![]() |
“Exclusive” компани ба түүнийг тойрсон "Супер шоу"

Уг үйлдлийг олон хүмүүс шүүмжилж, зарим нь дэмжиж, санаа оноогоо цахим ертөнцөд хуваалцаж байна.
1. "Үнэгүй юманд нугасгүй" буюу "Номин"-гийн гадаа болсон шоу
"Номин" их дэлгүүрийн гадаа болсон үйл явдал монголчуудын хувьд
амьдрал ямар байгааг ил тодоор харуулсан үйл явдал боллоо. Хувцас үнэгүй
тараах сургаар тэнд цугласан олон хүмүүс үймээн дэгдээж сүүлдээ
цагдаагийн хүчээр асуудлыг шийдэхэд хүргэв. "Үнэгүй юманд нугасгүй" гэж
хүмүүсийг гоочлохоосоо илүү Ардчилал үүссэнээс хойш 25 жилд ард иргэдийн
сэтгэлзүй ямаршуу хэмжээнд байгааг энэ үйл явдал ил тодоор харуулав.
Үндэсний статистикмйн газраас гаргасан мэдээгээр "Дундаж цалин 853
мянга" гэж зарласан цаг үед үнэгүй юм тараах сургаар үймээн дэгдэж
эхний шоу эхэллээ.
2. Татварын байцаагчийг "Бурхан илгээсэн" хэмээх шоу
Гал гарч байгалийн гамшиг болж Онцгой байдлын албан хаагчид төрд
өргөсөн тангарагтаа зүтгэж явна. Тэд хүний "Алтан амь" аварч өөрсдөө
үрэгдсэн ч тангарагтаа үнэнч зүтгэсэнийхээ төлөө "Шударга журам" медаль
шагнуулахаас цаашгүй билээ. Харин татварын байцагч нарыг "Бурхан
илгээжээ". Тэд өөрийн харьяанд хамрагдсан бүхнийг татвараар сүрдүүлж,
"Яруу алдар"-аа дуурсгана. "Эксклюзив" компани 150 сая төгрөгний
татварт дарамтлуулж байхад, тэнд татвар тавьж компанийг хямраасан Бадам
гэгч 2013 онд 416 саяын урамшуулалыг авчээ. Ганц хүний, нэг жилийн
урамшуулал ийм байхад улс даяар байгаа татварын байцаагч нарын
"Урамшуулал" хэдэн төгрөг гарах нь СҮРДМЭЭР. Есдүгээр сарын нэгэнд багш
нарт "Цэцгийн баглаа" бэлэглэх нь бараг "Авилгал" болж буй энэ цаг үед
байцаагч нарын "Урамшууллын мөнгө" хэдэн цэцэрлэг, сургууль, эмнэлэг
барих хэмжээнд байгаа нь ээлжит нэгэн ШОУ.
3. Баялаг бүтээгчдийг "Бурхан шийтгэсэн" хэмээх шоу
Энэхүү компаний захирал Г.Майцэцэг энэ тэндээс бараа дарж, Монголчууддаа дамлан зарж байсан бол нэр цэвэр, гэдэс цатгалан байх байж. Бүүр хахуулийг нь өгөөд татварын байцаагч болсон бол ингэж үйлээ үзэж, үсээ зулгаахгүй байсан болов уу. Баялаг бүтээж монгол брэнд гаргах гэж зүтгэсэн тэрбээр өдгөө гэмтэн болоод сууж байгаа нь эмгэнэл. "Зара", Хуго босс"-ын хэмжээнд хүрсэн үндэсний брэндтэй больё хэмээн хүсвэл төр засгаас энэ тал дээр ихэд анхаарах нь зүйтэй санагдана. Аж үйлдвэрийн яамтай болж Үндэсний үйлдвэрлэл сэргэн мандах нь гэтэл салхи өөр зүгт эргэжээ. Төрийн томоохон албан тушаалтанаар хамгаалуулсан компаниуд дураараа дургиж байхад, зээл авч ажлын байр бий болгон зүтгэж яваа эгэл нэгэнд халгаатай цаг үе юмсанжээ. Онгоцны шатахуун хямдхан байхад Асар үнэтэй шатахуун хаа байсан Мурманскаас авчирч байдаг, Бензины үнэ дэлхийн зах зээлд хямдарсаар байтал таван төгрөгөөр ч хямдардаггүй цаг үе үү? "Бяртай том" компаниудыг ШӨХТГазар хичнээн тэмцээд сануулга өгөөд, шүүхээр заргалдаад чаддаггүй бол жижиг компаниудыг "Ялааны алуур"-аар нэг цохиход унаад өгөх аж.
4. Төр засаг Монголоо дэмжих үү, Эрээнинградыг дэмжих үү????
Төр засаг хэд л бол хэд хямарч "Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гээд ч
байгаа юм шиг, дампууруулах гээд ч байгаа юм шиг" . хэмээн жүжигчин
Хүрлээгийн "Эргэлзээ"-г санагдуулмаар үйл явдал үргэлжилсээр байна.
Монгол хүн хийж чадахгүй гэдэг тархи угаалт "Тархины тураал" хэдий
болтол үргэлжлэхийг чөтгөр л мэднэ. Нэгмөсөн хоол халбагадах хүнээ
гадаадаас авчирч, өөрсдөө улстөржиж суух л дутуу байх шиг байна. Талх
тариагаа өөрсдөө хийж чадахгүй, ургуулж чадахгүй гэх дуулиан хаваржин,
зунжин үргэлжилж тэнд үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хэдэн сараар
хямруулав. Харин одоо "EXCLUSIVE", "Urban", ,Gobi", "Goyo", "Yanmal",
"Буян" зэрэг үндэсний үйлдвэрлэлээ ээлж дараалан цохиж унагаах цаг ирсэн
бололтой.
5. "Эдийн засгийн өршөөлийн хууль" хэмээх супер шоу
Энэхүү супер шоу нь "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатын үгийг санагдуулна. Тэрбээр "Би олны танил биш байхад манай компанийн ажил маш сайн урагшилдаг байсан. Харин олны танил болсон чинь....". Гаднаас нь бараа авчирч зардаг компаниуд зохих хэдэн "Товарищ"-уудад хэдэн төгрөг өгөхөд л ажил төрөл гүйцээ. Харин баялаг бүтээж хэдэн хүн ажиллуулж, үйлээ үзэж яваа хэдэн хүнд энэ сүр дуулиант "Өршөөлийн хууль" нь зориулагдсан бол үнэнд илүү нийцэх байлаа. Хулгай хийж, худлаа ярьсан, мөнгөө нуусан хүмүүсийг өршөөж болдог байхад үйлдвэрлэл явуулж, үнэнээр зүтгэсэн хэдэн хүмүүст төр засгаас нь онцгой анхаарал хандуулж, ядаж үйлдвэрлэлд нь гай болохгүй байж болдоггүй ажээ.
