|
Видео

Шинэ мэдээ

Театрын ирээдүй, залгамж үеийнхний их уулзалт

Театрын ирээдүй, залгамж үеийнхний их уулзалт

 

Азийн театрын боловсролын төв /АТЕК/-ийн гишүүн Монгол Улсын Соёл урлагийн их сургууль АТЕС-ийн 2016 оны гол үйл явдал болох Дэлхийн театрын боловсролын II чуулган, Азийн театрын сургуулиудын IV наадмыг  эх орондоо хүлээн авч зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээж бүх талын бэлтгэлээ хангаад зочдоо хүлээж байна. Энэ ажлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна.   

 

2005 онд байгуулагдсан Азийн театрын боловсролын төв /АТЕК/ нь Азийн театрын сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалт, судалгааны шинэ чиг хандлагыг тодорхойлон, багш оюутны чадварыг дээшлүүлэх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн арван нэгэн жилийг туулахдаа Ази төдийгүй Америк, Европын театрын урлагийн боловсрол олгодог 17 томоохон сургуулийг эгнээндээ нэгтгэсэн олон улсын нэр хүндтэй байгууллага болж үйл ажиллагаа нь жилээс жилд хүрээгээ тэлсээр байна. Бээжингийн драмын төвийн академи, Японы театр, хөгжмийн урлагийн сургууль, Нихоны их сургууль, Солонгосын Чунчоны урлагийн их сургууль, Шанхайн театрын академи, Хонг-Конгийн театрын сургууль, Сингапурын Нан-Янгын театрын академи, Америкийн Нью Мехикогийн урлагийн их сургууль зэрэг тив, дэлхийд нэр хүндтэй театрын сургуулиуд энэ төвийн гишүүн юм    

 

Азийн театрын боловсролын төв /АТЕК/-ийн ажиглагчаас, жинхэнэ гишүүнээр элссэн бүхий л цаг үед СУИС үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож эрдэмтэн профессор, театр урлагийн судлаач багш нар нь Дэлхийн театрын боловсролын чуулганд эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлээ хэлэлцүүлж, багш оюутнууд нь Азийн театрын сургуулиудын наадамд ур чадвараа сорьсоор иржээ. Тухайлбал 2009 онд Н.Ганхуяг багштай жүжигчний ангийнхан ”Чулимскэд өнгөрүүлсэн зун” бүтээлээр анхны салхи хагалж, 2010 онд Ж.Лхамхүү багштай жүжигчний ангийн оюутнууд А.П Чеховын "Хэтэвч” бүтээлээр "Шилдэг жүжигчин”, "Шилдэг дүр”-ийн шагнал хүртсэнээс хойш жил дараалан орлцохдоо хүчтэй шилдэг өрсөлдөгчдийн эгнээнд явж иржээ.

 

АТЕК-ээс санаачлан зохион байгуулж ирсэн энэхүү оюутны театрын наадам, эрдэм шинжилгээний хурал, жүжиглэх урлагийн сургалтууд шинэ зууны дэлхийн театрын урлагийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэж судлаачид үнэлдэг.

 

СУИС-ийн идэвхтэй үйл ажиллагаа, монголын театрын боловсролын сургалтын чанарыг өндрөөр үнэлэн АТЕК-аас 2016 оны гол үйл ажиллагааг ийнхүү Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэжээ.   

http://www.msuac.edu.mn/media/photo/2016/517/jpg/943702736fb265e53277622e4063b421e196269e/Atec_6511655942.jpg

Тавдугаар сарын 18-23-нд Улаанбаатар хотноо болох Дэлхийн театрын боловсролын II чуулганы хүрээнд: ATEC-ийн ерөнхий чуулган хуралдаж, ATEК-ийн гишүүн театрын сургуулийн удирдлагуудын уулзалт болно.

-"Нийгэмд чиглэсэн театр: Сонгодог жүжгийг тайлан тайлбарлахуй” сэдвийн дор болох эрдэм шинжилгээний хурлаар театрын урлагийн олон улсын нэр хүндтэй судлаач, эрдэмтэн профессорууд сонгодог бүтээлийг өөрийн орны хөрсөн дээр буулган нутагшуулж буй байдал, сургалтанд хэрхэн хэрэглэж байгаа, нийгэмд тулгамдан буй асуудлыг шийдэх хэрэгсэл болгон ашиглах боломж  зэрэг олон асуудлаар нийт 17 илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.     

-Азийн театрын сургуулиудын IV наадмын хүрээнд:

-Орон орны театрын сургуулийн багш, оюутнуудын жүжиглэх ур чадвар, найруулах урлаг, тайзны хөдөлгөөн, дуу хоолой ба яриа, гэрлийн дизайн сэдвээр нээлттэй хичээл, лекц, сургалт   зохион байгуулна. Сургалтыг герман, австри, солонгос, монгол, кипр, малайз, сингапур багш нар удирдана.

-Гишүүн сургуулиудын тоглох найман жүжгийг олон улсын нэр хүндтэй шүүгчид шүүж байр эзлүүлэн дүгнэнэ.

Өмнөх наадам, сургалт, эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцсэн асуудлыг тухайн улс орон театрын урлагийн сургалтандаа хэрхэн тусгасан, ямар үр дүнд хүрсэн, сургалтын явцад хийсэн шинэчлэл, алдаа, оноо,  гэх мэт олон асуудлаар ярилцдаг энэ ажлыг олон улсын театрын ертөнц өндөр үнэлдэг. Энэ үеэр ЮНЕСКО-гийн Олон улсын театрын институтын захирал Апостолос Апостолидес Монголд анх удаа ирэх гэж байна.

СУИС-ийн санаачилгаар манай эх оронд болох гэж байгаа театрын урлагийн наадамд театрын урлагийн чиглэлээр боловсрол олгодог монголын сургуулиуд урилгаар оролцохын дээр театрын урлагийнханд бүх талаар нээлттэй болох юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler