|
Видео

Шинэ мэдээ

Тэд жинхэнэ “Түгжил” байжээ

АН "Түгжил”-ээр дүүрэн юм. Намынх нь удирдлагууд анх хэвлэлээр дамжуулан нэгнээ "Түгжил” хэмээн цоллосноос хойш АН дахь "Түгжил”-ийн дүрүүд нэг нэгээрээ тодорч эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг сайд /асан/ Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулахаар бужигнуулж эхэлсэн цагаас эхлэн "Түгжил” хочит гишүүдийн дүр нэгбүрчлэн тодорч эхэлсэн гэхэд болно. Анх Н.Алтанхуяг дур мэдэн Н.Энхбаяртай урт хугацааны гэрээнд гарын үсэг зурж, АН-ыг хувийн компани шигээ үзсэн нь Э.Бат-Үүл даргын дургүйг хүргээд зогсохгүй галыг өөр дээрээ татсан явдал болсон юм. 
 

Өөрөөр хэлбэл, хоёр намын гэрээг өндөр авахуулж, "Түгжил” гэх хоч зүүсэн нь нийслэлийн АН-ын дарга болон Улаанбаатар хотын захирагч Э.Бат- Үүл. Тэрбээр хоёр намын гэрээг "Байж боломгүй хэрэг” гэж үзээд Ерөнхий сайдыг огцруулах акци зохион байгуулсан нь Н.Алтанхуягийг "Түгжил”- дсэн хэрэг болж таарсан. Энэ бол АН-ын "Түгжил” дүртнүүд шилээ даран тодрохын дөнгөж л эхлэл хэсэг байв. Гэтэл засаг бужигнаснаас үүдэлтэйгээр АН-д кнопоор шийдэх асуудал олон гарсан. Үүний хамгийн эхнийх нь сөрөг хүчний зүгээс өргөн барьсны дагуу Н.Алтанхуягийг огцруулах эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх байв. Энэ үеэр АН-ын долоон гишүүн санал хураалтад оролцоогүй бол найман гишүүн түүний эсрэг санал өгснөөр Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Эсэргүү наймд Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Ж.Бат- зандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү нар багтсан. Хэдийгээр эдгээр гишүүн намдаа адлагдаж, хөөгдөх дээрээ тулсан ч үзэл бодолдоо үнэнч байсан гэдэг утгаараа олны зүгээс ок үнэлгээ авсан. Гэсэн ч тэдэнд тогтсон үзэл бодол байхгүй нь хэдхэн хоногийн дараа ил болоод байна. Өөрөөр хэлбэл, АН-ын ҮЗХ- оос Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ дахь намын бүлгээр санал хураах үеэр хэн нь жинхэнэ "Түгжил” байсан нь ил болов. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр бол нэг еэвэнгийн хоёр тал. Нэг нь АН дахь томоомон фракци болох "Алтангадас”-ын тэргүүн, нөгөөх нь үнэнч гишүүн. Нэг ёсондоо Н.Алтанхуягийг огцруулж, араас нь Ч.Сайханбилэгийг гаргаж ирж байгаа нь нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг зарчимтай утга дүйх хэрэг. Нөгөө талаар УИХ Н.Алтанхуягийг огцруулах гэж бүтэн сарын хугацаа алдсан атлаа орыг нь залгах хүнээр Ч.Сайханбилэгийг гаргаж ирсэн нь ёстой л "Төрөөр тоглоно” гээч болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй. 
 

Харин одоо АН-ын жинхэнэ "Түгжил”-үүд хэн бэ гэдгийг харцгаая. АН-ын ҮЗХ-оос нэр дэвшүүлснээр Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад дэмжих эсэх санал хураалт өчигдөр /уржигдар/ АН- ын бүлэгт өрнөх үеэр өмнө нь Н.Алтанхуягийг эсэргүүцэж байсан гишүүдийн кноп өөрчлөгдсөн байв. Тодруулбал, АН-ын бүлгийн санал хураалтад 29 гишүүн оролцсоноос 19 нь түүнийг дэмжжээ. Харин дэмжээгүй арван гишүүний дунд Н.Алтанхуягийн эсрэг санал өгч байсан гишүүдийн нэр байгаагүй нь анхаарал татсан юм. Өөрөөр хэлбэл, энэ үйл явцыг АН-д үзэл бодолдоо бат зогсох гишүүн хэд байгааг илтгэсэн санал хураалт ч гэж нэрлэж болохоор байв. Товчхондоо, өмнө нь Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Эрдэнчимэг, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү нар Н.Алтанхуягийг эсэргүүцэн, танхимыг тэр чигт нь ажилгүй болоход чухал нөлөө үзүүлсэн. Өмнө нь ингэж еэвэнгийн нэг талыг "Амтгүй байна” гэж голсон атлаа хэдхэн хоногийн дараа нөгөө талыг харуулаад "Энэ амттай юу” гэж асуухад МоАХ фракцийн М.Зоригт, Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар "Амттай” гэж хариулсан бол хоёрхон сарын өмнө АН-д элссэнээ зарлаж байсан Д.Батцогт гишүүн өмнө нь Н.Алтанхуягийн эсрэг санал өгсөн атлаа Ч.Сайханбилэгийг дэмжиж кнопдох нь тэр. Нэг ёсондоо нэр дурдсан эдгээр гишүүн сонголтоо хадгалж үлдэж чадсангүй. Ингээд чухал санал хураалтын үеэр кнопоо өөрчилсөн АН-ын жинхэнэ "Түгжил”-үүдийг танилцуулъя.
 

Х.Баттулга. Ц.Нямдорж гишүү ний хэлдгээр "Мөнгө нэхэх болохоороо л УИХ-ын чуулган дээр ирж суудаг. Бусад үед Баянголдоо хэвтэж байдаг” тэрбээр хэзээнээс л идэвхгүй гишүүдийн тоонд багтдаг. Өөрөөр хэлбэл, чуулганы ирц гарахад хамгийн их таслалттай гишүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Женко уг нь үзэл бодолдоо үнэнч байвал байхаар хүн. Ерөнхийлөгчийн гаргасан "Давхар дээл”-ийг тэр л хамгийн түрүүнд дэмжээд зогсохгүй, ҮХАА-н сайдын албан тушаалаасаа сайн дураар татгалзсан. Энэ ч утгаар нь түүнийг "Шударга гишүүн” гэж итгэгсэд олширсон гэхэд болно. Гэтэл харамсалтай нь түүнд тогтсон үзэл бодол байхгүй нь сүүлийн үеийн хэдхэн санал хураалтаас ил болов. Анх Н.Алтанхуягийг огцруулах эсэх санал хураалтад тэрбээр бусдыгаа манлайлан оролцож, эсрэг кноп дарсан. 
 

Гэтэл хоёр дахь Алтанхуяг болсон Ч.Сайханбилэгийг дэм- жээд явуулах нь тэр. Яагаад кнопоо өөрчилсөн талаар асуухад хэрхэн хариулснаас түүнийг ямар барьцгүй хүн болохыг илтгэнэ. "Бид анхнаасаа Р.Амаржаргал гишүүнээ дэмжсэн. Гэвч ҮЗХ-ны хуралдаан дээр цөөнх болсон. Харин олонхи Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлж, дэмжсэн учраас намынхаа дээд байгууллага болох ҮЗХ-ны гишүүдийн гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа. Өмнө нь Ерөнхий сайдыг тодруулах эсэх бүлгийн хуралдаанд Ч.Сайханбилэг гишүүн орж ирээгүй шүү дээ. Тиймээс Р.Амаржаргал гишүүн ганцаараа нэр дэвшсэн учраас наад талдаа Р.Амаржаргал гишүүнийг дэмжсэн. Харин ҮЗХ- ны хуралдаан дээр хоёулаа ирснээс гадна олонхи гишүүн Ч.Сайханбилэгийг дэмжсэн учраас ҮЗХ-ны шийдвэрийг дэмжсэн” гэсэн юм. Х.Баттулгын байр суурийг МоАХ-ных ч гэж ойлгож болно. Учир нь энэ фракцийнхан түүний дохиогоор хөдөлдөг. Энэ ч утгаараа түүний адилаар кнопоо өөрчлөн Ч.Сайханбилэгийг дэмжсэн гишүүн МоАХ фракцид хоёр ч бий. Ямартай ч шинэ Ерөнхий сайдыг тодруулах үеэр ийнхүү АН-ын "Түгжил”-үүд тодорч эхэлж байгаагийн нэг нь яах аргагүй Х.Баттулга болж байна. 
 

Ж.Батзандан. Тэр яах аргагүй АН-ын нэрээр УИХ- ын гишүүн болсон хүн. Гэхдээ үүндээ шантаажлуулж суухгүй гэдгээ уг нь ил тод зарласан. Хамгийн анх МАН-ын 26 гишүүн Н.Алтанхуягийг огцруулах бичиг өргөн барихад тэрбээр Л.Цог гишүүний хамт зоригтойгоор нэгдсэн нь үнэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураахад ч Ж.Батзандан гишүүн хоёр дахиа кнопоо хадгалж үлдсэн удаатай. Харин түүнийг эцсийн мөчид эсрэгээрээ хувирч, Н.Алтанхуягийн гарын хүнийг дэмжинэ гэх таамаг хэвлэлийнхэнд ч байгаагүй юм. Ч.Сайханбилэгийг дэмжсэн санал өгснийхөө дараа тэрбээр "Огцорсон Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэнд сэтгэл дундуур байгаа” хэмээсэн. Түүнчлэн "Эдийн засгийн хямралыг бий болгоход, улс орныг хүнд нөхцөл байдалд хүргэхэд оролцсон гол хүний нэг нь яах аргагүй Ч.Сайханбилэг гишүүн” хэмээн тодорхойлсон атлаа газар дээрээ хувирч, "Гэхдээ амьдрал үргэлжлэх ёстой. Надад таалагдсан болгоныг туйлын зөв сонголт гэж үзэхгүй байгаа. Олонхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг улс төрийн соёлыг харгалзан үзэж байгаа” хэмээн бөөрөнхийлсөн юм. Түүний хувьд намын нэрээр сонгогдсон учраас ингэж "Түгжил”- дэх шаардлага байдаг ч байж болох. Өмнө нь намынхаа эсрэг санал өгч, хөөгдөх дээрээ тулсан түүнд дахин эсэргүүчүүдийн тоонд багтах эрх үлдээгүй байсан ч юм билүү. Хэдийгээр хөшигний цаана ямар тохироо, шантааж явсныг мэдэхгүй ч энэ удаад тэрбээр АН- ын "Түгжил”-үүдийн тоог нэгээр нэмж байна. 
 

М.Зоригт. Н.Алтанхуягийг эцсээ хүртэл эсэргүүцэж, Төрийн ордонд суулт зарлан, "Балиар заваан юманд хутгалдахгүй” хэмээн Ерөнхий сайд болон засагт багтах гэсэн намынхаа фракциудын булхайг золтой л хэвлэлээр нэгбүрчлэн задалчихаагүй М.Зоригт гишүү- нийг уг нь Н.Алтанхуягийг тууштай эсэргүүцэгч гэж хардаг байв. Тэр өөрөө ч хэлдэг байсан. "Энэ хүн ерөөсөө болохгүй байна. Болж бүтэж байгаа юм нэг ч алга” гэж хэдэнтээ хэлсэн. Гэтэл еэвэнгийн өрөөсөн талыг гаргаж ирээд "Н.Алтанхуяг биш Ч.Сайханбилэг байна” гэхээр итгэчих юм гэж хэн санахав. Уг нь Ч.Сайханбилэг хэний хүн, хэний дохиогоор засаг толгойлох вэ гэдгийг тэр хамгийн сайн мэдэж байгаа. Гэсэн ч бусдынхаа адил "Түгжил”-дэж орхив. Тэр бас бөөрөнхийлсөн. Эсвэл хэн хэнд нь тал алдахыг хүсээгүй ч гэж тайлбарлаж болмоор. "Уг нь Р.Амаржаргалыг дэмжиж байсан ч олонхио дагаад, Ч.Сайханбилэгийг дэмжчихлээ” гэх. Бусдыгаа дагах, олонхийнхоо саналыг харгалзах байсан юм бол анхнаасаа нэг үзэл бодолтой байж болмоор. Өмнө нь Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд "Ок”, "Р.Амаржаргалыг ямар ч эргэлзээгүй дэмжинэ, тэр бол бусдаас өөр” хэмээн тод дуугаар тодорхойлж байсан атлаа "Талх ч уг нь амттай л даа. Гэхдээ л еэвэнг сонгочихлоо” гээд сууж байх юм. Эсвэл түүний тархийг Х.Баттулга угаачихав уу. Угсаа нэгтнүүдийн кноп нэг байх учиртай ч байж болох. Учир нь тэд МоАХ-ны партизанууд хэмээн өөрсдийгөө тодорхойлдог. 
 

Л.Эрдэнэчимэг. МоАХ фракцийн төлөөлөл. Нэг үгээр бол, Х.Баттулга ямар сонголт хийх нь түүнд хамгийн их хамаатай гэсэн үг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Алтанхуягийг огцруулах эсэх санал хураалт болоход тэр хамгийн их гайхаш төрүүлсэн. Эсрэг санал өгсөн гишүүд өмнө нь ямар нэгэн байдлаар "Ийм санал өгнө” гэдгээ илэрхийлж байсан бол Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд хэвлэлийнхэн төдийгүй АН-ынхны ч таамагт багтаагүй байсан юм. Гэтэл тэрбээр сэмхэн эсрэг санал өгчихөөд чуулганы танхимын арын хаалгаар гарч одсон удаатай. Энэ нь хэвлэлийнхнээс бултаж байгаа хэрэг. Ингэж тайлбар хийхээс бултсаныг бодоход түүнд эсрэг санал өгөх шийдвэр эртээс байгаагүй нь тодорхой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөх фракциудын зарчмаар ингэж эсрэг санал өгсөн болж таарч байгаа юм. Харин сүүлийн удаад Ч.Сайханбилэгийг тэрбээр дэмжсэн. Үүнээс харахад өмнөх кноп өөрийнх нь биш байсан байж болох. Нэг үгээр бол, МоАХ фракцийн цөөнгүй гишүүн эртээс Н.Алтанхуягийг эсэргүүцэж байсан. Тухайлбал, Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт нар эсрэг санал өгсөн учраас хүчээр тэднийг дагасан байж ч болох. Хэдийгээр фракциа дагасан ч хэдхэн хоногийн зайтай кноп хэрхэн дарснаас нь харвал түүнд өөрийн гэсэн тогтсон үзэл бодол байгаа эсэхэд эргэлзмээр. 
 

Д.Батцогт. Түүний хувьд УИХ-д гишүүн болж орж ирснээсээ хойш "Түгжил”-дсэн гэхэд буруудахгүй. МҮАН-ын нэрээр "Шударга ёс” эвсэлд багтаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга болсон. Гэвч тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард "Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан гэх мэдээлэл гарсан ч хэвлэлийнхэнд ямар нэгэн тайлбар хийхгүй байсаар нэг сарыг үдсэн. Харин үүнээс сарын дараа буюу өнгөрсөн тавдугаар сард бүлгийн дарга Д.Батцэрэг түүнийг бүлгээсээ гарсныг албан ёсоор зарласан юм. Ингэснээр тэрбээр УИХ дахь анхны сул гишүүн болсон ч удаа ч үгүй ямар шалтгаанаар бүлгээсээ гарсан нь тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр өнгөрсөн долдугаар сард болсон Арчилсан хүчний холбооны хуралд оролцож, "АН-ыг зарчмын хувьд дэмжиж явдаг байсан” хэмээн хаяагаа манаж, УИХ-ын дарга З.Энхболдын бөөрөнд наалдаж суусаар АН-ын батлах өвөртөлсөн. Ийнхүү намаа сольсон атлаа УИХ-ын чуулганы танхимд "Шударга ёс”-ынхонтой хамт суусаар байсанд Ц.Нямдорж гишүүн уурлан, "Намаа сольсон юм бол тэндээ очиж суу” гэж хэлүүлэн байж, АН-ынхантай суудал нэгдсэн. Гэтэл үүнээс ердөө гурав хүрэхгүй сарын хугацаанд намынх нь даргыг Ерөнхий сайдын суудлаас огцруулах эсэх санал хураалт болоход эсрэг санал өгч, од болсон удаатай. Энэ алхмаа тэрбээр "Хэдий намаа сольсон ч үзэл бодолдоо үнэнч үлдэнэ” хэмээн том тайлбар хийсэн ч харамсалтай нь түүний үзэл бодол хэдхэн өдрийн үнэтэй байжээ. Түүний хувьд кнопоо өөрчилж, Ч.Сайханбилэгийг дэмжсэн "Түгжил”-үүдийн нэг боллоо. 

М.ӨНӨРЖАРГАЛ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler