|
Видео

Шинэ мэдээ

Трампын үед харилцаа сайжирна

Трампын үед харилцаа сайжирна

 

АНУ-ын Ерөнхий­лөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Москватай харилцаагаа сайжруулахад бэлэн бай­на хэмээн ОХУ-ын лидер Владимир Путин мэдэгдлээ. "АНУ-тай харилцаагаа сайжруулахад би ч өөрийн зүгээс боломжтой бүхнийг хийнэ” хэмээн Перугийн Лима хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын Д ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцсон Кремлийн тэргүүн сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурал дээр онцолжээ. Харин энэ үеэр Трамптай хэзээ уулзах талаар ярилцаагүй аж. Тэрбумтан Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон талаар В.Путин ярихдаа "Сонгуулийн өмнөх амлалт болон бодит бодлого, арга хэмжээний хооронд үргэлж их ялгаа байдаг” гэжээ. "АНУ бол дэлхийн тэргүүлэх эдийн засаг. Тус улсын эдийн засаг ямар байх, өмнөө тулгарсан асуудлаа хэрхэн шийдвэрлэхээс дэлхийн эдийн засаг ихээхэн хамаардаг” хэмээн Кремлийн тэргүүн онцоллоо.

Путин, Трамп хоёр арваннэгдүгээр сарын 14-нд буюу Нью-Йоркийн тэрбумтан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хэдхэн хоногийн дараа анх удаа утсаар ярилцжээ. Дональд Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр "Би ялалт байгуулбал Оростой харилцаагаа сайжруулна” хэмээн нэг бус амлаж байв. Тэрээр 2015 оны долдугаар сард АНУ-ын төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөнө хэмээн олон нийтэд зарлахдаа "Би Владимир Путинтай сайн харилцаатай байх болно гэж бодож байна” хэмээн хэлж байжээ. Лимад болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын үеэр В.Путин, Б.Обама нар хэсэгхэн уулзаж ярилцсан юм. Оросын лидер хамтын ажиллагааны он жилүүддээ талархаж буйгаа түүнд илэрхийлсэн байна. "Бидний хоо­рон­дох яриа тийм амар байгаагүй. Ер нь хэцүү яриа хөөрөө өрнөсөн гэж хэлж болно. Хэдийгээр бидний хамтын ажиллагаа, ойлголцол тийм сайн байгаагүй ч бид нэг нэгнийхээ байр суурьт хүндэтгэлтэй хандаж ирсэн” хэмээн Путин ярьжээ. Харин Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, Ерөнхийлөгч Обама Оросын лидертэй богинохон уулзалт хийхдээ Украины талаар авсан амлалтаа биелүүлж, Сири дахь довтолгоогоо багасгахыг шаардсан хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Н.МӨНХЖИН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.