О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүд улсын дундаж цалин болох 2.7 сая төгрөгөөр цалинждаг санал гаргана
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Эрүүл мэндийн салбарын санүүжилт, цалин, чанар зэрэг асуудлыг хэлэлцлээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нурчихсан гэхэд болохоор байна. Иргэд даатгал төлдөг ч очоод үйлчилгээ авч болдоггүй, хувиасаа төлбөр тооцоогоо хийдэг гэхчлэн олон, олон асуудал бий болсон. Монгол Улс төсвийнхөө өндөр хувийг эрүүл мэндийн салбарт оруулдаг ч өгөөж байдаггүй салбар болсон. Дэлхийн хөгжингүй орноос ч өндөр хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт хийсэн ч үр өгөөж, үр нөлөө байхгүй. Эмнэлгээс гадуур нас барж байгаа иргэний тоо өссөн зэрэг асуудалтай салбар болсон.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дундаж цалин 2.5 сая төгрөг. Монгол Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг. Эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин улсын дунджаас бага байна.
Бас нэг санал хэлэхэд, УИХ-ын гишүүд улсын дундаж цалин болох 2.7 сая төгрөгөөр цалинждаг байвал ямар вэ. Салбарын сайдууд тухайн салбарынхаа дундаж цалингаар цалинждаг байя. Тэгэхгүй бол энэ гишүүд, сайд дарга нар чинь ард иргэдийнхээ авдаг цалинг мэдэхгүй сууцгааж байна. Олон жил ажилласан багш бүх нэмэгдэл, урамшууллаа аваад дөнгөж 2.5 сая төгрөг авдаг. Гэтэл сайд нар багшийн цалин 3.6 сая төгрөг гээд яриад явж байна" гэх мэдээллийг өглөө.
		