|
Видео

Шинэ мэдээ

"Ахиухан татвар төл, би урамшууллаа авмаар байна"

"Ахиухан татвар төл, би урамшууллаа авмаар байна"Татварын байгууллагад ажиллаж байгаа үйлчилгээний ажилтан хүртэл ард түмэн, аж ахуй нэгж, компаниудыг ингэж дээрэлхэх нь холгүй байна. "Төр оршихуй дор татвар буй” гэдэг үг бий. Татвараа төлөх нь иргэн, аж ахуй нэгж болгоны үүрэг. Тиймдээ ч дусал цалингийнхаа тодорхой хувийг хүн амын орлогын албан татвар нэрээр төрд хураалгаж суугаа шүү дээ, хэдэн ядарсан иргэд нь. Мөн арай ядан үйл ажиллагаа явуулж, хэдэн хүнийг ажлын байраар хангаж, тал талаас ирж байгаа элдэв шалгалт, дарамтны шархыг дааж ядаж байгаа байгууллагууд ч гэсэн татвараа төлж л  байгаа.
 
Биднээс авсан татварын мөнгийг төр засгийнхан урамшуулал нэрээр хуваагаад "идчихэж” байна. Гишүүдийн тэрбум гэж өгч байлаа. НИТХ-ын төлөөлөгчдийн улирлын 10 саяын урамшуулал гэж ч байх шиг. Энэ мэтээр цацсан мөнгөнөөсөө илүү гарснаар нь төсвийн байгууллагынхны цалинг өгнө. Юу хийсэн ч гэж цалин өгдөг юм. Бодвол дэмий суусан гэж цалин мөнгийг нь цагт нь өгдөг байх. Ядаж байхад төрийн байгууллагын цалинг нэмэх талаар байнга ярихыг яана.
 
Нөхцөл байдал ийм байхад татвар хураадаг нөхдүүд үр дүнгийн урамшуулал гэж авдаг нь саяхан тодорхой болж, бөөн асуудал үүсгэлээ. Татвартай холбогдсон дарга сэтэртэй болгон улсын мөнгийг шамшигдуулж, хагарч язартлаа баяжиж, эхнээсээ шүүх цагдаа болоод дуусаагүй байтал сүүлийн хоёр жил дөрвөн тэрбум төгрөгийг урамшуулал нэрийн дор авсан нь тодорхой боллоо. Ердөө л хэдэн хэлтсийн дарга Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж, төвлөгөө гаргаад, түүнээс давсан орлогоо өорсдөө "цусалж" байсан хэрэг. Захын нэг хэлтсийн дарга 200 гаруй сая төгрөгийн урамшуулал авчихсан байна. Залуучууд шар махтайгаа хаттал ажиллаад, дусал цалин харж амьдарч, түүнээсээ татвар төлж байгаа. Орон сууц авах, унаа тэрэгтэй болох асуудал энгийн иргэдийн хувьд хүндхэн даваа болчихоод байна.
 
Гэтэл ердөө нэг муу хэлтсийн дарга хийх ёстой ажлаа хийсний төлөө 200 сая төгрөг "цавччихаж” байгаа нь дэндүү шударга бус хэрэг биш үү. Уг нь улсын төсөвт татвараас тэдэн төгрөг төвлөрнө гэсэн төлөвлөгөө байх ёстой. Байгууллагууд ч өгөх ёстой татвараа цаг тухайд нь төлж явдаг нь тодорхой. Яах вэ, зарим нэг орлогоо нуун дарагдуулж, татвараас бултаж байгаа байгууллага байгаа. Урлагийнхан бол тоглолт хийгээд, олсон ашгаасаа  татвар төлдөг үү гэвэл эргэлзээтэй. Хувиараа наймаа эрхэлж байгаа хүмүүс хүн амын орлогын албан татвар гэж төлдөггүй. Аль нэг байгууллагад ажиллаж байгаа иргэдийг л төр мөлжиж байгаа шүү дээ. Дээрээс нь албан байгууллагуудаас ямар нэг аргаар татвараа авна. Энэ бол татварын байцаагчийн хийх ёстой ажил. Хэлтсийн даргын ажилчдаараа хийлгэх ёстой л ажлын нэг. Тийм байхад тэд хийх ёстой ажлаа хийсний төлөө урамшуулал авна гэдэг байж болох асуудал мөн үү.
 
Ёстой нөгөө кинонд гардгаар "Ариун явдал уу”. Эмч нар ханиад хүрсэн хүнийг чагнаж үзчихээд, жорын цаасан дээр хэдэн эмний нэр бичиж өгснийхөө төлөө урамшуулал гэж олон сая төгрөг авах гэж дайрвал яах вэ. Багш нар сурагчдад хичээл зааж, томъёо цээжлүүлснийхээ төлөө жилдээ 100 сая төгрөгийн урамшуулал аваад байвал яана. Ийм зүйл байж болохгүй биз дээ. Учир нь тэд хийх ёстой ажлаа хийгээд төрөөс цалингаа аваад явж байгаа хүмүүс. Татварын байцаагч, хэлтсийн дарга нар ч ялгаагүй.
 
Байгууллагуудын өгөх ёстой татварыг хурааж авсаныхаа төлөө төрөөс цалингаа аваад явах ёстой. Түүнээс биш үхэл, амьдралтай тэмцэн байж, дайн байлдаан болж байж татвар авчраад түүгээр нь улсын төсөв бүрдээд, нөхдүүд баатар болоод яваад байгаа юм биш. Татвар хураахад ямар нэг эрсдал байхгүй шүү дээ. Тийм болохоор урамшуулал авах ямар ч шаардлага байхгүй. Тодорхой нэг тоо тавиад, түүнээс давсан орлогоосоо урамшуулал авна гэдэг яаж ч бодсон цэвэр хуйвалдаан, хууль бус үйлдэл. Авах ёстой гэж үзсэн татварынхаа хэмжээг илт багасгаж тооцоод, түүнээс давж орж ирсэн мөнгийг нь "цуслах” арга зохиогоогүй гэж яаж батлах юм. Тийм заль зохиогоод явж байгааг үгүйсгэх аргагүй. Тийм болохоор энэ мэт үр дүнгийн гэх хуурамч тодотголтой урамшууллын системийг болиулах хэрэгтэй.
 
Үнэхээр аль нэг байгууллагын хууль бусаар нуун дарагдуулсан орлогыг илрүүлээд, татвараа авч чадвал нэг сарын цалингийн урамшуулал өгөх нь хаашаа юм гэхээс хоёр жилийн хугацаанд дөрвөн тэрбум төгрөг эд бад хийж байгаа нь яав ч шударга зүйл биш. Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муутай байгаа. Ард түмэн үйлээ үзэж, 76-гаа харааж, тархи толгойгоо базалж явахад хэдэн хэлтсийн дарга, Засаг ноёнтой нийлээд дөрвөн тэрбумаар "найрлаад” байвал яаж өөдлөх билээ дээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler