| |
НДЕГ:Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо зургаан хувиар нэмэгджээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 48 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 742.5 мянган ажиллагч хамрагджээ. НДШ төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (6.1 хувь), өмнөх улирлынхаас 1.4 (3 хувь), ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 44.3 (6.3 хувь), өмнөх улирлынхаас 24.8 (3.5 хувь) мянгаар нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДШ төлөлтийн энэ оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 742.5 мянган ажиллагчийн сарын медиан цалин 1160.2 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлынхаас 93.6 (8.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1544.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 214 (16.1 хувь) мянга, өмнөх улирлынхаас 94.4 (6.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар эрчүүдийнх 1.7, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байгаа аж. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу нэг сая төгрөг. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин энэ оны хоёрдугаар улиралд 2015 оныхоос 77.8 хувиар нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.6 хувиар нэмэгджээ.
Үндэсний статистикийн хороо мэдээлснээр, НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 22.8 хувь, харин гурван саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу найман хувьтай байна.