![]() |
Хумсны гелэн будаг болон хатаагч гэрэл нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Сүүлийн жилүүдэд гелэн хумсны будаг нь гоо сайхны салбарт жинхэнэ шинэчлэл авчирч, олон хүний өдөр тутмын хэрэглээ, амьдралын хэв маягт баттай байр суурь эзэлжээ. Энэ төрлийн будаг нь энгийн хумсны будгаас илүү гялалзсан, бат бөх, удаан тогтоцтой байдаг тул охид, бүсгүйчүүдийн дунд өргөн хэрэглэгддэг болсон.
Гелэн будгийг хатууруулахын тулд тусгай ультрафиолет (UV) гэрэл ашигладаг бөгөөд энэ нь будгийг богино хугацаанд хатааж, удаан тогтоцтой болгодог. Гэвч энэхүү технологи, түүний найрлага дахь зарим химийн бодис болон UV туяанд хумсаа удаан хугацаанд хатаах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар сүүлийн үеийн судалгаанууд анхааруулсаар байна.
Жишээлбэл, Америкийн Байгаль Орчны Эрүүл Мэндийн Судалгааны Хүрээлэн (NIEHS)-ийн хийсэн судалгаагаар, гелэн будагт агуулагддаг фталат, формальдегид, толуол, акрилат зэрэг химийн бодисууд нь хүний дотоод шүүрлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж, дааврын тэнцвэрийг алдагдуулах, үргүйдэл, таргалалт болон бодисын солилцооны өөрчлөлт үүсгэх эрсдэлтэйг анхааруулсан байдаг байна.
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛҮҮД
ЭСИЙН ГЭМТЭЛ, ДНХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ: Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд 2023 онд хийсэн судалгаагаар, ердөө 20 минутын турш, гурван удаа UV гэрэлд өртөхөд эсийн 65–70 хувь нь гэмтэж, мутацид орсон нь тогтоогдсон. Энэ нь арьсны хорт хавдрын эх үүсвэр болохуйц өөрчлөлт байжээ.
АРЬСНЫ ХАРШИЛ, МЭДРЭГШИЛ, ХӨГШРӨЛТ: Гелэн будгийн найрлага дахь химийн бодисууд нь арьсны улайлт, загатнаа, хуурайшил, хумсны эргэн тойронд хальс үүсэх, мөөгөнцөр үүсэх зэрэг харшлын шинж тэмдгийг үүсгэх магадлалтай. Мөн UVA туяа нь арьсны уян хатан чанарыг алдагдуулж, үрчлээ, нөсөө толбо үүсгэх шалтгаан болдог.
ДОТООД ШҮҮРЛИЙН ТОГТОЛЦООНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ: Фталат, формальдегид, толуол, акрилат зэрэг химийн бодисууд нь дааврын тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, таргалалт, үргүйдэл, бодисын солилцооны өөрчлөлт зэргийг дагуулж болзошгүй.
АМЬСГАЛЫН ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ЭМГЭГ: Гелэн будгийг арилгахад хэрэглэдэг ацетон болон уусгагч бодисууд нь амьсгалын замаар биед нэвтрэх үед толгой өвдөх, дотор муухайрах, уушги цочрох зэрэг зовуурь, эмгэгийг үүсгэж болдог байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ЗӨВЛӨМЖ
Бид гоо сайхны хэрэглээгээ бүрэн зогсоохгүй ч эрүүл мэндээ хамгаалах дараах зөвлөмжийг дагаж эрсдэлийг бууруулах боломжтой.
- Хумсаа гелэн будгаар будуулах давтамжийг багасгах
- UV гэрэлд өртөхөөс өмнө SPF 30+ хамгаалах тос түрхэх
- UV туяаны хамгаалалттай бээлий өмсөх
- “3-free”, “5-free” тэмдэглэгээтэй, хорт бодис бага бүтээгдэхүүн сонгох
- UV бус LED гэрэл ашигладаг салон сонгох
- Будгийг арилгахдаа ацетон арьсанд хүргэхээс зайлсхийх
- Хумсаа будахгүй хэсэг амрааж, арчлах
Мэдээлэлтэй, ухамсартай хэрэглээ нь таны гоо сайхныг хадгалаад зогсохгүй, эрүүл мэндийг тань хамгаалах чухал алхам юм.
Эх сурвалж: НЭМҮТ
