| |
Засгийн газар огцрохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгож, бүтээгдэхүүнээ шатаанa
"Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг болон "Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагынхан Шийдлийн Засгийн газрыг огцрохыг шаардаж мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн есдүгээр сард Г.Майцэцэг татварын буруу бодлогыг эсэргүүцэж, үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнээ үнэгүй тараах зар дуулгаж нэлээд шуугиан, эмх цэгцгүй байдлыг үүсгэсэн. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд есдүгээр сарын 21-нд гааль, татвар, мэргэжлийн хяналтын удирдлагуудтай уулзалт хийж, "Эксклюзив” компанийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах боломжийг олгох тухайгаа мэдээлсэн. Энэ шийдвэр гараад хоёр сарын хугацаа өнгөрсөн ч асуудал шийдэгдээгүй учраас Шийдлийн Засгийн газрыг шийдсэн зүйлгүй олон нийтэд асуудлыг шийдвэрлэсэн дүр үзүүлэхээ больж, огцрохыг шаардаж байгаагаа тэд илэрхийлсэн юм.
"Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг "Үндэсний үйлдвэрлэгчид төрийн байгууллагын дарамтад орж, үүдээ барьж байгаа нь Шийдлийн Засгийн газрын буруутай үйл ажиллагаа юм. Тиймээс Ч.Сайханбилэг огцрох ёстой. Шаардлагаа биелүүлээгүй тохиолдолд дараагийн тэмцлийн хэлбэрт шилжих бөгөөд "бүтээгдэхүүнүүдээ эзэнгүй, хүн хохирохооргүй газар аваачиж шатаадаг юм бил үү” гэсэн юм.
Г.Төмөр