| |
Ханиадыг дутуу эмчилснээс болж олон өвчин үүсэх нөхцөл бүрддэг
Хүмүүс эм уугаад, эмчилгээ хийлгээд ханиадны шинж тэмдэг арилмагц эдгэчихлээ гэж бодоод эдгэрэлтийн үеэ анхаардаггүй.
Гэтэл эдгэрэлтийн үед хийн бэлгэ чанар ихэвчлэн арвиддаг учир өвчний үлдэгдэл архагших, эргээд дахих зэрэг тохиолдол гардаг.
Ханиадны эдгэрэлтийн үедээ хямарч байгаа хүмүүст даралт ихсэх, зүрхээр өвдөж, нойр сэрвэлзэх, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Энэ бол эдгэрэлтийн үеийг анхаарч, ханиадыг бүрэн төгс эмчлээгүйгээс эдгэрэлтийн үеийн хямрал явагдаж байгаа хэрэг.
Хэрэв эдгэрэлтийн үеийн хямралыг дарахгүй бол ясанд хий халуун шунаж хэрэх, үе мөчний өвчин үүсэх, ходоод өвдөх, даралт ихсэх, нойргүйдэх, зүрхний хий үүсэх зэрэг эмгэг үүсдэг.
Ханиадыг бүрэн эмчлэхгүй байх нь ийм л хор уршигтай. Ханиад бол байнга хүрээд дорхноо эдгэчихдэг энгийн өвчин биш. Ханиадыг дутуу эмчилснээс болж олон өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Ханиадны эдгэрэлтийн үед бүлээн, тослог шимтэй эм тан, эмчилгээ хийх хэрэгтэй. Ханиадны үед халуун, үрэвсэлт чанар нь буурмагц үргэлжлүүлээд яг 7 хоног эмчилгээний журмаар гарын алга, хөлийн ул, цээжний ар өвөр, чих, эрүүний хэсэгт шар тос, сүүлний тос зэргийг түрхэж, булчингийн ширхэгийн дагууд нь сайтар илж, үрж, нухалж 30’-60’ минут бариа хийгээрэй.
Гэрийн нөхцөлд хүүхдүүддээ, өөртөө ийм бариа иллэгийг хийж болно.
Энэ нь ханиадыг түргэн хугацаанд эдгээхэд, тамирыг тэтгэхэд, эдгэрэлтийн үеийн хямралыг дарахад чухал нөлөөтэй.
Манба Дацан-Бодь сэтгэлтэн эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэг