| |
“Хадны мангаа”
Л.ХЭРЛЭН
Төрийн албаны нэрээр дөвчигнөж, зайран аятай зарлигдаж яваа Д.Батбаатар гэх эрхмийн тухай сүүлийн үед олон нийтийг гайхшруулсан, элдэв таавар таалгасан мэдээллүүд хөврөх болов. Бусдыг айлгагчийг монголчууд "Хадны мангаа” гэдэг бол тийм нэгэн нөхөр Шадар сайдын хүрээлэлд байгаа нь мань хүн. Шадар сайдад шадарласан тэрээр Ажлын албаны дарга, бас ахлах зөвлөхийн албан тушаалыг хашдаг учраас "Давхар дээлтэн” юм. У.Хүрэлсүхийг Мэргэжлийн хяналт хариуцсан сайдаар ажиллаж байхад түүний шууд удирдлагад МХЕГ-ын даргаар ажиллаж байж. Өөрийгөө МХЕГ-ын анхны дарга гэж өргөмжилдөг , тэр нь ч үнэн. Монголд анх энэ байгууллагыг үүсгэн байгуулахад даргаар нь томилогдож байв. Бас уурандаа өөрийн сайн дураар албанаасаа огцорсон анхны дарга нь гэж болно. Сүүлийн үед хуучин суудлаа санагалзсан уу, мэргэжлийн "өвчин” нь хөдөлсөн үү, эсвэл тус газар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдагаас ч тэр үү, тус газарт байн байн сүр бадруулан очиж, ажилтай нь танилцах, шалгах нэрээр дарамт шахалт үзүүлж, даргыг нь ажлаа өгөхийг шаардаж, ажилтнуудаас эсэн бусын юм асууж, түүнчлэн өөртөө өрөө тасалгаа гаргаж өгөхийг үүрэгдэн бужигнуулах болжээ.
АЛЬ Ч НАМ, ЯМАР Ч ДАРГЫН ӨНГӨНД АЖИЛТАЙ
Тэр МАН-ын гишүүн. Мөн аль ч нам, ямар ч даргын өнгөнд ажилтай албатай байдаг нэгэн. Ажил, амьдралын анхны гараа, эхлэл, тэр талаарх дурсамжаа тэрээр "28 настай учраа мэдэхгүй жаахан хүүхэд Үндсэн хууль батлах багт орж ажилласан. 1992-1996 оны парламент онцлогтой байлаа” хэмээн онцлох дуртай. Харин 1996 онд намаа сонгуульд ялагдахад Германд сургуульд сурч, тухайн үед тэнд томилолтоор очсон одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХЭГ-ын дарга С.Баярцогт нарт хэлмэрч хийж явсан сүйхээтэй эр.
Шадар сайдтай дөрөө харшуулахаас өмнө тэрээр МАН-ын бүлгийн зөвлөх, Ажлын албаны даргын албыг хашиж байв. 2000 онд Л.Энэбиш агсны сонгуулийн менежерээр ажиллаж,дараа нь зөвлөх, УИХ-ын Тамгын газрын дарга болж дэвшсэн. Удалгүй МХЕГ шинээр байгуулагдахад даргаар томилогдож тэнд таван жил гаруй ажилласан.
ХОНГОРЫН ХОРДЛОГЫГ ХАМУУ ГЭЖ ЗАЛААД АЖЛАА ӨГӨВ
Хонгорын хордлого гэх эмзэг асуудлын үед "Наадах чинь хамуу” гээд хэнэг ч үгүй зогсч байсан нөхдүүдийн нэг. Үүнээс үүдэн Ж.Батзандан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн МХЕГ-ын үүдэнд суулт зарлаж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр "Хонгорын ард түмнээс уучлал гуйя” хэмээн мэдэгдсэнээр "Хамуу” гээд зогсч байсан Д.Батбаатар нар нүүрээ хийх газаргүй болж МХЕГ-ын даргын ажлаа өөрийн хүсэлтээр өгч байв. Үүнийгээ уурандаа ажлаа өгсөн, ухаантайдаа тийм шийдвэр гаргасан гэхчлэн янз бүрээр залруулдаг ч яалт ч үгүй "Хордлого биш хамуу” гэж мэдэгдэж, мэлзээд эргээд түүнийгээ нотолж чадаагүйдээ ажлаа өгсөн гэх дүгнэлтүүд одоо ч нийгэмд бий. Ингээд өмгөөлөгч хийж явсан түүнийг С.Баяр дуудаж өөрийн зөвлөхөөр авсан түүхтэй.
ТЭР ЗӨВЛӨДӨГГҮЙ, ХАРИН АЙЛГАДАГ
С.Баяр Сү.Батболдод ажлаа шилжүүлэхэд Д.Батбаатар Өмнөговьд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж, дараа нь "Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Удалгүй тус компанийн ТУЗ-ийн хурлаар ажлаасаа чөлөөлөгдөж, "Ерөнхийлөгч Оюутолгойн талаар болчимгүй үг хэлсэн” гэхчлэн ууртай ярилцлага өгч, тайлангаа тавьсан ч тэр нь олон нийтэд таалагдаагүй. Түүнээс хойш хийсэн ажил нь МАН-ын бүлгийн ахлах зөвлөх. Түүнийг зөвлөж байхад МАН сөрөг хүчин байх гээд хөлөө олохгүй буйдантай жагсаал хийж хөглөж байсныг бодоход тэр муу зөвлөгч. Гэхдээ түүгээр зөвлүүлэх сайд, дарга С.Баяр, Сү.Батболд гээд мундахгүй олон. Ээлжит нэгнээр нь Шадар сайд тодроод байна. Харин шадар зөвлөх нь "Хадны мангаа” гэхээр үйлдлүүд хийгээд байхаар Шадар сайдад нь яаж тусах бол. Тэгэхээр Д.Батбаатар асуултын тэмдэгтэй хүн мөнөөсөө мөн.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=14203