|
Видео

Шинэ мэдээ

Хөдөө аж ахуйн ”Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг МАН-ын дарга хүчинтэй болгох уу?

Хөдөө аж ахуйн ”Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг МАН-ын дарга хүчинтэй болгох уу? Халх голд чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоол улс төрчид хийгээд монголын ард түмнийг хоёр хувааж орхисон. Нэг хэсэг нь түүх, дурсгалт газрыг үгүй хийх гэж байна хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэцгээж байна. Уг нь шарлаж хоцорсон түүхийн хуудсаа сөхөж үзвэл Халх гол суманд чөлөөт бүс байгуулах шаардлага байхгүй. Учир нь монгол, оросын мянга мянган цэрэг халуун амь бүлээн цусаараа хамгаалж үлдсэн газар шороо болохоор тэр билээ. 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 16-ны хооронд  буюу бүхэл бүтэн дөрвөн сар үргэлжилсэн дайн БНМАУ, ЗХУ-ын нэгдэл,  Япон болон Манж Го улсуудын хооронд болсон юм. Өнөө хэр ч дайны учир шалтгааныг тодруулж чадаагүй байгаа бөгөөд дөрвөн сар үргэлжилсэн дайны ялагчаар БНМАУ, ЗХУ-ын нэгдэл тодорсон юм. Тухайн үед Монгол Улсын төрийн жолоог өдгөөгийн Монгол Ардын Нам буюу тухайн үеийн МАХН удирдаж байлаа. Энэхүү гашуун түүхийг эргэн санавал монголчууд бид Халх голд чөлөөт бүс яагаад ч байгуулж болохгүй мэт санагдана.

 

Энэ ч утгаараа Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд намрын чуулганаар уг тогтоолын төслийг хүчингүй болгуулах тухай шум сонсогдож эхэллээ. Анхнаасаа ч тогтоолын төслийг хэлэлцэж байхад Монгол Ардын Намын гишүүд Халх гол суманд чөлөөт бүс байгуулах нь буруу гэсэн байр суурьтай байсан юм. Жишээ нь, УИХ-ын гишүүн Су.Батболд "Бид хэдийгээр том газар нутагтай ч тариалангийн бүс багатай. Миний бодлоор бид төвийн бүсээ газар тариаланд бүрэн дүүрэн ашигласны дараа л Халх гол руу орох нь зөв. Би байнгын хорооны даргын хувьд энэ төслийг нэгдсэн чуулганы танхим руу оруулахгүй байж болох байсан ч Монголд төр байна уу гэдэг эргэлзээтэй боллоо. Бид энд Халх голын тал газрыг ирээдүйдээ нөөцөлнө гээд шийдсэн байхад аймгийн Засаг дарга нь дур мэдэн 20.000 га хагалуулчихсан. Тэгээд ч 500.000 гатай чөлөөт бүс гэж байхгүй. Шаардлагатай гэж үзвэл энэ төслийг буцаана. Аж ахуйн нэгжүүд Халх гол руу шуналын нүдээр харж байна. Дорнодын Засаг даргад хариуцлага тооцох ёстой. Тэр хүнд хэн зөвшөөрөл өгөв" хэмээн хатуухан хэлж байлаа.

 

Юутай ч Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд намрын чуулганаар Халх голд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулж магадгүй болоод байна. Тэгэхээр сүүлийн үед сошиал ертөнцөөр яваад байгаа "Халх голын чөлөөт бүсийн 500.000 га газрын эзэд" хэмээх цуурхал худлаа болж таархана. Үнэхээр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Халх голын чөлөөт бүстэй холбоотой байсан бол намрын чуулганаар УИХ-ын тогтоолыг хүчингүй болгоно гэсэн шум гарах байсан болов уу. Ямар ч байсан хүссэн ч эс хүссэн ч Дорнод аймгийн Халх гол сум өнөөдрийн Монгол Ардын Намтай салшгүй холбоотой. Тэрхүү цусан холбоо нь бүр эх орны тусгаар тогтнолтой шууд холбогдоно. Тиймээс МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Халх голд чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож тун болзошгүй юм.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.