| |
"Нүүрсэн яндангүй машиныг журамлана"
Нүүрсэн яндангүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэхдээ "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 804 мянган автомашин бүртгэлтэй байна. Өнгөрсөн 2023 онд энэ тоо 325 мянга байсан. Ухаалаг камерын системүүдэд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо өдөрт 350-400 мянгад тоологдож байна. Захын дүүргийн камерууд ухаалаг системд нэгдээгүй байгаа. Энэ сарын 25-ний өдрөөс бүх 176 камер ухаалаг системд нэгдэнэ. Тэгэхээр энэ тоо улам өсөх байх.
Мөн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд ялангуяа "Приус" загварын автомашинууд зориулалтын нүүрсэн яндангаа сольсноор агаарт хот утаа ихээр ялгаруулж байна.
Тээврийн цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудад эхний удаа сануулж байгаа. Дараагийн удаа шууд автомашиныг нь журамлаж, зориулалтын нүүрсэн яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулна гэдэг албадлагын арга хэмжээ авч эхэлсэн. Өнгөрсөн жилд 40 мянган нүүрсэн яндан гадагшаа зарагдсан байна. Яндан дотор нь байгаа үнэтэй металлуудыг салгаж авдаг юм байна. Иргэд 1.5-2 сая төгрөгөөр яндангуудыг зарж байна гэсэн мэдээлэл авсан" гэв.
Түүнчлэн шалгалтаар 1000 гаруй тээврийн хэрэгслээс нүүрсэн яндангүй 451 тээврийн хэрэгсэл илэрчээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, оношилгоо, алба журмын даатгал, татвараа төлөөгүй зэрэг зөрчлийг арилгахын тулд Тээврийн цагдаагийн албанаас төлөвлөгөөт хяналт, шалгалтыг арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулсан юм. Шалгалтын ажлыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-н захирал Х.Пүрэвжаргал, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу хийж, холбогдох журмын дагуу хариуцлага тооцжээ.