| |
“Сүрьеэгүй Монгол” хэлэлцүүлэг болно
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран "Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр 09.00 цагт Төрийн ордны "Б” танхимд зохион байгуулна.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нээж үг хэлэх бөгөөд "Сүрьеэгийн өвчлөлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр, "Сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Буянжаргал, "Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх тэлээр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас баримталж буй бодлого чиглэл” сэдвээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Вүү Жин Лив, "Сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцоо” сэдвээр Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ц.Ганхүү нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Сүрьеэ бол Mycobacterium tuberculosis нянгаар үүсгэгддэг, амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. Сүрьеэгийн нянг нээснээс хойш 120 жил, эмчлэх эмийг гарган авснаас хойш 70 гаруй жил өнгөрсөн боловч, сүрьеэ өвчний тархалт хэвээр, сүрьеэгийн шалтгаанаар хүмүүс нас барсаар байна. 1994 оноос эхлэн манай улсад сүрьеэгийн эмчилгээнд ДЭМБ-ын "Шууд, хяналттай богино хугацааны эмчилгээ”–ний хөтөлбөрийг нэвтрүүлж хэрэгжүүлснээс хойш сүрьеэг эмчлэх талаар нилээд амжилтанд хүрч чадсан боловч сүүлийн жилүүдэд Олон эмэнд дасалтай сүрьеэ (ОЭДС), хүүхдийн дундах сүрьеэ өвчний тархалт өсч байгаа нь онцгой анхаарал татаж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.