|
Видео

Шинэ мэдээ

Г.Дэнзэн төрсөн эгчийнхээ оролцоотой компанийг тендерт оролцож, ялсныг мэдээгүй гэв үү?

 

Г.Дэнзэн төрсөн эгчийнхээ  оролцоотой компанийг тендерт оролцож, ялсныг мэдээгүй гэв үү?Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал 4 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүгдэгч Я.Батсуурь Г.Дэнзэнг  үнэлгээний хороонд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй хэмээн хэлсэн бол Г.Дэнзэнгийн тухайд өөрийгөө гэм буруугүй гэж байгаа.  Гэхдээ түүний  мэдүүлэгт анхаарал татахаар зүйлс цөөнгүй бий. Тэрбээр 2010 онд яг ямар ажил хийж байснаа сайн санахгүй байгаа аятай зүйл ярьсан нь, буруутгагдаад байгаа хэрэгтэй холбоотой асуудлуудаа ч ийм бүдэг бадаг маягаар санаж байгаа юм биш биз гэж харахад хүргэж байгаа юм. Тэрбээр мэдүүлэгтээ "2010 онд тэргүүн шадар сайдын зөвлөх билүү ахлах зөвлөхийн аль нэгээр ажиллаж байсан. 2010 оны зарим зүйлийг бүдэг санаж байна. Тухайн үед Тэргүүн шадар сайдын багцаас чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэж 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг УИХ-аас баталсан. Тухайн үед сангийн яамнаас Тэргүүн шадар сайд болон шадар сайдын хөрөнгө оруулалтын багц нь бөөн үнийн дүнгээр батлагдсан нь буруу байна гэж шүүмжилж байсан. Өөрөөр хэлбэл зүйл заалтыг нь нарийн тусгаагүй байсан. Тэргүүн шадар сайдын багцад үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө оруулах, шадар сайдад бүс нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөв батлагддаг байсан. 2010 онд чөлөөт бүсийн зөвлөл гэж байгууллагаас хамаарал бүхий чөлөөт бүсүүдийн худалдан авалтын саналыг хүлээн авч нэгтгэн холбогдох саналын хамт Тэргүүн шадар сайдад албан бичиг ирүүлсэн байдаг. Тэгээд Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тоннын пүү суурилуулах ажил нэртэй хөрөнгө оруулалтын жагсаалт хэлбэрээр орж ирсэн байсан. Түүний дараа Тэргүүн шадар сайд байна уу, ЗГХЭГ-ын даргын аль нэг нь энэхүү саналуудыг үндэслэн худалдан авалтын жагсаалт хийх тушаал гаргасан.” гэж мэдүүлжээ. Тэгэхээр Г.Дэнзэнгийн тухайд бүх зүйл бүдэг бадаг санаанд нь буугаад байгаа бололтой юм.

Тэрбээр цааш нь өгүүлэхдээ " ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байна уу, Тэргүүн шадар сайдын аль нэг нь тушаал гаргаж, энэхүү худалдах, худалдан авах үнэлгээний хороог томилж, үнэлгээний хорооны даргаар миний бие томилогдсон. Үнэлгээний хороонд орж ажилласан гишүүдийн нэрсийг чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанаас санал болгосон байсан. Түүнийх нь дагуу үнэлгээний хороо томилсон байсан. Тухайн үед үнэлгээний хороо хуралдаж жагсаалтад дурдагдсан нэр бүхий худалдан авалтуудыг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тоннын пүү худалдан авах сонгон шалгаруулалтыг нээлттэй тендэр шалгаруулалтын зарчмаар сонгон шалгаруулсан. Нарийн процессуудыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан зарыг нь тавиад олон компани хүсэлтээ өгч өрсөлдсөн байх. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тонн пүү нийлүүлсэн "NIDB” компанид миний хувьд ямар нэгэн шууд оролцоо байхүй. Сүүлд 2011 онд манай эгч Г.Улзмаагийн оролцоотой компани байсныг мэдсэн.  Тэр компанийн дотоод үйл ажиллагаа яаж явдгийг би мэдэхгүй. Энхболдыг сайн танихгүй. Ер нь бол ардчилсан намд гүйгээд байдаг залуу байсан. Тэр үед би зөвлөхөөр ажиллаж байсан. Сонгон шалгаруулалтын процесс хуульд заасан журмын дагуу явагдсан. Манай үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын нарийн үйл ажиллагааг хариуцаж ажилласан байдаг. Бид мэргэжлийн хүмүүс биш учраас чөлөөт бүсийн зөвлөлөөс ирүүлсэн техникийн тодорхойлолтыг үндэслэн баримт бичгийг үнэлгээний хорооны гишүүд боловсруулж гаргасан. Энэ хороонд нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан. Энэ тендэрт оролцож байсан тодорхой компаниуд материалаа ирүүлсэнээс "Эн ай ди би” компани шалгарсан. Үнэлгээний хорооноос бүх зүйлийг журмын дагуу явуулсан. Үнэлгээний хорооны процесс огт болоогүй мэтээр намайг гүтгээд байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэргүүн шадар сайдын өрөөнд энэ бүх хурал болсон. Би тэргүүн шадар сайдын зөвлөх байсан учраас ямар нэгэн мөнгө захиран зарцуулах эрх байгаагүй. Энхболд гэж хүн намайг шууд гүтгэн гүжирдсэн байна. Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ нь тодорхой эрхэлсэн үүрэгтэй байдаг.

Компанийн дүрэмд заасан эрх үүргийнхээ дагуу ажиллаж байна. Миний бие компанийн дүрмийн 9.1-9.13 хүртэл заалтуудыг хэрэгжүүлж ажилласан. Түүнд Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-ийн эрх үүрэг байдаг. Компанийн үнэлгээний хороо байгуулах процессыг ТУЗ-д танилцуулдаггүй. Тэгэхээр дотоод хулалдан авалтын процесс яаж явагдаж байгааг би мэдэхгүй. Тэгэхээр компанийн дотоод асуудлыг би мэдэхгүй байсан. Нэмж хэлэхэд би хууль зөрчиж эгчийнхээ компанийг сонгон шалгаруулсан гэж мэдээгүй. Сүүлд нь эгч маань надад хэлэхдээ Энхболд гэж хүнтэй хамтарч компани байгуулсан гэж хэлсэн. Тэгээд сүүлд намайг байр авахад гэр бүлийн гишүүд буюу ээж аав, Г.Улзмаа, Г.Одонгэрэл эгч нийлж надад нийт 150 сая төгрөг өгсөн. Г.Улзмаа эгчийн өгсөн 30-40 сая орчим төгрөг байсан байх. Энэ мөнгөөр би кристал таунд байх байрыг худалдаж авсан. Анх техникийн тодорхойлолтыг замын-Үүдийн Чөлөөт бүсээс боловсруулж ирсэн байдаг. Тэр тодорхойлолтын төсөвт өртөг нь 200 сая төгрөг болсон байсан. Тэгээд үнэлгээний хорооноос”NIDB” компанийг шалгаруулсан байсан. Ажлыг энэ компани хийсний  дараа улсын комисс очиж хүлээж авсан. Энэ комисст миний бие байсан. Тэр компани хэдэн төгрөгийн ашигтай ажилласан эсэхийг би мэдэхгүй. Бодвол оруулсан хувиараа хоёр хүн нь ашгаа хувааж авсан байх. Өмнө мэдүүлэгт Энхболд гэж хүн надад шууд бэлэн мөнгө өгсөн гэж гүтгэж байна. Би хэзээ ч бэлэн мөнгө аваагүй” хэмээн мэдүүлжээ.

Тэгэхээр эндээс үзэхэд Г.Дэнзэн төрсөн эгчийнхээ оролцоотой компанийг тендерт шалгарсныг огт мэдээгүй байж байгаад, ажил гүйцэтгэснийх нь дараа улсын комиссын бүрэлдхүүнд багтаж, очиж хүлээж авсан гэж ойлгогдоод байна. За мөн Энхболд гэж хүн Г.Дэнзэнд огт мөнгө өгөөгүй байж мөнгө өгсөн гэж мэдүүлсэн үү. Г.Дэнзэнгийн хэлээд байгаачлан, түүнийг гүтгээд байна уу гэдгийг шүүх дэнслэх биз ээ. Ер нь бол тэр хариуцлагатай албанд байсан хүн төрсөн эгчийнхээ оролцоотой компанийг тухайн тендерт орж байгааг мэдэхгүй байсан гэдэг нь анхаарал татсан л асуудал юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler