| |
“Алдарт” хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг хэрэгсэхгүй болсон уу
УИХ-ын сонгууль дөхөөд улстөрийн хүрээнийхэн ид бужигналдаж байх хойгуур эрүүгийн хэрэгт холбогдсон томчуудын хэрэг шийдэгдэхгүй замхраад алга болоод байна. Өөрөөр хэлбэл, чоно борооноор гэгчээр сонгуулийн сүр дуулианд дарагдаж намжаад сураг үгүй болчихоод байна. Он удаан жил шалгагдсан авлига албан тушаалын хэргүүд яагаад шүүхээр шийдэгдэлгүй замхарч замын дундаасаа алга болоод байгааг хэн ч мэдэхгүй, зөвхөн хэргийг шалгасан хуулийнхан л мэдэх юм.
Олны анхаарлын төвд байсан сүр дуулиантай хэрэг чимээгүйхэн замхарч алга болчихоод байдаг учрыг хуулийнхнаас асуухаар мэдээлэл өгөх, хэргийн тухайд хэлэх хүн байхгүй юм.
Одоогоос дөрвөн жилийн өмнө шалгагдаж эхэлсэн "Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг мөн л Өршөөлийн тухай хуульд хамрагдсан билээ. Ингэсэнээр түүнийг хэргээс мулталж, улс эх орныг минь их хэмжээний өрөнд оруулж хохироосон асуудал салхинд хамхуул адил хийсээд дууссан. Харин УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдарт хүргэн Г.Дэнзэнгийн авлигын хэрэг юу болсон бэ, яасан бэ хэмээн сураглахад бас л чимээ аниргүй байна. Баттай бус эх сурвалжийн хэлж буйгаар хэргийг нь аль хэдийнэ хэрэгсэхгүй болгосон гэх. Бүр тодруулбал, прокурорын шатанд хэргийг нь шийдчихсэн юм байхаа.
АТГ-аас болохоор Г.Дэнзэнд холбогдох хэргийг шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл өгч байсан. Тэгвэл Нийслэлийн прокуророос "Хэрэг нь манайд ирээгүй байгаа” гэх мэтээр бие бие рүүгээ чихэж байсан удаатай. Ингээд л чимээгүй болсон. 2013 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулсан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас анх шалгаж эхэлсэн байдаг. Түүнд Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгаа юм. Тэрбээр дэд дарга байхдаа "Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, "Эрдэнэс Тавантолгой”, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж байсан юм. Тэгэхдээ "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын алба хашдаг байв. Өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Дэнзэнг томилсон. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 17 тэрбумын тендерт Ерөнхий сайдын дүүгийн охин, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэрийн компани ялалт байгуулсан болохыг илрүүлснээ мэдэгдсэн.
УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсэг "Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийхээр очиход тус компанийн Тендэр шалгаруулах хорооны дарга Ганболд "Г.Уянга эзэнтэй "Говь повер” ХХК нь тендерт ялж, гэрээ байгуулсан” хэмээн тайлбарлажээ.
"Говь повер” компани нь Тавантолгойн тендэрт оролцохоос өмнө нэг сая төгрөгийн үнэлгээтэй байсан. Түүнийг нь Г.Уянга худалдан авч нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчилж нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй болгоод, тендэрт оролцож долоо хоногийн дараа 17.7 тэрбум төгрөгийн үнэтэй тендэрийг авчээ. Энэ бүхэнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ үеэр "Би Г.Дэнзэнг долоон жилийн өмнөөс танина. Түүнийг УБИС-д багшилж байхад нь авчирсан. Гол нь Оюутолгой болоод Тавантолгойн ТЭЗҮ-г хийлгэх гэж авчирсан. Тэр өнгөрсөн жилээс манай хамаатны охинтой явж эхэлсэн юм билээ. Тэдний хайр сэтгэл надад хамаагүй” хэмээн мэдэгдсэн. Гэвч Г.Дэнзэнг эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан гэх энэ мэдээллийн араас Г.Дэнзэн төсвийн мөнгөөр өөрийн хамаатан саднуудаа Германд аялуулсан баримт дэлгэгдсэн билээ. 26-хан насандаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, "Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга болсон Г.Дэнзэн "Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан юм юу ч байхгүй. "Говь повер” гэдэг компани байхгүй, хэзээ ч байгаагүй” хэмээгээд Ерөнхий сайдын дүүгийн охинтой гэр бүл болоогүй, зүгээр л хамтран амьдрагч” гээд хэлж өөрийгөө хаацайлж, уснаас хуурай гарах оролдлогоо хийж эхэлсэн. Ийнхүү иххэмжээний мөнгөний асуудалд эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүргэн хүү Г.Дэнзэнгийн17 тэрбумын тендерийн асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Түүнийг хэрэг ийнхүү удаашралтай байгаа нь Г.Дэнзэн Монголд байхгүй Германд сурч байгаатай холбоотой тухай эх сурвалжууд дуулгаж байна.
О.Сайхан
ZALUU.COM