| |
БИЧИЛ УУРХАЙН ХОЁР ӨӨР ТӨРХ
ХОНГОР НУТГИЙНХАН ЭВСЭЖ ЧАДСАНААРАА ЖИШИГ ТОГТООВ
Эвсэж нэгдэж чадвал эх орноо бүтнээр нь авч үлдэх боломжтойг харуулсан Баянхонгорын жишиг бичил уурхайн талаар өмнөх нийтлэлдээ өгүүлсэн билээ. Хариуцлагагүй уул уурхайн гайгаар 700 га газар нутгаа алт олборлогчдод бусниулсан баянхонгорынхон 50 гаруй нөхөрлөлийн хүчээр 400 га талбайгаа бичил уурхайчдаар нөхөн сэргээлгэж чадсан түүхийг хэлж байна. Швейцарийн хөгжлийн агентлаг, орон нутгийн удирдлагуудын арав гаруй жилийн хичээл зүтгэлээр тэд үүнийг хийсэн юм.
2000 оны үед манай улсын Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай зэрэг алтны нөөцтэй долоон аймагт "нинжа” буюу хууль бус алт олборлогч 10 мянга гаруй хүн очиж хаа дуртай газраа ухаж, алт угааж байсан гашуун түүхтэй. Үүнийг дагаад гэмт хэрэг, газрын маргаан дэгдэж, байгаль орчин сүйдэж, хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байсан. Харин энэ бүгдийг, эв зүйгээр зохицуулсан аймаг бол Баянхонгор. Тэд уул уурхайн олборлолтоос болж сүйдсэн газар нуггаа аврах, байгаль орчинд ээлтэй. сум орон нутаг, ард иргэддээ өгөөжтэй байх гарцыг олжээ. Тэр гарц бол нутаг орноороо эвсэж, нөхөрлөл хоршоо байгуулж, сүйтгэгдсэн газар нутгаа бүгэн болгон нөхөн сэргээж авах байв.
ТӨВ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ИРГЭДТЭЙГЭЭ БУС КОМПАНИТАЙ АШИГ СОНИРХЛООР НЭГДЖЭЭ
"Алт-1” хөтөлбөрийн хөлд үрэгдсэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн газар нутагт малчид нь буух газаргүй, уух усгүй, ургамал ногоо ургахгүй болж, булаг шанд нь ширгэж, хүний эрх зөрчигдсөөр буй. Энэхүү эмгэнэлт явдал дуусаагүй байхад дахин "Алт-2” хөтөлбөрийг Төмөстий багт эхлүүлэхээр болж, "Эрдэнэсийн эрэг” компанид Өвөр наймганд 15.541.08 га газрыг хүчээр өгчээ. Энэ нь хүлцэнгүй байсан ард түмэн, малчдын бухимдлыг өдөөж 800 гаруй малчин эсэргүүцэн жагссан. Гэвч өнөөдөр ингэж нэгдэж боссон түүх өмнө нь байгаагүй гэж ярихаас цаашгүй байдалтай байна. Харин ч үүнийг ашиглан иргэдээ зохион байгуулалтад оруулж, байгаль орчноо нөхөн сэргээлгэж, орон нутгаа хамгаалах арга ухаан аймгийн удирдлагуудаас гарахгүй байгааг нутгийн иргэд хэлж байна.
Орон нутгийн өмчийн оролцоотой байгуулагдсан "Эрдэнэсийн Эрэг” компанид "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчээр өгсөн гэдгийг ч хэлж байна. Мөн удирдлагууд Өвөр наймганы 15.541.08 га-д ашигт малтмал хайх тендерт давуу эрхээр оролцохын тулд тус компанийг 2017 оны нэгдүгээр сард байгуулахдаа хувьцааных нь 34 хувийг "Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ, 66 хувийг "Голд Хар Бор” ХХК эзэмшихээр орон нутгийн өмчийн оролцоотой "Эрднэсийн эрэг” компанийг үүсгэн байгуулж тусгай зөвшөөрөл авсан нь тэднийг хардах шалтаг болжээ. Өөрөөр хэлбэл Төв аймгийн одоогийн удирдлагууд Заамар дахь сүйтгэгдсэн газар нутгаа иргэд, малчидтайгаа хамтарч хэрхэн нөхөн сэргээж авах тухайд биш дахин ухаж сүйтгэхээр, тусгай зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдсан гэж Төмстий багийн ИНХ-аас сонгогдсон төлөөлөгчид хэлж байна.
АЛТНЫ ҮНЭ ӨССӨН СУРГААР ТЕХНИКЖСЭН "НИНЖА”-НУУД ИРЖЭЭ
Алтны үнэ өсч байгаа энэ үеийг ашиглаад Баянхонгор аймаг 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд сүйтгэгдсэн газар нутгаа техникийн нөхөн сэргээлтээр ч болов булж авах зорилт тавьж байна. Алтны үнэ өсөөгүй бол энэ газрыг хэн ч тоохгүй гэж Засаг дарга Л.Батжаргал хэлж байсан. Алтны үнэ өссөн сургаар Баянхонгорын Байдраг суманд эздийг нь отроор яваад ирэхэд өвөлжөөний газрыг ухсан хэрэг гарчээ. Гэхдээ л нутгийн удирдлагуудад нэгдсэн бодлого байгаа болохоор арга хэмжээ авах нь мэдээж.
Харин Заамарт энд тэндгүй өдөр шөнөгүй алт олборлож, малчдын амгалан тайван амьдрах эрхэд халдаад зогсохгүй, байгаль орчинд сөрөг нөлоө үзүүлсээр байгааг нутгийн иргэд мэдээлж, зогсоож өгохийг хүссээр байна. Гэвч үүнд Аймгийн Засаг захиргааны зүгээс арга хэмжээ авч байгаа зүйл одоогоор алга. Сайн дураараа байгуулсан 10 орчим бичил уурхайн нөхөрлөлд хаяад явсан үүсмэл шороон ордод зөвшөөрөл олгосон хэдий ч нуггийн иргэдээс илүүтэй гаднаас ирсэн уурхайчид ажиллаж байна. Тэд ус ашигласны болоод, уулын ажлын төлөвлөгөөгүй, тэр ч бүү хэл голын гольдролоос 200 метрийн зайд ашигт малтмал эрж, хайх, олборлохыг хориглосон заалтыг зөрчиж Туул голд алт олборлож эхэлсэн зэрэг зөрчлүүд ар араасаа гарсаар байна. Алт үнэ орсон сургаар техникжсэн бичил уурхайчид нэрийн доор "нинжа”-нууд иржээ.
Тухайлбал, Заамар сумын Байгаль орчны байцаагч Б.Цэнд-Аюуш амралтаа авсан хойгуур нь Баянгийн амны адагт голын гольдрол дотор, эрүүл газарт тенхикийн хүчээр алт олборложээ. Шалтгалт явуулахаар очиход ямар ч зөвшөөрөлгүй, хэн гэдэг иргэн олборлож байгаа нь мэдэгдэхгүй, шаардлага тавихаар зугтаж алга болдог. Техникийг нь хурааж, лацдахаар буцааж ажиллуулдаг гэх мэт байдал газар авчээ. Түүнчлэн Заамар сумын Нарийн гол хэмээх газарт ган, зуд болдоггүй өнтэй сайхан нутаг аж. Гэвч гурван жилийн өмнөөс уул уурхайн замбараагүй олборлолт явагдаж эхэлсэн байна. Мижиддорж эзэнтэй "Нарийн гол гоульд” компани Тов аймгийн Заамар суманд уул уурхай эрхлэх зөвшөөрөлтэй гэх боловч ямар ч бичиг баримтгүйгээр үйл ажиллагаа явуулсаар байгаа аж.
Малчдын хүсэлтийн дагуу 21:00 цагийн үед тус уурхайд сумын ИТХ-ын төлөөлөгч, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, малчдын бүрэлдэхүүнтэй очиход гурван усан буу зоож, алтаа угааж байгаатай таарсан юм. Уурхайн дарга Жаргалсайхантай уулзах гэж хөөцөлдсөөр арайхийн нүүр тулж, бичиг баримтыг нь шалгахыг хүсэхэд хэл амаар доромжилж байв. Дараа нь тусгай зөвшөөрлөө үзүүлэхээр болсон боловч биднийг 40 минут хүлээлгэсэн юм. Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Буянхишиг "Энэ компанийн тусгай зөвшөөрөл нь Баасанханд, Туяа, Мижиддорж гэсэн гурван хүний нэр дээр наймааны хэлбэрээр явж байдаг” гэв.
Баасанханд нь үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч газар дээр нь очиход гортиг татаж, хамгаалалтын шовгор босгож, уурхайн баазаа байгуулсан байв. Түүнчлэн газраа ухаж, чулуугаа тээрэмдэхээр бэлтгэсэн байв. Шөнө болсон учраас тээрмийг нь хайгаад олоогүй билээ. Тээрэм байгаа болохоор цианит, мөнгөн усаар алтаа угаах нь тодорхой гэж байгаль хамгаалагч Б.Цэнд-Аюуш ярив.
Заамар суманд 2012 онд өвөлжөөний газар 10 сая төгрөгт хүрдэг байсан бол одоо 100 сая төгрөг болжээ. Тиймээс өвөлжөөний газраа хамгаалаад дийлэхээ больж, аргагүй эрхэнд зарчихаад одоо энэ уурхайд нь ажиллаж байгаа гэх малчидтай ч таарч байлаа.
Нарийн гол нь уртаашаа 30 км, өргөөшөө 10 км арал үүсгэн урсдаг байжээ. Гэвч уул уурхайн гайгаар ширгэсэн байв. Ширгэсэн газраа тухайн үеийн удирдлагууд Булган аймгийн Баяннуурын Тэжээлийн аж ахуйд өгчээ. "Одоо ган болоход буух газаргүй болсон, биднийг баяннуурынхан хөөдөг” гэж өндөр настан Д.Гантөмөр ярьж байв. Эзэнгүй төрийн эмгэнэл гэж энд л байна. Иргэд, малчдынхаа хүсэл зоригийг анхаарч, нэгдсэн бодлого барьж ажиллаагүй аймаг өнөөдөр ямар дүр төрхтэй байгааг Төв аймгийн Заамар сумын нөхцөл байдал харуулж байна. Тэдэнд баянхонгорчуудаас сурах зүйл их байна даа.
Ц.Мягмарбаяр