Эзэнгүй Өмнөговь, Эзэнгүй төр
Хавтгайрсан олон хоногийн амралтыг улам хавтгайруулж буй газраар Өмнөговь аймаг шалгарав.
Сар шинэ гээд хангалттай долоо хоног амарсан ч Өмнөговь аймгийн ЗДТГ-ынхан хаалга үүдээ түгжээд, хавийн дарга нараа хамаад гадаад руу аялалд гарсаар бараг хагас сарын нүүр үзэж байна.
Тодруулбал Өмнөговь аймгийн Засаг дарга Н.НАРАНБААТАР аймгийнхаа хууль хүчний байгууллагын удирдлагуудаа дагуулан АНУ-руу аялалд явжээ.
Сар шинээр хил давсан Засаг дарга Н.Наранбаатарын аялалын группт тус аймгийн ЗХ-ний 0167-р ангийн захирагч н.Сүхбаатар, ХЦ-ийн 0131-р ангийн захирагч Б.Батхүү, ХЦ-ийн 0166-р ангийн захирагч Б.Мөнхбат, Өмнөговийн мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтулга, аймгийн Онцгой байдлын ерөнхий газрын дарга Л.Баярсайхан нар багтжээ.
Өмнөговь аймгийг стратегийн түшиц газар хэмээн тодорхойлж, төр засаг нь анхааралдаа авч, Монгол хүн бүр итгэл сэтгэлээ өгч ихийг хүлээж байхад аймгийн удирдлагууд нь ийм янзтай байж болох уу. Хэзээ дуусах амралт, хэзээ эхлэх ажил вэ. Дарга нарыг ийнхүү амарч зугаалж, ганц биеийн жаргалыг хөөж явах хугацаанд улс орон даяар хүйтний эрч чангарч, хаваржилт хүндэрч, хэд хэдэн удаагийн цасан шуурга болов. Бичиг цаас барьж, ганц гарын үсэг хүлээсэн жирийн иргэд энэ олон өдөр цоожтой хаалга мөргөж, хэзээ ирэх нь тодорхойгүй даргын үүдийг сахиж, яах учраа олохгүй тэвдсээр л…
Эх сурвалж: medeelne.mn
