| |
Н.Номтойбаяр: АН сонгуулийн өмнөх зам мөрөө засч байгаа юм
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганы хуралдаанаар баталлаа. Ингэснээр хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлсэн хувь хүн болон компаниудад хариуцлага хүлээлгэхээргүй болж байна. Мөн хувь хүний болон аж ахуйн нэгжийн төлөөгүй байсан орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгө, НӨАТ-ын өрийг цайруулахаар заажээ. Энэ хуулийн талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ярилцсанаа хүргэе
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг далд эдийн засгийг ил болгох, ингэснээр татварын бааз суурийг өртгөтгөх, компаниудад ижил төвшнөөс гараагаа эхлэх боломжийг олгох зорилгоор санаачилсан гэж байсан. Гэвч батлан гаргасан хууль эдийн засгийг дэмжих гэхээсээ илүү өршөөлийн хууль боллоо гэж үзэх хэсэг байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь өршөөлийн хууль болсон гэдэгтэй санал нэг байгаа. Энэ хуулийг санаачлан батлуулсан Ардчилсан намынхны үнэн төрх ч ил боллоо. Үүнээс гадна цагаа олоогүй гэж үзэж байна. Эдийн засгийн хямралтай үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор үүнийг санаачилсан гэж өөрсдөө тайлбарладаг юм. Гэтэл АН эдийн засгийг хямраасан гэж шүүмжлэхээр бид хямраагаагүй, хямрал ч болоогүй гэдэг. Харин өөрсдөдөө ашигтай бол эдийн засгийн хямралаас гаргах үүнээс өөр арга, зам байхгүй гэж тайлбарлан хууль оруулж ирдэг. Тэгээд ч "Чингис”, "Самурай” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрт зориулсан маш их хөрөнгийг хэрхэн зарцуулсныг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байхад ийм хууль батлах нь буруу. Эдийн засгийн ил тод байдлын тухай гэсэн гоё нэрийн ард АН авлигачдаа өршөөх зорилгоор энэ хуулийг батлан гаргалаа. Тэд энэ хуулийг батлах гэж яагаад ингэж үхэн хатан зүтгэсэн бэ. АН-ын цөөн хэдэн улстөрчдөд зориулсан болохоор тэр шүү дээ.
-Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим заалтыг МАН эрс эсэргүүцэж байсан. Та ч бас эсэргүүцлээ илэрхийлж, Байнгын хороон дээр тодорхой санал гаргасныг дэмжээгүй байх аа?
-Аливаа хуулийг нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн санаачилж, шинэчлэн найруулдаг. Гэхдээ би үүнийг нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангасан тэр хэрэгцээнд тулгуурлан өргөн барьсан гэж бодохгүй байна. Нийгэм, бизнес эрхлэгчдийн нэрийг барьсан цөөн хэдэн улстөрчид л ард нь байгаа юм. Хуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүний хэргийг хамруулахгүй гэж тайлбарлаад байгаа. Тэр нь худлаа. Ямар улстөрч өөрийнхөө нэрээр бизнес хийгээд явж байх вэ. Дандаа ах дүү хамаатан садан, гэр бүлийнхээ хүний нэр дээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр энэ хуулийг гаргасан. Би хуулийн төслийг хэлэлцэх явцад санал оруулсан. Түүнийг дэмжих нь байтугай сонсоо ч үгүй шүү дээ. "Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдсан хүнийг төрийн өндөр албан тушаалд тодорхой хугацаагаар томилохгүй байх, үүнийг Төрийн албан хаагчийн хуулиар зохицуулах ёстой. Хэрвээ улс төрийн албан тушаалтан бол албан тушаалаас гадна сонгуульд нэр дэвшихийг нь хязгаарлая” гэсэн санал гаргасан. Миний саналыг яагаад дэмжихгүй байгаа нь маш тодорхой. Дэмжихгүй гэдгийг ч би мэдэж байсан. Хэрвээ миний саналыг дэмжвэл АН-ынхан ял эдлэхгүй, дээр нь албан тушаалд дахин томилогдох эрхийг нь хаах гээд байсан юм.
-Хуулийг баталсан өдрөөс эхлээд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. Тэгэхээр өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэглээд эхэлсэн гэсэн үг. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр нийгэмд сөрөг нөлөө гарна гэсэн болгоомжлол байна. Ямар сөрөг нөлөө гарч болох вэ?
-Сөрөг нөлөө их гарна. Энэ нь шударгаар татвараа төлдөг хүмүүсийн итгэл үнэмшил шууд буурна. 2007 оноос хойш татвараас өршөөх хуулийг хоёр дахиа гаргачихлаа. Цаашид гурав, дөрөв, тав дахь удаагаа гаргахыг үгүйсгэх арга алга. Цагдаа, татварын байгууллагынханд дарамтлуулж, дансаа хаалган, шалгалтад өртдөг ч хуулиа хүндэтгэж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг олон хүний итгэл үнэмшил буурахаас аргагүй. Жишээ нь, миний хувьд гомдолтой байна. Шударгаар татвараа төлдөг олон компани байгаа. "МАК” төлөх төлөхдөө эхний гуравт байнга жагсдаг. Гэтэл шударгаар татвар төлдөгт нь ямар ч урамшуулал байхгүй. Харин татвараа нуудаг, хууль зөрчдөг хэсгийн толгойг яагаад илээд байгаа юм. Хөрөнгө, орлогоо нууж татвараа төлдөггүй гээд алдаа гаргасан бол ногдох хариуцлага, ялаас хэлтрүүлж болох юм. Энэ бол бизнес эрхлэгчдэд эдийн засгийн том дэмжлэг болох учраас эсэргүүцэх шалтгаан алга. Хамгийн гол нь төлөх ёстой татварын мөнгийг увуулж цувуулаад, тодорхой хугацааны туршид төлөх л ёстой. Гэтэл бүр тэглэж байгаа нь буруу юм. Тэгээд ч бизнесийнхний зүгээс хүлээлт үүсээд, тэднийг аргагүй байдлаас гаргах гэж энэ хуулийг өргөн барьсан уу гэвэл үгүй. Өнөөдөр эрх барьж байгаа АН-ынханд л хамаатай гэдгийг дахин хэлье. "Чингис”, "Самуурай” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөер нэрээр хөрөнгө мөнгө завшсан, албан тушаалаа урвуулан болон хэтрүүлэн ашигласан олон дуулиант хэрэг ингээд хаагдлаа. Энэ бол сонгуулийн өмнө АН өөрсдийнхөө зам мөрийг цэвэрлэх гэсэн арчаагүй арга.
-2007 онд гаргасан татварын өршөөлийн үр дүнд хэдий хэрийн далд эдийн засаг ил болсон юм бол. Өмнөх хуульд хамрагдаж татварын өршөөл үзүүлсэн компанийг энэ удаа дахин хамруулахгүй биз дээ?
-Мэдэхгүй байна. Ямар тооцоо судалгаа хийсэн, жишээ баримт байна уу гэхээр юу ч гаргаж өгдөггүй юм. Ардчилсан нам "азаартчихсан”. Түүнийхээ балгийг арилгах гэж энэ хуулийг баталж байгаа гэдгийг би УИХ-ын чуулган дээр ч хэлсэн.
М.Алтанцэцэг