![]() |
Чанаргүй зээл, халамж 2 дахин өссөн 2018 он
Статистикийн мэдээллээс харахад боломжийн цалин хөлстэй амьдраад байгаа мэт боловч нөгөө талдаа байгууллагууд санхүүгийн чадамжгүй болж, эдийн засгийн уналтад өртөж байгааг илтгэх тоо баримт харагдана. Тухайлбал, банк санхүүгийн салбарт тааруухан үзүүлэлт байгааг онцлов. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 80.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны арваннэгдүгээр сарын эцэст хоёр их наяд төгрөг болж өмнөх сараас 106.6 тэрбум төгрөгөөр, харин өмнөх оны мөн үеэс 911 тэрбум төгрөгөөр өссөн байх юм.
Нийт экспортын хэмжээ өмнөх сараас 126.1 сая ам.доллараар, импорт 28.6 сая ам.доллараар тус тус буурчээ.
Түүнчлэн энэ оны эхний арваннэгдүгээр сард хөдөлмөрийн биржид шинээр ажил хайж 5.9 мянган хүн бүртгүүлсэн байгаагийн 50.7 хувь нь ажлаасаа чөлөөлөгдсөн, халагдсан хүмүүс байгаа нь компаниуд санхүүгийн чадамждаа тааруулан хүний нөөцөө танаж байгааг харж болно. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57 хувь нь 15-34 насны ид хөдөлмөрлөх насны залуучууд байсаар байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл, халамж хоёр зуузай холбон хоёр дахин өссөн нь эдийн засгийн нөхцөл байдлыг төвөггүй тодорхойлж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
