|
Видео

Шинэ мэдээ

Урлаг уруудах нь улс орон мөхөхийн дохио гэдэг

Урлаг уруудах нь улс орон мөхөхийн дохио гэдэгЭнэ үгийн жирийн нэгэн иргэн хэлчихээгүй. Үүнийг дэлхийн суутнууд хэлсэн, бас нотолсон байдаг. Ер нь урлаг тухайн нийгэмдээ тодорхой хэмжээгээр нөлөөлсөөр ирсэн. Манай улсад ч ардын хувьсгалаас хойш урлагийг эрчимтэй хөгжүүлэхээр төр засгаас анхаарсан бодлого явуулж байсан учраас нэлээд өндөр түвшинд хүрч 1980-аад оны сүүл рүү өөрийн дүр төрхөө олсон. Түүний дундаас дэлхийн хүн төрөлхтний бий болгосон сонгодог урлаг өөрийн гэсэн дүр төрх, суурь баазыг бий болгоод байсан. Гэтэл социализмын төгсгөл рүү буюу 1990-ээд оны шинэ нийгмийн тогтолцооноос эхлээд урлаг хаягдаж эхэлсэн. Одоо харин унах байдал руугаа нэгэнт шуударчихаж. Өнөөдөр ССАЖ-ын  сайдаасаа эхлээд «Урлаг үнэхээр хөгжиж байна. Маш өндөр түвшинд хөгжиж байна» гэж худлаа ярьж байна. Гэтэл бодит байдал дээр мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааг Наран туул зах дээр наймаа хийж байгаа юм шиг байдлаар явуулж байгаа нь эмгэнэл юм. Ингэж худлаа хэлж, өдөр хоногийг аргацаасан байдлаар урлагт, тэр тусмаа сонгодог урлагт хандах нь урлагийг эрчимтэй уруудуулж байна.
 
Мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг тэр тус­маа тухайн байгууллагыг удирдана гэдэг хэн хүн хийх нь битгий хэл санаанд нь буухад ч бэрх зүйл. Улс орны нүүр царай болсон сонгодог урлагийн байгууллагын удирдлагыг «Тэнэсэн томилгоо»-гоор хийчихдэг манайхаас өөр улс орон хаана ч байдаггүй юм. Иймэрхүү томилгоо 2012 оноос хойш баруун солгойгүй хийгдэж байгаа нь байдаг л нэг зүйл мэт болоод байгаа ч үнэн хэрэгтээ «Урлагийн байгуул­лагын үйл ажиллагааг улстөрчид боомилоод байна».
 
Нарийн учрыг нь мэдэхгүй нэгэн «Яасан ч хуудуу зүйл бичээв дээ. Манай дуучин, МУГЖ Г.Ариунбаатар ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын II  уралдаанд амжилттай оролцож,  Гран-при шагналын эзэн болсон. Дуурийн гоцлоочид Большой театрт очиж дуулах гэж байна. Залуу дуучид сүүлийн хэдэн жил Монголын нэрийг сайн л гаргаж байгаа» гэх нь мэдээж.
 
Урлагт авьяастай мэргэжилтэй хүмүүс гарч ирж байгаа нь үнэн. Гэхдээ тэднийг боловсруулах тал дээр учир дутагдалтай байсаар ирсэн. Өнөөдөр манай улсад урлагийн боловсролтой хүн хуруу дарам цөөн болсон. Энэ нь урлагийн байгууллагын систем сүүлийн 20 гаруй жилд алдагсаны тод жишээ. Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театр хэмээх их айл өдгөө хөгжмийн найруулагчгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ байдал нь ма­най сонгодог урлагийг хүндэлж манайхаас алхам тутамдаа суралцаж байдаг улс орнуудын анхаарлыг аль хэдийнэ татаад эхэлчихэж. Гэтэл театрын хөгжмийн найруулагч гэх мэргэжилтнүүд өнөөдөр хаана юу хийж явна вэ. Монгол Улсад энэ мэр­гэжлийн боловсон хүчин ердөө гуравхан байдаг. Энэ мэргэжилтний халааг бэлтгэх тал дээр ССАЖЯ анхаарах цаг нь аль хэдийнэ болж. Тэгвэл МУ-ын гавьяат жүжигчин П.Эрдэнэбулган, Цэрэндолгор, Г.Эрдэнэбаатар гэх эдгээр «ховордсон бараа»-нууд өнөөдөр хаана юу хийж явна вэ.
 
Цагтаа Монгол Улсын Дуурь бүжгийн театр хэмээх их айлыг бүхэлд нь найруулж байсан эд­гээр эрхмүүдийг өнөөдөр харьяа яам тамгын газар, байгууллага нь үл тоож байхад хаа холын Япон Солонгос, Болгар, Итали, Францаас тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудаар дамжуулан сураглаж байх юм. Гадныхан биднийг ийн үнэлж сураглаж байхад энэ театрын удирдлага, удирд­лагыг томилсон сайд нь юу бодож суудаг бол.
 
Хөгжмийн ертөнцөөс хаа хол нэгэн сэтгүүлч бүсгүй өдгөө тус театрыг удирдаж байгаа. Тэрбээр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр «Манай дуучид «Большой театр»-т очиж дуулах гэж байна. Энэ бол уран бүтээлч хүнд их том «аз завшаан» хэмээн ярьж байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ тэр нэр хүндтэй том театрт хэдэн дуучдаа дуулуулах ажлыг өөрөө хөөцөлдөж, элдэв цаас бичиг явуулж байж бүтээсэн гэх. Энэ тухай мэдээлэл ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр чамгүй цацагдсан. Гэхдээ цагийн сайханд монголчууд хоолойн цараа, чадлаараа гуйж биш ёстой л «гуядаж» тэрхүү театрын босгыг алхдаг байсан түүхтэй. Хөгжмийн үнэргүй, шинжлэх ухаан гэдэг зүйлийг огт мэдэхгүй нөхөд шинжлэх ухааны байгууллагын орой дээр гарахаар л хөгжиж байгаа мэт иймэрхүү байдлаар уран бүтээлчид зэвэрч, урлаг мөхдөг нь гашуун үнэн.
 
Нөгөө талаараа тэнд «Орчин цагийн хэлмэгдүүлэлт» явагддаг нь нууц биш. Бид үл тоож, харин хаа холоос сураглаад буй хөгжмийн найруулагч Г.Эрдэнэбаатар ч энэхүү «Орчин цагийн хэлмэгдүүлэлт»-д өртөөд байгааг хамт олон нь «Г.Эрдэнэбаатар найруу­лагч Дуурь бүжгийн эрдмийн театрын төлөө, сонгодог урлагийн төлөө амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан хүн. Гэтэл өнөөдөр тэр хүнийг урлаг мэдэхгүй удирдлагууд хохироож байна.
Байрнаасаа хөдөлсөн чулуу буйраа олох гэж гурван жил өнхөрдөг гэдэг бол Эрдэнэбаатар най­руулагч маань бүтэн хоёр жилийнхээ амьдралаар хохирсон. Түүний хийсэн бүтээснийг ч үгүйсгэх гээд байна. Тэр хүн 4-5 жилийн дараа тэтгэвэртээ гарна. Хоорондын хувийн шалтгааны улмаас хүнийг ингэж хохироож болохгүй. Өнгөц харахад Эрдэнэ­баатар найруулагчийг чадаад хохироогоод байгаа юм шиг боловч цаана нь театрт очдог ард түмэн хохироод байна гэдгийг ухаарахгүй байна» хэмээн хэлж байсан юм.
 
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ээ, таны «Дээрээс томилуулсан, би мэдэх­гүй» гэж хаацайлж бай­сан Ч.Мөнхзул сэтгүүлч өнөөдөр Монгол Улсын сонгодог урлагийг боомилчихоод байна. Бас таны хариуцсан яаманд урлагийн төлөө цохилох зүрхтэй, урлагийн мэргэжилтнүүд илт үгүйлэгдэж байна. Бас байгаа мэргэжилтнүүд нь таны хамрын дор «Орчин цагийн хэлмэгдүүлэлт»-д өртчихөөд байхад «Мэргэжилтэн байхгүй» гэж ярьж байгаа нь урлагийг мөхлийн зам руу хөтөлж байна гэдгийг сонордуулъя.

Өглөөний сонин
С.Цээл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler