|
Видео

Шинэ мэдээ

Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэнч...

Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэнч...Энэ жилийн наадам иргэдийн хувьд их онцлогтой боллоо. Учир юу гэвээс баяр наадмын өмнө УИХ-ын гишүүд маань буянтай шийдвэр гаргаж, тав хоног амрах эрхээр ард түмнээ шагнадаг юм байна. Ер нь наадам болохоор хоёр гуравхан хоног амраад, наадсан ч биш, ажилласан ч биш хоёрын хооронд байгаад байдаг. Тэгвэл энэ жил тав хоног сайхан амарч, зугаалж авах шиг боллоо.

Энэ нь ч дээр. Цагаан сар, наадмаар ядаж ажлын тав хоног амардаг болох тал дээр олон хүн санаа оноогоо хэлж, ам уралдуулж байсан. Дургүйцсэн хэсэг ч байгаа л даа. Гэхдээ л дэмжсэн нь илүү байгаа. Ямар ч байсан тавын тав хоног сайхан амарч авлаа.

Тав хоног амарчихаад, ханатлаа зугаалж, аялаад ажилдаа орвол цалгардах зүйл гарахгүй гэж байсан ч тэгсэнгүй. Уг нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт ажил эхэлсэн. Гэвч ажилдаа орсон хүн байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Төрийн байгууллагын цөөн хэдэн хүн ажилласан болсон байх. Тэгс ингэсхий гээд ажил дээрээ ирсэн болж, зарим нэг нь аялал зугаалгаасаа ховхроогүй л байгаа. Өнөөдрөөс л ажил жаахан жигдрэх бололтой байна. Уг нь тав хоног амарсан хүмүүс ажлаа цалгардуулахгүй болов уу гэтэл тэгсэнгүй.

Гурав хоног амарчихаад, ажлаа эхлэх гэж бөөн юм болдогтой адилхан л байлаа. Үндсэндээ ухамсар дорой гэдгээ дахин дахин баталсан гэсэн үг. Өнөө илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэгтэй адилхан л байна. Уг нь тав хоног амрах сайхан л байлаа. Монголчууд уламжлалаа биширч, байгаль дэлхийгээ шүтэж, агаар салхинд гараад, жуулчны баазууд завгүй ажиллав. Ёстой жинхэнэ утгаараа наадамлаж чадлаа бид. Гэхдээ амрах үедээ амраад, ажиллах үедээ ажиллаж чаддаг болмоор байна. Магадгүй тав хоног амрах дүрэм журам дээрээ ажилдаа цагтаа орж, цалгардахгүйгээр ажиллахгүй бол хариуцлага тооцох тухай заалт оруулж өгмөөр ч юм шиг. Н.Багабанди гуай Ерөнхийлөгч байхдаа наадмын хаалт дээр ёс юм шиг "Наадмын дараа намар гэдэг” гэж ирээд л ажилдаа орохыг сануулдаг байсан. Тийм сануулга одоо бидэнд хэрэгтэй байна. Үнэхээр л наадмын дараа намар болдог. Тэр дундаа тав хоног амарсан наадмын дараа бол намрын сар хаалга тогшиж буй нь мэдээж.

Тэгэхээр ажил төрлөө цалгардуулалгүйгээр хийх хэрэгтэй байна. Одоо хот хөдөөгүй өвлийн бэлтгэл хийх хэрэгтэй болно. Хадлан бордоо, халаалт дулаан гээд ажил их байна. Тиймээс дээр, дооргүй ажилдаа яаравчилъя. Засгийн газар, салбар яамдууд ч гэсэн ажилдаа шуурхайлах шаардлагатай байна. Хэрвээ гурав хоног амарсан ч гэсэн ялгаагүй. Тав хоног амарсан ч адилхан байвал хэрэг юун. Амрахдаа амарч, ажиллахдаа ч ажиллаж чаддаг байх нь зүйн хэрэг. Сайхан наадлаа, сайхан амарлаа, одоо сайхан ажиллацгаая. Тав хоног сайхан амарсан юм шиг л байцгаая л даа.

О.УЯНГА
МОНГОЛЫН МЭДЭЭ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler