| |
Видео
Шинэ мэдээ
"Зууны шилдэг тулаан"-д Флойд Мейведер яллаа
НЬЮ-ЙОРК. /CNN/. Ням гарагт Лас-Вегас хотын "Т-Мобайл Арена" ордонд 14 623 үзэгчийн өмнө энэ зуны спортын ертөнцийн хамгийн гол үйл явдлуудын нэг болох Флойд Мейведер ба Конор Макгрегор нарын тулаан болж өндөрлөлөө.
Уг тулааныг "Зууны шилдэг тулаан" хэмээн нэрлэж, боксын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тэмцээн гэж мэргэжилтнүүд үзэж байсан билээ.
Тулааны эхний тоглолтуудад К. Макгрегор тэргүүлж байсан боловч 4 дүгээр үеэс эхлэн Флойд Мейведер тулааныг гартаа авч, 10 дугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч ялалт байгууллаа. Тулааны 10 дугаар үе хүртэл К.Макгрегор хөл дээрээ тогтсоор байсан бөгөөд тулааны дараа Ф.Мейведер түүнийг "Тэр миний бодсоноос илүү юмаа" хэмээн үнэлжээ. Одоо тэрбээр 50 ялалтын эзэн болсон бөгөөд 49 ялалт байгуулаад байсан Роки Марсианогийн амжилтыг эвджээ.
Уг тулааныг урьд өмнө болж байгаагүй сонирхолтой үзүүлбэр болно гэдэгтэй хэн ч маргаагүй юм. Тоглолтыг дэлхий даяар шууд дамжуулсан бөгөөд спортын ертөнцийн 2 өөр төрлийн тамирчныг 12 үетэй боксын дунд жингийн тулаанд үзэлцүүлсэн нь үзүүштэй тулаан болжээ.
Зодог тайлах гэж байгаа 40 насан дээрээ яваа бүх цаг үеийн боксын тамирчдын хамгийн хамгаалалт сайтай тамирчин Ф.Мейведер хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сарын 12-нд Андре Бертог ядах юмгүй ялж алдраа батжуулж байжээ. Харин К.Макгрегорын хувьд 29 настай бөгөөд "UFC"-ийн хөнгөн жингийн аварга төдийгүй холимог тулааны урлагаар нэлээд амжилт үзүүлж байгаа тамирчин юм. Уг тулаан түүний хувьд анхны мэргэжлийн боксын тулаан байжээ.
Спортын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй уг тулаанд Ф. Мейведер нийт 300 сая ам.долларын эзэн болжээ.
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг