|
Видео

Шинэ мэдээ

Ноос, ноолуурын үнэ унажээ

ХХААЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн биржээс энэ онд хийсэн арилжаа болон нэмэлт хувьцаа гаргах болсон талаараа мэдээллээ. Хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийн бэлтгэл нь улирлын чанартайгаас жилийн туршид тасралтгүй нийлүүлэх боломжгүй, үнэ ханш нь хэлбэлздэг, үнэ тодорхойгүй зэрэг нь бараа түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч малчин, тариаланчид, үйлдвэрүүдийг бизнесээ төлөвлөх, эрсдлээ тооцох боломжгүй болгодог байна.

Тиймээс УИХ-ын 70 дугаар тогтоол, Засгийн газрын 330 дугаар тогтоолоор "Хөдөө аж ахуйн бирж” ХХК дахь төрийн эзэмшлийг 34 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулалт босгож, компанид технологийн шинэчлэл хийхийг даалгажээ. Ингэснээр ирэх оны сүүлийн хагасаас эхлэн фьючерс гэрээний/Ноос, ноолуур зэрэг хөрөнгийг тодорхой хугацааны эцэст урьдчилж тогтсон үнээр худалдах, худалдан авах гэрээг хэлнэ/ арилжааг нэвтрүүлэх боломжийг нээх бөгөөд улмаар Хөдөө аж ахуйн бирж нь цаашид арилжаалах гэрээний төрлийг олшруулах боломжтой болж байгаа юм байна. Фьючерсийн арилжааг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингээсэн бараа, түүхий эдийн арилжааг хийж гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрийн зах зээлд татан оролцуулах, Зүүн өмнөд Азийн зах зээлд Монгол Улсын бараа, түүхий эдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой болж байгаа аж. Фьючерсийн арилжааг нэвтрүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулахаар болсон байна.

Эхний ээлжид энэ онд Хөдөө аж ахуйн биржийн хувьцааны 49 хувийг төрийн өмчид үлдээж, 51 хувийг нь арилжаалах ажлыг хаалттай хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тиймээс өнөөдөр Хөдөө аж ахуйн биржид хөрөнгө оруулах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүртгэж, цаашид ажиллах хэтийн төлөвийг танилцуулах юм байна. Энэ онд хийх арилжаанаас нийт 9.5 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөтэй байгаа аж. Хөдөө аж ахуйн биржийн Клиринг төлбөр тооцооны албаны захирал Б.Буянхишиг "Хоёр удаагийн нэмэлт хувьцаа гаргах ажлаар бид фьючерс арилжаанд зориулсан биржид технологийн шинэчлэл хийнэ.

Мөн 21 аймаг, 330 суманд хадгалалт тээвэрлэлтийг шийдвэрлэх нэгдсэн сүлжээтэй болох ажлыг эхлүүлэхээр болоод байна. Үндсэндээ фьючерс арил-жаанд шилжсэнээр үнийн өөрч-лөлтөөс ашиг олох зорилготой га-даадын хөрөнгө оруулагчдыг татаж, Монгол Улсад дор хаяж 1-2 тэрбум ам.долларын валютын урсгал орж ирнэ гэж харж байна” гэв. "Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь хөдөө аж ахуйн гаралтай найман төрлийн бараа, түүхий эдэд суурилсан56 гэрээг зах зээлд арилжаалж байна. Энэ сарын1-ний байдлаар нийт 419 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Гол бараа болох ноолуурын үнэ энэ онд 56-60 мянга, тэмээний ноос 5000-7000, хонины ноос 2000-25000 төгрөгийн үнэтэй арилжаалагдаж байгаа аж. Клиринг төлбөр тооцооны албаны захирал Б.Буянхишиг "Өнгөрсөн онд биржээр арилжсан ноос, ноолуурын дүнг харахад 6400-6800 тонн түүхий эд тогтмол бэлтгэж байгаа.

Үнийн хувьд өнгөрсөн онд дундаж үнэ 80 мянган төгрөг байсан бол, энэ онд 60 мянга болж буурсан. Дэлхийн зах зээлд ноос, ноолуурын 30-40 хувийг нийлүүлж байгаа ч зах зээлийн менежмент зохион байгуулалтаас болж, хятадын үнэд баригдаж байна. Тиймээс энэ оны ноос, ноолуурын үнийн бууралт хятадын зах зээл дэх үнийн бууралттай холбоотой. Ноолуурын үнэ илүү унаж болох байсан ч манай валютын ханш суларч байсан болохоор төгрөгийн дүнгээрээ харьцангуй гайгүй туссан” гэлээ.

М.Энxцэцэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.