| |
Франц ОХУ-д сануулга өгчээ
Францын тал ОХУ болон бусад ямар ч улсын зүгээс энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг тэвчихгүй хэмээн мэдэгджээ. Парис сонгуульд нөлөөлөх ямарваа нэгэн үйлдэл гарвал "хариу өгөх”-өө сануулсан байна. Энэ тухай Францын Гадаад хэргийн сайд Жан-Марк Айро мэдэгдэв. Тэрээр АНУ-ын тусгай албаны мэдэгдэлтэй холбоотой мэдээлэл өгсөн юм.
АНУ-ын Тагнуулын төв газраас Кремль Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад туслахын тулд олон нийтийн санаа бодолд манипуляци хийж, кибер довтолгоо хийсэн гэж мэдэгдсэн.
Хэд хоногийн өмнө Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Эммануил Макроны туслахууд сонгуулийн кампанит ажлын штабын компьютер болон серверүүдэд кибер довтолгоонд Москваг буруутгасан аж. Кремлийн эрх баригчид уг асуудлыг "худал гүтгэлэг” гэжээ. ОХУ-ын тал түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэдгийг ч үгүйсгэж байгаа.
Сүүлийн үеийн судалгаагаар хэт барууны үзэлтэй нэр дэвшигч Марин Ле Пен дөрөвдүгээр сарын 23-нд болох Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялах магадлалтай гэнэ. Гэвч санал асуулгын дүнгээс харахад Францын Эдийн засгийн сайдын албыг хашиж явсан 39 настай Эммануил Макрон тавдугаар сард болох сонгуулийн хоёрдугаар шатанд Ле Пенээс илүү санал авч магадгүй.
Макроны нэр хүнд өсөх тусам ОХУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Кремлийн бодлогыг дэмждэг цахим сайтууд Макроныг ихээр шүүмжилж муулаад байгаа аж.
Өнгөрсөн сард Францын Дотоод хэргийн сайд Жан-Ив Ле Дриан тус улсад сүүлийн гурван жилийн дотор кибер довтолгоо маш ихээр өсч, Ерөнхийлөгчийн сонгуульд аюул учруулж магадгүй хэмээн сануулсан.
М.ХҮСЛЭН
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин