| |
Т.Амина: Уран бүтээлийн эрч хүч дүүрэн байна
"Хөгжим хэмнэл” булангийнхаа зочноор Улсын филармонийн гоцлол дуучин Т.Аминаг урилаа.
-Намар болж байна. Энэ улирлыг уран бүтээлчдийнх гэж тодотгох нь бий?
-Манай уран бүтээлчид зуныг амралтын байдалтай өнгөрүүлдэг. Гэхдээ амрах завгүй ажлаа хийдэг нь ч бий. Миний хувьд ч шинэ уран бүтээл дээрээ ажиллалаа. Одоо харин ажилдаа орчихоод л. Уран бүтээлийн эрч хүч дүүрэн байна.
-Филармонийн гоцлол дуучин болоод багагүй хугацааг өнгөрөөлөө. Филармони гэдэг их айл Аминаг хэр өөрчилсөн бол?
-Монголын урлагийн ууган байгууллагын нэгд нь ажиллаж байгаадаа баярлаж явдаг. Энд урлагийн төлөө үе тэнгийн найзууд болон ахмад уран бүтээлчидтэйгээ ажиллах сайхан. Үүнийг дагаад илүү их хариуцлага ирдэг юм билээ. Ганцхан Т.Амина гэсэн нэр биш, Улсын филармони гэсэн нэрийг би хүндэлж, хайрлаж явах хэрэгтэйг ойлгосон.
-Ажилдаа орсон гэлээ. Филармонийн намар цагийн тоглолтууд эхэлчихсэн үү?
-Одоохондоо захиалгын болон ойн тоглолт ихтэй байгаа. Ирэх сараас манай үндсэн тоглолтууд эхэлнэ. Энэ жилийн хувьд цагдаагийн "Сүлд” чуулгын уран бүтээлчид манайхтай нэгдсэн. Бид удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзах болно.
-Хамгийн сүүлд Т.Амина "Намайг уучил” гэсэн шинэ дуу гаргасан. Дуугаараа хэн нэгнээс уучлалт гуйхыг хүсэв үү?
-Үгийг Т.Эдмон, аялгууг нь С.Төрбат зохиосон. Үнэхээр түүндээ хайртай бол "уучлаарай” гэдэг үгийг хэлж чаддаг байх хэрэгтэй. Хүнд насны хайр цорын ганц л заяадаг шүү дээ. Дуугаараа үүнийг л хэлэхийг хүссэн.
-Клипэнд хамт тоглосон залууг найз залуу чинь гэсэн яриа байсан?
-Клипний зураг авалтын зурагнаас болоод тийм цуурхал тарсан байсан. Бид энгийн найзууд.
-Клипэндээ өөрөө тоглосон. Жүжиглэхэд ямар байв?
-Мэргэжлийн жүжигчин биш учраас хүндрэлтэй зүйлүүд гаралгүй яахав. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд би чадах ёстой гэж хичээсэн.
-Цаашдын уран бүтээлийн чинь зорилго юу вэ?
-Үргэлж шинэ уран бүтээлээр сонсогчидтойгоо уулзахыг зорьж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин