрөнгө оруулалтын гэрээг  боловсруулж, энэ сарын сүүлчээр УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах зорилготой ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд талууд ойрын хугцааанд гарын үсэг зурвал 2025-2028 онд барилга, байгууламж дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийж, 2028-оноос олборлолтоо эхлүүлэх эхний дүр зураг тодорхой болсон. Олборлолт эхэлсэн цагаасаа хойш 30 жил үргэлжлэх бөгөөд олборлолтын дараах нөхөн сэргээлт  болон түүний дахин төлөвлөлтийг  10 гаруй жилийн хугацаанд хийж, урт  хугацааны байгаль орчны хяналтыг гүйцэтгэх юм.

ФРАНЦЫН ТАЛ  ТӨСӨЛ ЭХЭЛСНЭЭС ДУУСАХ ХҮРТЭЛ ГАРАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАРИУЦНА

Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг эх орондоо урих, өмнөх алдаагаа давтахгүй байх талаар удаа дараа ам гарсан. Тийм учраас хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дээрэмддэг, тэднийг гомдоодог, хууль шүүхийн байгууллагаар хэлэлцдэг маргаан шийдвэрлэлтийн хугацааг богиносгох гэх мэт олон өөрчлөлт хийхэд анхаарч ажиллаж байна. Угтаа "Оюутолгой" төслөөс өөр гадны гэх тодотголтой томоохон хөрөнгө оруулагч 15 жилийн турш Монголд хэрэгжээгүй гэхэд хилсдэхгүй. Ийм үед гуравдагч орны хөрөнгө оруулалт Монголд хэрэгжих нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болох юм. Энэ мэтээр уг хөрөнгө оруулалтын гэрээнээс хүлээх үр дүн, хүртэх үр өгөөж олон бий.

Наанадаж Монгол Улсын төр засгаас энэхүү гэрээг үзэглэснээр ямар нэг санхүүжилтэд хөрөнгө оруулах шаардлагагүй буюу эдийн засгийн ямар нэгэн эрсдэл байхгүй. Францын тал дангаараа төсөл эхэлснээс дуусах хүртэл гарах хөрөнгө оруулалтыг хариуцах юм.

Цаашлаад үйлдвэрлэл эхлээд борлуулалт хийгдсэн даруйд Монгол Улс АМНАТ-ын хэлбэрээр ашиг хүртэх юм.  Одоогийн байдлаар “Бадрах энержи” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд 1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, Дорноговь аймагт газар ашигласны төлбөрт 2022 оны байдлаар 3.5 тэрбум төгрөг төлсөн  бөгөөд Орон нутгийн хөгжлийн төслүүдэд 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.  "Бадрах энержи" компани 100 гаруй ажилтантайгаас 96 хувь нь Монгол Улсын иргэд байгаа бол, тус компанид бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчдийн 97 хувийг Монгол Улсад бүртгэлтэй компаниуд эзэлдэг байна. Угтаа 2028 оноос төслийн үндсэн олборлолт хийгдвэл нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо гараад байна. "Зөөвч овоо" төслийн үндсэн олборлолтын хугацаанд улс, орон нутгийн төсөвт 3-4 тэрбум ам.долларын татвар төлөх аж.

Монгол Улс 2024-2025 оны шинэ оны зааг дээр уул уурхайн салбар тэр дундаа ураны салбарт түүхийн бас нэгэн шинэ хуудас эхлүүлэх хүлээлттэй байна. Ямартай ч монголчуудын аманд шар тос орчихоод байна. Харин түүнийг хэлээрээ түлхэх эсэхийг харах л үлдлээ.

 

https://news.mn/r/2769260/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler