|
Видео

Шинэ мэдээ

Говь, Хянганыг даван туулсан нь. БНМАУ ба ЗХУ Японы милитаризмыг бут цохисон нь

Говь, Хянганыг даван туулсан нь. БНМАУ ба ЗХУ Японы милитаризмыг бут цохисон нь

80 жилийн өмнө, 1945 оны наймдугаар сард Чөлөөлөх дайн эхэлж, Бүгд Найрамдах Монгол Ард Улс Японы милитаризмыг эсэргүүцэн оролцсон юм. Зөвлөлт Холбоот Улстай хамтран монголын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд Өвөр Монгол, Хятадын зүүн хойд нутгийг чөлөөлж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тулалдсан билээ. Зөвлөлт Холбоот Улстай байгуулсан байлдааны ахан дүүсийн харилцаа хэрхэн бүрэлдэн тогтсон, цэргүүд «хоёрдугаар дайсан» хэмээн хэнийг нэрлэж байсан, мөн Говь цөл болон Их Хянганы нуруугаар дамжин өрнөсөн хамгийн бэрх давшилтын цаана юу байсан тухай — Ялалтын 80 жилийн ойд зориулан тусгайлан бэлтгэсэн энэ өгүүллээс уншина уу.

Их дайны «ерөнхий бэлтгэл»

БНМАУ, ЗХУ-ын цэргийн хамтын ажиллагааны түүх 1945 оноос даруй өмнө эхэлсэн бөгөөд түүний анхны томоохон хамтарсан байлдааны ажиллагаа 1939 онд Халх голын тулалдаанд өрнөсөн байна.

1930-аад оны эхэн үед Япончууд Манж-го хэмээх тоглоомынулсыг байгуулж, Японы цэрэг БНМАУ ба ЗХУ-ын хил орчимд гарч ирэв. Удалгүй БНМАУ-д газар нутгийн шаардлага тавьж, хилийг 25 километрээр шилжүүлэхийг шаардав. Зэвсэгт мөргөлдөөн зайлшгүй болсон тул 1936 онд БНМАУ ба ЗХУ харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зурж, түүнд заасны дагуу Монголын нутаг дэвсгэрт Хятадын хилтэй залгаа бүс нутагт Улаан армийн анги нэгтгэлүүдийг байрлуулжээ.

1939 оны тавдугаар сард Японы зэвсэгт хүчин БНМАУ-ын төрийн хилийг зөрчин, нутаг дэвсгэрийн дотоод хэсэг рүү түрэн нэвтэрч эхэлжээ. Харин 1939 оны наймдугаар сарын эцэс гэхэд монгол, зөвлөлтийн цэрэг Халх голын бүс нутагт Японы гол хүчийг бүсэлж, бүрэн устгасан гайхамшигт цэргийн ажиллагаа явуулсан байна. Энэ үед хоёр улсын холбоотон цэрэг арми хамтын байлдааны үнэт туршлага хуримтлуулж, хоёр ард түмэн харилцан цэргийн тусламжид найдах бат итгэлтэй болсон билээ.

Япон улс Зөвлөлт Холбоот Улс болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүч чадлыг ухамсарласны дараа умард зүгт цаашид тэлэх бодлогоосоо татгалзав. Үүний оронд Японы цэргийн командлал өмнөд чиглэлд төвлөрч, Номхон далайн бүс нутгийн колонийг эзлэх зорилго тавьсан байна.

Монгол адуу Рейхстаг хүртэл хүрсэн нь

Халх голын тулалдаанаас хоёр жилийн дараа, 1941 оны зургадугаар сарын 22-нд нацист Герман Улс Зөвлөлт Холбоот Улсад халдан довтолсон байна. Тухайн өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1936 онд байгуулсан харилцан туслалцах протоколын хүрээнд хүлээсэн үүрэгтээ үнэнч байхаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд уг протоколд «гэрээний талуудын аль нэгэнд нь зэвсэгт халдлага үйлдсэн тохиолдолд бие биедээ бүх талаар, цэргийн туслалцаа ч орсон, тусламж үзүүлэх» тухай заасан байдаг.

«Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсад ихээхэн тусламж үзүүлсэн юм. 1941 онд БНМАУ-д ЗХУ-д тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Төв комисс байгуулагджээ. Монгол ард иргэд фронтын тусламжийн санд мөнгө хандивлаж, Улаан армийн байлдагчдад зориулан дулаан хувцас оёж, цусаа хандивлаж байсан байна. Монгол ардын хөрөнгөөр «Хувьсгалт Монгол» танкийн цуваа, «Монгол ард» нисэх онгоцны эскадрильбайгуулагдсан» тухай Москвагийн Улсын Их Сургуулийн Азийн болон Африкийн орнуудын хүрээлэнгийн дэд профессор Рустам Сабиров ярьжээ.

1941–1945 оны хооронд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Зөвлөлт Холбоот Улсад хүмүүнлэгийн тусламжийн 11 цуваа илгээгдсэн байна. Ялангуяа фронтод монгол адуу онцгой үнэлэгдэн, Зөвлөлтийн танкуудтай хамт Берлин хүртэл хүрсэн юм.

«Зөвлөлт Холбоот Улс харин өөрийн зүгээс 1920-иод оны эхнээс БНМАУ-д үйлдвэр, завод, зам, гүүр болон бусад байгууламж барихад тусалж, монгол оюутнуудыг Зөвлөлтийн их дээд сургуульд сурган, мэргэжилтнүүдийг Монголд илгээж байсан» хэмээн Сабиров онцлон тэмдэглэв.

Социалист улсуудын найрамдал

1945 оны тавдугаар сард Европт Дэлхийн хоёрдугаар дайн дууссан боловч Японы милитарист улс бууж өгөх бодолгүй байлаа. АНУ ба Их Британи эзэнт гүрний эсрэг гурав гаруй жил дайн явуулж байсан ч Зүүн зүгт эцсийн ялалт авчрах хүртэл зам хол байсан юм.

1945 оны зун гэхэд Японы милитаристууд Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Зөвлөлт Холбоот Улстай хиллэсэн дагуух нутаг дэвсгэрт 17 бэхлэгдсэн бүс байгуулжээ. Эдгээрийн нэг бүр нь фронтын дагуу 50–100 километрийн өргөн, дотоод гүн нь 50 километр хүртэл газар нутгийг хамарч байсан байна. Улаанбаатар, Москва хоёр Японтой дайнд зайлшгүй оролцохоос өөр гарцгүйг ойлгож байв.

«Японы эсрэг ирэх дайны онцлог нь найрамдалт хоёр социалист улс болох Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хамтын оролцоо байлаа. Хоёр ард түмний найрамдал, тэдний зэвсэгт хүчний эв санааны нэгдэл нь Зөвлөлт Холбоот Улс, БНМАУ-ын нутаг дэвсгэрийг удаа дараа халдан түрэмгийлж байсан Японы милитаризмын эсрэг хамтын тэмцлийн явцад бүрэлдэн бэхжиж байсан» хэмээн Зөвлөлт Холбоот Улсын маршал Александр Василевский дурсамждаа бичсэн байна.

Нацист Герман Улсыг ялсны дараа гурван сарын дараа, 1945 оны наймдугаар сарын 8-нд Зөвлөлт Холбоот Улс Японы милитарист улсад дайн зарлаж, харин наймдугаар сарын 10-нд БНМАУ дайн зарласан байна.

Хоёрдугаар дайсан

Монгол Ардын Хувьсгалт Цэрэг Зөвлөлтийн зэвсэгт хүчний үйл ажиллагаатай уялдан хамтран дайны ажиллагаа явуулж байв. Монголын цэргийн хүчнийг Өвөр Байгалийн фронтын Цэргийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон маршал Хорлогийн Чойбалсан удирдаж байсан юм. Мөн МАХЦ-ийн зарим анги нэгтгэл Зөвлөлт–Монголын морьт механикжуулсан бүлгийн бүрэлдэхүүнд багтан, хошууч генерал Исса Плиевийн командлал дор тулалдаанд оролцсон байна.

Монгол Ардын Хувьсгалт Цэрэг болон Өвөр Байгалийнфронтын цэргийн хүчний эсрэг Японы эзэн хааны Квантуны арми, Манж-го улсын эзэн хааны цэргийн анги нэгтгэлүүд, Мэнцзян улсын захирагчийн цэргийн бүлэглэлүүд тулгарч байв. Харин дөрөв дэх, хамгийн урьдчилан таамаглашгүй дайсан нь байгаль байсан юм.

«Зөвлөлт–Монголын морьт-механикжуулсан бүлэг довтлон урагшлахдаа усгүй, давстай, нарны халуунд цалмагдсан Говь цөлөөр дайран туулах ёстой болсон юм. Хятадууд түүнийг «Шамо» гэж нэрлэдэг бөгөөд энэ нь «Үхлийн цөл» гэсэн утгатай. Манайх түүнийг «хоёрдугаар дайсан» хэмээн нэрийддэг байсан… Энэ цөл бидний хүчийг аль болохоор туйлдуулж, ихээхэн хохирол учруулан, ингэснээр дайсны байдлыг хөнгөвчлөхийг зорьсон мэт байлаа» хэмээн Өвөр Байгалийн фронтын Зөвлөлт–Монголын морьт-механикжуулсан бүлгийн командлагч, хошууч генерал Исса Плиев дурсаж байсан.

Плиевийн бичсэнээр тухайн газрын онцгой нөхцөл нь цэргийн хүчинд тодорхой шаардлагуудыг тавьж байв. Жишээлбэл, цөлөөр довтлон урагшлах үеэр байрлал нууцлах болон агаарын довтолгооноос хамгаалах ажиллагаа ихээхэн хүндрэлтэй болж байсан байна.

Хосгүй ажиллагаа

Монгол, Зөвлөлтийн армийн байлдагчид бүх бэрхшээлийг давж, хоёр долоо хоногоос богино хугацаанд усгүй хээр тал, Говь цөл, Их Хянганы нурууг нэвтрэн есөн зуу гаруй километр үргэлжилсэн урт марш хийжээ. Тэд дайсны бүлэглэлүүдийг бут ниргэн, Хятадын зүүн хойд нутгийн төв хэсэг рүү эрчимтэй давшилсан байна.

«Манжуурын давшилтын ажиллагааны явцад монголын цэргүүд Зөвлөлтийн цэрэгтэй хамтран Өвөр Монгол болон Хятадын зүүн хойд нутгийн хэд хэдэн стратегийн чухал сууринг чөлөөлсөн. Тухайлбал, Долоннор (өнөөгийн Долунь), Калган (Жанчхайкоу) зэрэг газрыг чөлөөлснөөр Япон улс чухал тулгуур цэгүүд, харилцаа холбооны зангилаагаа алдаж, дайны төгсгөл ойртсон» хэмээн Сабиров тэмдэглэв.

Тэрээр мөн энэхүү ажиллагаа нь цэргүүдийн өндөр сахилга бат, тэсвэр хатуужил, ёс суртахууны бэлтгэлийн ачаар боломжтой болсон гэдгийг нэмж хэлсэн байна.

Энэ ажиллагаа нь олон талаар хосгүй бөгөөд логистик ба хангалтын хувьд хамгийн төвөгтэй ажиллагааны нэгэнд тооцогддог байлаа. Түүний амжилт нь урьдчилан сайн төлөвлөсөн зохион байгуулалт, оролцогчдын сахилга бат, тэвчээр, туршлагаас хамаарч байлаа. Бэлтгэл үеэс нь эхлэн ус, хүнсний агуулах байгуулж, сум хэрэглэл, түлш, усаар хангах ажиллагааг урьдчилан зохион байгуулсан байсан» хэмээн шинжээч дүгнэв.

«Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван авчирсан нь» төсөл нь Ерөнхийлөгчийн дэргэдэх Соёлын санаачлагыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд милитарист Японыг ялсны 80 жилийн ой, Дэлхийн II дайн дууссаны ойг тэмдэглэх зорилготой юм.

 

Зураг:

Дэслэгч генерал Алексей Данилов, Зөвлөлт Холбоот Улсаас БНМАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иван Иванов болон БНМАУ-ын маршал Хорлоогийн Чойбалсан нар 17 дугаар армийн нэгэн ангид.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, 1945 оны 8 дугаар сар

РИА Новости агентлаг

 

 

 

 

Монголын төлөөлөгчдийн тэргүүн, БНМАУ-аас ЗХУ-д суугаа Элчин төлөөлөгч, комиссар Жамсрангийн Самбуу (төвд) зөвлөлтийн дайчдын хамт.

Аугаа Их Эх орны дайны жилүүдэд Жамсрангийн Самбуу БНМАУ-аас Зөвлөлт Холбоот Улсад хүнсний хангамж нийлүүлэх ажлыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Зөвлөлт Холбоот Улс, 1943 он

Григорий Капустянский / РИА Новости агентлаг

 

 

 

Хянган–Мүкдэний давшилтын операци (1945 оны 8 дугаар сарын 9-нөөс 9 дүгээр сарын 2 хүртэл).

Квантуны армийг бут цохих зорилгоор Өвөр Байгалийн фронтын цэргүүд Их Хянганы нурууг даван урагшилж байгаа нь.

БНХАУ, 1945 оны 8 дугаар сар

Семен Раскин / РИА Новости агентлаг

 

 

 

Хянганы–Мүкдэний давшилтын операци (1945 оны 8 дугаар сарын 9-нөөс 9 дүгээр сарын 2 хүртэл).

Квантуны армийг бут цохих зорилгоор Өвөр Байгалийн фронтын 9 дүгээр гвардын механикжуулсан корпусын танкчид Их Хянганы нурууг даван урагшилж буй нь.

БНХАУ, 1945 оны 8 дугаар сар

Семен Раскин / РИА Новости агентлаг

 

 

1945 оны 8 дугаар сарын 18-нд Улаан армийн десантын анги Харбин хотод амжилттайгаар буун газарджээ. Уг ажиллагаа нь бууж өгсөн Японы цэргүүдийг богино хугацаанд зэвсэггүй болгох, аж үйлдвэрийн обьектууд, төмөр замын өртөөнүүд болон бусад стратегийн ач холбогдолтой байгууламжийг эвдрэл сүйтгэлээс хамгаалах, мөн эд хөрөнгийг гадагш хууль бусаар зөөвөрлөхийг таслан зогсоох зорилгоор зохион байгуулагдсан юм.

БНХАУ, Харбин хот, 1945 оны 8 дугаар сар

Фёдор Левшин / РИА Новости агентлаг

 

 

 

 

1945 оны наймдугаар сард Зөвлөлтийн 39 дүгээр армийн харьяа 113 дугаар явган цэргийн корпусын 262 дугаар дивизийн цэргүүдийн чөлөөлсөн Мүкдэний хорих лагериас суллагдсан олзлогсодтой Зөвлөлтийн офицерууд уулзаж буй нь. Уг лагерьт АНУ, Их Британи, Нидерланд, Австрали, Шинэ Зеландын зэвсэгт хүчний цэргүүд хоригдон байжээ.

БНХАУ, Шэньян хот (хуучнаар Мүкдэн), Ляонин муж, 1945 оны 8 дугаар сар

Семен Раскин / РИА Новости агентлаг

 

Бууж өгч буй Японы Квантуны армийн цэргүүд Зөвлөлтийн офицерт зэвсгээ хүлээлгэн өгч байна.

Газарт «Арисака» (99-р загвар) винтов, «Намбу» (11-р загвар) пулемёт зэрэг зэвсгүүдийг эмхлэн өрсөн байна.

БНХАУ, Харбин, 1945 оны 8 дугаар сар

Евгений Халдей / РИА Новости агентлаг

 

 

1945 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Зөвлөлтийн агаарын десантын ангиуд Харбин хотод амжилттайгаар газардлаа. Уг цэргийн ажиллагаа нь бууж өгсөн Японы цэргүүдийг богино хугацаанд зэвсэггүй болгох, аж үйлдвэрийн байгууламжууд, төмөр замын өртөөнүүд болон бусад стратегийн ач холбогдол бүхий обьектуудыг эвдрэл сүйтгэлээс хамгаалах, мөн үнэт эд хөрөнгийг гадагш хууль бусаар зөөвөрлөхийг таслан зогсоох зорилготой байв.

БНХАУ, Харбин, 1945 оны 8 дугаар сарын 18

Фёдор Левшин / РИА Новости агентлаг

 

 

 

1945 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Токио хотын буланд байрласан “Миссури” байлдааны хөлөг онгоцон дээр Япон бууж өгөх тухай Актад гарын үсэг зурсан нь Дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор дууссаныг зарласан түүхэн мөч байв. Гарын үсэг зурах ёслолд дараах төлөөлөгчид оролцсон юм: Японы Эзэнт гүрний талаас Гадаад хэргийн сайд Шигэмицу Мамору, Ерөнхий штабын дарга Умэдзу Ёшидзиро; Холбоотны зэвсэгт хүчний талаас АНУ-ын армийн генерал, холбоотны зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч Дуглас Макартур; Зөвлөлт Холбоот Улсыг төлөөлөн генерал-лейтенант Кузьма Николаевич Деревянко Актад гарын үсэг зурсан байна.

Виктор Темин / РИА Новости агентлаг

 

 

Монгол Улсын улс төр, төрийн зүтгэлтэн, маршал, БНМАУ-ын баатар Хорлоогийн Чойбалсан.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс, 1948 он

Иван Шагин / РИА Новости агентлаг

 

Алкн Арман

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler