| |
Хөдөлмөр хамгааллын инженерээ “золигт гаргадаг” барилгын компани байх хэрэгтэй юу
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг удирдлага болгон ажилладаг барилгын компанийн хөдөлмөр хамгааллын инженер хөл алдаж өндрөөс унаж нас барсан хэрэг гарсан.
Сүүлийн үед нийслэлд баригдаж буй барилгын ажлын явцад хүний амь нас эрсдэх асуудал улам олшрох болсны тод жишээ энэ. Хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон иймэрхүү осолтой холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд ажлын хэсэг байгуулан дараах захирамжийг гаргаж байсан билээ.
Тодруулбал, Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулиудыг шалгах үүргийг нэр бүхий гишүүдэд өгч байсан ч энэхүү үүрэг даалгавар нэг их доривтой хэрэгжээгүйн улмаас барилгад гарах ослын тоо, хүний амь нас эрсдэх асуудал буурахгүй байна.
Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн лхагва гарагт Сүхбаатар дүүргийн VII хороо, ХI хороололд баригдаж буй 12 давхари орон сууцны барилгаас хүн унаж, амиа алдсан.
Тодруулбал эл орон сууцыг "Номин зэрэглээ” ХХК-ийн захиалгаар "Оршил констракшн” ХХК барьж гүйцэтгэж байсан байна.
Энэ сарын 20-ны 11:00 цагийн үед гарсан бөгөөд барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан "Сувдан алт” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын инженер Б амиа алдсан юм.
Ослын дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж "Оршил констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хөдөлмөр хамгааллын инженер ажлын зааварчилгаа өгч байх явцдаа хөл алдсаны улмаас унасан гэнэ.
Гэхдээ одоогоор талийгаач Б-гийн ослын шалтгааныг холбогдох албаныхан эцэслэн тогтоогүй байгаа учраас тун удахгүй хариу нь гарна гэж хэлж байсан юм.
Манай сурвалжлах баг тус барилгын компанийн удирдлагуудтай уулзахыг хүссэн боловч үйл ажиллагааг нь зогсоосон тул уулзах хүн олдоогүй юм.
Бидний төдийлэн сайн мэддэггүй "Оршил констракшн” ХХК 2003 онд үүсгэн байгуулагдаж 2007 оноос барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн багагүй туршлагатай компани аж. Тус компанийн захирал М.Насантогтох олон нийтэд нэг их танигдаагүй ч бизнесийн хүрээнийхэнд аль хэдийн танил гэдгийг олон хүн хэлж байв.
Тус компани сүүлийн жилүүдэд барилгын салбарт хүч үзэхдээ нэлээд олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн аж.
Үүнээс бидний сайн мэдэх "Саруул хотхон” цогцолбор, "Саруул өргөө”, "Авто-Ойл” ХХК-ийн үйлчилгээний хоёр давхар гэх мэт барилгуудыг барьсан туршлагатай гэж хэлж болохоор үндэсний хэмжээний компани юм.
Гэтэл хүний амь нас эрсдчихээд байхад тус компанийн захирал ноёнтон хаагуур юу хийж явж байгаа нь хачиралтай. Талийгаачийг нас барсны дараа тус компанийн хурган дарга нар л байсан болохоос эрх мэдэл бүхий нэг ч хүн харагдаагүй гэдгийг эх сурвалжууд хэлэв. Бид талийгаачтай хамт ажилладаг хүмүүсийн хүсэлтийн дагуу түүний тухай тодорхой мэдээллийг энэ удаа ил гаргахыг хүссэнгүй. Учир нь тэд "Үхсэн хүний ясыг өндөлзүүлээд хэрэггүй байх” хэмээн цааргалж байсан юм.
Албан бус мэдээллээр манай улсад сүүлийн таван жилд 680 гаруй иргэн
барилгын ослоор гэмтэж бэртсэн гэх судалгаа байдаг. Тэгэхээр энэ тооны
цаана хэдэн гэр бүл хэчнээн хүүхэд өнчирч үлдсэн бол.
Товчхондоо эрэлтэд дөрөөлж хүний амь насыг хумсын чинээ тоохгүй
байгаа барилгын компаниудын захирлуудыг хэдий болтол толгойг нь илэх
вэ.
Юутай ч "Эрч хүчтэй ажиллаж, чанартай бүтээгдэхүүнийг бий болгоно” гэх үгсийг эрхэм зорилгоо болгосон "Оршил констракшн” ХХК хөдөлмөр хамгааллын инженерээрээ "туг тахичихлаа”.
Энэ хорвоогоос цаг бусаар одсон талийгаач Б-гийн үхэл хэрхэн яаж шийдэгдсэнийг бид сурвалжлан хүргэх болно.
Р.Саруул
Эх сурвалж: