| |
“Монос”-ын зарим эмийн үнэ кассын үнээс зөрөв
"Монос"-ын эмийн санч "Фенобарбитал” эмийн тунг эцэг эхчүүдэд буруу тайлбарлаж өгснөөс болоод 16 нярай хордож, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 2 хүүхдийн бие тааруу байгаа бөгөөд өнөөдөр мэдрэлийн эрчимт эмчилгээ хийлгэж байна гэж ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн тасгийн их эмч Ц.Алтантуяа мэдэгдэж байсан.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар/ШӨХТГ/-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй "Монос” группийн эмийн сангуудад шалгалт хийж эхэллээ.
Улаанбаатар хотод тус группийн 18 салбар эмийн сан үйл ажиллагаа явуулдаг гэх тоо байна. Энэ ч утгаараа "Монос” групп нь эмийн худалдаанд давамгай байдалтай оролцдог юм. Шалгалтын эхлэхийн өмнө ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас үйл ажиллагааны талаар тодрууллаа.
Ч.Батбаатар: Цаашид бүх эмийн сангуудыг шалгана
-Ямар учраас "Монос”-ын эмийн сангуудад шалгалт хийхээр болов. 16 хүүхэд эмэнд хордсон асуудалтай холбоотой юу?
-16 хүүхэд "Фенобарбитал” эмэнд хордсон асуудалтай холбоотой. Мөн "Монос”-ын эмийн сангуудад эмийн сангийн стандарт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу шалгалт хийх гэж байна. Эмийн замбараагүй хэрэглээтэй улсад эмийн сангийн үйлчилгээний асуудал их сул байдаг. Энэ асуудлаар хэрэглэгчдээс гомдол их ирдэг. Тухайлбал эмийн сангуудын эмзүйчид эмийн талаар тайлбар өгөхдөө их замбараагүй тайлбарладаг. Яаж хэрэглэх нь ойлгомжгүй. Хоёр өөр эмийн сан дээр хоёр өөр зөвлөгөө өгч байх жишээтэй. Нөгөө талаас эмийн санд зарагдаж байгаа эмүүд тухайн эмийн сангаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг. Гэхдээ үнээ тавьдаггүй. Хүнээ харж байгаад, гайгүй мөнгө төгрөгтэй харагдахуйц хүн орж ирвэл эмийн үнээ нэмж зардаг зэрэг гомдол их ирдэг. Одоогоор нотлох баримтгүй байхгүй байна.
Жороор олгож байгаа эмийн үнэ тодорхой бус байна. Өвчтөн үнийг нь судлаад сонгож авах эрхтэй. Тэр эрхийг нь эмийн худалдаа эрхлэх байгууллагууд хангахгүй байна. Тиймээс удахгүй бүх эмийн сангуудад нэгдсэн шалгалт хийж, үнийг тавиулах, эмч нарын бичиж байгаа жор болон эмзүйчдийн өвчтөнд өгч байгаа тайлбарыг тодорхой болгох тал дээр шаардлага тавих болно. Нэгдсэн шалгалтыг "Монос”-оос эхлүүлж байна.
-Лацдах тухай яриа сонсогдлоо. "Монос”-ын эмийн сангуудыг зөрчилтэй бол шууд битүүмжлэх үү?
-"Монос”-ын эмийн санд шалгалт хийнэ. Шаардлагатай тохиолдолд битүүмжилж лацадна. Хүүхдүүд эмэнд хордсон асуудалтай холбоотойгоор энэ удаа хяналт шалгалтыг зөвхөн "Монос”-ын салбаруудаар хийнэ. Нийт 18 эмийн санд сарын хугацаатай шалгалт хийхээр төлөвлөсөн. Шалгалт дууссаны дараа нийтэд ил тод нэгдсэн мэдээлэл өгнө. Цаашид холбогдох байгууллагуудтай хамтарч бүх эмийн сангуудыг шалгахаар болсон.
Үүний
дараа ШӨХТГ-ын байцаагчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын
хамтарсан шалгалтын хэсэг хоёр хуваагдан Улаанбаатар хотын баруун болон
зүүн зүгт явлаа. Баруун зүгт явсан шалгалтынхан "Монос” группийн Таван
шар дах эмийн сангаас шалгалтаа эхлүүлсэн юм.
Шалгалтынхан ороход тус эмийн сангийн эрхлэгч нь байхгүй байлаа. Эмийн
сангийн эм зүйч нарын тайлбарлаж байгаагаар "урьд өдөр нь Нийслэлийн
мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирсэн. Тэдэнд бичиг баримтаа
шалгуулахаар явсан” гэв. Өөрөөр хэлбэл "Монос”-ын Таван шар дахь эмийн
сан удирдах албан тушаалтангүй, бичиг баримтгүйгээр шалгалтынхныг хүлээн
авсан юм.
Шалгалтаар эмийн үнийг байршуулаагүй, эмийн үнэ кассын үнээс зөрөх,
иргэдэд эмийн зөвлөгөө бага өгдөг, бичиг баримт дутуу зэрэг зөрчлүүд
илэрч, зөрчлөө арилгах шаардлагыг байцаагч нарын зүгээс тавилаа. Мөн
хүнсний тухай хуулийг зөрчсөн зарим хүнсний бүтээгдэхүүнийг хураан
авлаа.
Энэ талаар шалгалтыг ахалж явсан ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар тодрууллаа.
-"Монос”-ын таван шар дахь эмийн сангаас ямар зөрчлүүд илрээд байна вэ?
-Эмийн сангийн эрхлэгч байхгүй байна. НМХГ руу бичиг баримтаа аваад явсан гэж тайлбарлаж байгаа ч хуулиараа үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд бичиг баримт нь ямар нэгэн хэлбэрээр байж байх ёстой. Гэтэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ямар ч бичиг баримт алга. Энэ бол зөрчил.
-Ямар зөрчил илэрсэн тохиолдол үйл ажиллагааг нь зогсоох, лацдах арга хэмжээ авах вэ?
-Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар бусдын амь нас, эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулсан, учруулж болзошгүй тохиолдолд бидний зүгээс үйл ажиллагааг нь зогсоох боломжтой. Гэхдээ өнөөдөр яг тухайн эмийн найрлагын улмаас хүүхдүүд хордсон эсэх асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байгаа учраас бид өнөөдөр эмийн сангийн стандарт болон бусад зүйлсийг шалгаж байгаа юм.
Үүний
дараа Сонсголон дахь "Монос” группийн эмийн санд шалгалт хийсэн. Тус
эмийн санд ч мөн адил зарим эмийн үнийг байршуулаагүй, Монгол тайлбаргүй
хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчил илэрлээ. Худалдаж байсан
хүнсний бүтээгдэхүүний талаар тус эмийн сангийн эрхлэгч "хуулиар
хориглоогүй учраас "Монос” группийн гаднаас имппортлосон хүнсний
бүтээгдэхүүнийг эмийн сандаа худалдаж байгаа” гэх тайлбарыг хийв.
Харин Ч.Батбаатар дарга "хуулиар хориглоогүй учраас худалдан борлуулж
болно. Гэхдээ хүнс учраас хүнсний тухай хуулийн дагуу "монгол”
тайлбартай байх ёстой. Ийм тайлбар байршуулах тухай хуулийг 2013 оны 3
дугаар сараас мөрдөж эхлээд байгаа. Харин танай бүтээгдэхүүн хууль
зөрчин худалдаалагдаж байна шүү дээ” гэх тайлбарыг өглөө.
"Монос”
групп нь эмийн худалдаанд давамгай байдалтай оролцдог байгууллага гэж
дээр дурдсан. Тэгвэл өрсөлдөөний хуулийн дагуу тус байгууллага 2008
оноос давамгай байдалтай буюу монопол байгууллага гэх үндэслэлээр
ШӨХТГ-ын хараанд ороод байгаа аж. Гэхдээ энэ удаагийн шалгалт ч давамгай
байдалтай үйл ажиллагаа явуулдагт хамааралтай. Нэг сарын хугацаанд
"Монос” группийн эмийн сангуудад хяналт шалгалт явуулсны дараа бусад эм
худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хяналт шалгалт
хийх юм.
Шалгалтын дараа эмийн сангууд стандартаа мөрддөг, худалдаалагдаж буй
эмүүд үнэ болоод танилцуулга, хэрэглэх заавартай болох, эмийн санчид зөв
тайлбар мэдээлэл өгдөг, иргэдийн эмийн замбараагүй хэрэглээ багасах
зэрэг үр дүнгүүд бий болох гэж үзэж байгаагаа байцаагчид тайлбарлав.
Л.Тамир
Оллоо.мн