| |
Оршин суугчид үргэлжлүүлэн 10 хоног буудалд хоноглоно
Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны 48 айлын, 12 давхар, 16-р байрны суурийг бэхжүүлэх ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр болсон байна.
Тус байрны зүүн талд "БИ ЖИ БИ ЖИ” компани эзэмшил газраа хэтрүүлэн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барих гэж тус байрны хажуугийн үерийн даланг нурааснаас даацын хавтанд нь суулт өгч нурж эхлэх аюул нүүрлэж, айлуудыг нь нүүлгэн шилжүүлээд байгаа билээ. Байрны оршин суугчид өнөөдрийг хүртэл ойролцоох зочид буудлуудад 15 хоногийн турш байрлаж байгаа юм.
Энэ хооронд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын төлөв байдал, хөрсний нуралтанд нарийн шинжилгээ хийж, орон сууцны хундаам ухсанаас үүдэн 16 дугаар байрт хазайлт өгөөгүй. Харин ухсан нүхний эсрэг тал руу дөрвөн сантиметрийн хазайлттай байна. Тус барилгын суурийг бэхлэх, хүчитгэх ажлыг хийсний дараа иргэдийг оруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан билээ.
Харин албаны хүний мэдээллэж байгаагаар: "Тухайн байрны суурийг бэхжүүлэх, хүчитгэх ажлын зураг төслийг нийслэлийн Барилгын зураг төслийн хүрээлэн хариуцаж боловсруулсан. Энэ зураг төсөл таван хувилбартай. Үүнээс илүү боломжтой хувилбарыг сонгож, ажлыг эхлүүлэх ёстой. Зураг төслийн ерөнхий нөхцөл нь барилгын сууринд багана цутгаж бэхжүүлнэ. Дахиад ханан суурь цутгаж дээш нь тулгах юм. Харин хэдэн талаас нь яаж хийхийг маргааш ажлын хэсгийн хурлаар шийднэ. Тиймээс маргааш албан ёсоор хүчитгэлийн ажил эхлэх юм. Мөн ажлыг зураг төсөл бэлтгэх, бэхжүүлэх явцад хянах Иргэдийн салбар зөвлөл гэж байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ ажилд иргэд өөрсдөө хяналт тавьж ажиллахаар болсон” гэв. Энэхүү ажлыг 7-10 хоногийн хугацаанд гүйцэтгэнэ, тиймээс оршин суугчид дахин 10 гаруй хоногийн хугацаанд зочид буудалд байрлах болж байна.