|
Видео

Шинэ мэдээ

Тээшний хүнснээс татгалзъя

Тээшний хүнснээс татгалзъяМ.ГАН

Ажлын гадаа машинтай наймаа иржээ. Сонирхвол хойноос ирсэн хүнс голдуу юм. Үйлдвэрлэсэн он, дуусах хугацааг харах нь битгий хэл аль хотоос оруулж ирж байгааг нь асуухгүй тал талаас нь олуулаа шавж, юу хэрэгтэйгээ худалдан авна. Бодвол хувь хүн машиныхаа арын багаажинд Улаан-Үүдээс ачиж ирсэн бололтой. ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноос хойш иргэд хувиараа хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэн Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг аймагт худалдаж байсан бол өдгөө энэ байдал даамжирч Улаанбаатарт түгээмэл ажиглагдах болжээ. Ямар ч зөвшөөрөл, баталгаа байхгүй. Наймаачид нь "Оросын ард түмэн олон жил идээд үхээгүй юмыг монголчууд идээд яав л  гэж” хэмээн хээвнэг сууна. Нарантуул, Баянзүрх, Хүчит шонхор, Хархорин зэрэг олны хөлийн газар болон томоохон худалдааны төвүүдийн ойролцоо машиныхаа тээшинд орос хүнсний бүтээгдэхүүн худалдах нь олон таарна. Үүнийг хянадаг, зохицуулах хууль, эрх зүйн орчин байна уу. Монголчууд баталгаатай хүнс хэрэглэж чадаж байна уу гэсэн асуулт хариу нэхээд хэдэн сар болж байна.

Манай улс 2012 онд Хүнсний тухай хуулиа шинэчилж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг шинээр баталсан.Эдгээр хуулийг 2013 оноос эхлэн дагаж мөрдөж байгаа юм. Дээрх хуульд хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг хуулийн этгээд, аж ахуй нэгж импортлох, мөн зохих шаардлага шалгуурыг тусгаж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч уг хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байгаа нь бодит байдал дээр ийм л байна.

 "Сүүлийн үед иргэд хойд хөршөөс хувийн хэрэгцээний зориулалт нэрийн дор ганзгаар хүнсний бүтээгдэхүүн авчирч Улаанбаатарт худалдах явдал газар авах хандлагатай байна. Энэ чиглэлээр НМХЕГ-аас  хяналт тавин ажиллаж байгаа” гэдгийг НМХЕГ-ын хэлтсийн дарга Д.Энхбат онцолж байсан. Мөн тэрээр, "НИТХ-ын 07 тоот тогтоолоор батлагдсан нийслэлд худалдаа үйлчилгээ явуулах нийтлэг журам гэж бий. Энэ хүрээнд тухайн дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл ажилладаг. Энэ бүрэлдэхүүнд нь мэргэжлийн хяналтаас гадна цагдаа, онцгой байдал гэх мэт холбогдох байгууллагууд хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Сая дурдсан мэргэжлийн байгууллагууд маань үндсэн чиг үүргийнхээ хүрээнд дүүргүүдэд хяналт шалгалт явуулахад гар дээрээс импортын хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан хэд хэдэн зөрчил илэрсэн” гэдгийг хэлэв.

"Хэдхэн ширхэг хүнсний бүтээгдэхүүн барьчихаад гэртээ хэрэглэнэ гээд байгаа хүнээс хураах хэцүү байдаг. Иймээс яалт ч үгүй оруулдаг” гэдгийг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн улсын ахлах байцаагч Ж.Амаржаргал ярьж байлаа.

НМХЕГ-ын улсын байцаагчийн ярьж байгаачлан тус газар  нь гар дээрээс хүнс худалдаалж байгаа хууль бус үйлдлийн талаар иргэдээс ирж байгаа гомдлын дагуу хяналт шалгалтыг давхар зохион байгуулдаг аж.  Энэ талаар Д.Энхбат,  "Саяхан иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хяналт, шалгалт явуулахад ОХУ болон Хятад улсаас импортолсон хил гаалийн хяналт шалгалт ороогүй хүнсний бүтээгдэхүүнийг Баянзүрх захын ойролцоо гар дээрээс худалдаж байсан хэд хэдэн зөрчил илэрч, хуулийн дагуу зохих арга хэмжээг авсан” гэдгийг онцолсон юм.

Албаны хүмүүс ингэж анхааруулсаар байтал иргэд эрүүл мэнддээ сайн, муу эсэх, хүчинтэй эсэхийг үл тоон худалдаж авдаг нь хачирхалтай. Гарал үүсэл, хадгалах горим нь тодорхойгүй чанаргүй хүнсний бүтээгдэхүүнд хордож, эрүүл мэндээрээ хохирох аюулаас иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй импортыг орлох хүнс үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэрлэгчид Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хүрээнд эрсдэлээ тооцож, хүнсний сүлжээний үе шат болгондоо хяналт тавьж ажиллаж чаддаг гэдгийг хүнсний мэргэжилтнүүд онцолдог. Харин хувийн хэрэгцээ гэдэг нэрийн дор ганзгаар хүнс худалдаж байгаа нь Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмүүдийг зөрчөөд зогсохгүй, иргэдийн эрүүл мэнд, цаашлаад амь насанд нь заналхийлж байгаа юм.

Эл байдлыг таслан зогсоохын тулд Мэргэжлийн хяналт гэдэг байгууллага дангаараа тэмцээд амжилтад хүрэхгүй гэдгийг Д.Энхбат дарга хэлсэн. "Автомашиныхаа багаажинд импортын хүнсийг худалдаж байгаа тохиолдолд хэв журам, замын цагдаа, тухайн дүүргийн Засаг даргын зүгээс харилцан мэдээллээ солилцож хамтарч ажиллахгүйгээр зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллага үүнтэй тэмцээд гар дээрээс худалдаа эрхэлж байгаа иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсооход хүндрэлтэй” гэж байлаа.

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа "Хямд үнийн цаана бүтээгдэхүүнийг дууриалгаж хийх, хуурамчаар үйлдвэрлэх нь түгээмэл байдаг. Ийм хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хилээр нуун далдалж, ямар нэгэн татвар хураамж төлөхгүй оруулж ирэн зах зээлд борлуулахад хэрэглэгчид аль болох хямд үнийг л харж худалдан авч байна. Өнөөгийн эдийн засгийн хямралтай үед иргэд хямдхан  бараа бүтээгдэхүүн авч байгааг буруутгах аргагүй.  Харин энэ нь хүнсний аюулгүй байдал өөрөөр хэлбэл, эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавар авчрахыг төдийлөн ойлгохгүй байх шиг. Иймэрхүү байдлаар орж ирсэн бараа бүтээгдэхүүнтэй зах зээлийн шударга өрсөлдөөнд хүнсний дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн өрсөл­дөх боломжгүй” гэв.

1990-ээд оны эхээр бид бүхий л зүйлээ гаднаас авдаг байсан нь үнэн. Гэвч өнөөгийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнийг  бид эх орондоо үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахуйц хэмжээнд нэгэнт хүрчээ. Ялангуяа шингэн төрлийн бүтээгдэхүүн буюу төрөл бүрийн ундаа, жүүс, шар айраг, ургамлын тос, сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангаж чадаж байна.

Энэ тохиолдолд импортын зарим хүнсний бүтээгдэхүүний нэр төрөлд тарифын аргаар хязгаарлалт хийж үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэдгийг хүнс үйлдвэрлэгчдийн зүгээс хэлж байгаа нь үнэн юм. Нөгөөтэйгүүр төрийн байгууллагуудын ганзага буюу хууль бус байдлаар оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний талаар бодит мэдээлэл судалгааг хийж, түүнийг таслан зогсоох талаар дорвитой арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler