|
Видео

Шинэ мэдээ

Мэхт мэхэндээ гэгч нь болов

Мэхт мэхэндээ гэгч нь болов

200 гаруй иргэнийг долоон зочид буудалд байрлуулаад байна

Баянгол дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт буюу III хорооллын "Ачлал” их дэлгүүрийн ард байрлах 16 дугаар байранд цууралт өгч, байшин нурах магадлалтай болоод байгаа мэдээлэл өнөөдрийн хамгийн ноцтой бөгөөд эмгэнэл дагуулсан асуудал болоод байна.

 

Тус байртай хэт ойр зайтай барилга барихаар нүх ухсанаас үүдэн ийнхүү орон сууцны барилгад цууралт өгч, хөрс суларсан гэдгийг албаныхан хэлж буй. Тус орон сууцанд 50 гаруй өрхийн 240 орчим иргэн оршин суудаг бөгөөд айлуудыг өчигдөр орой гэхэд бүрэн нүүлгэн шилжүүлж, "Эрхэс”, "247” зэрэг долоон зочид буудалд байрлуулаад байгааг холбогдох албаныхан хэллээ. 

 

 

Уг асуудлаар өнөөдөр олон нийтэд үнэн бодит мэдээллийг өгөх үүднээс Баянгол дүүргийн Онцгой комиссоос мэдээлэл хийсэн юм. Эл хариуцлагагүй үйлдлэл хаанаас эхтэй вэ гэх асуултыг сэтгүүлчид төдийгүй иргэд нэхэн хариуцлага хүлээх эзнийг шаардаж байв.

 

Барилга барихдаа 240 айлын орон сууцанд хэт тулгаж барьсан "Би Жи Би Жи” компанид уг газарт барилга барих зөвшөөрлийг 2008 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон  байдаг бол 2012 оны долдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас  18 давхар барилгын ажил эхлүүлэхийг зөвшөөрсөн гэдгийг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо ярилаа. 

 

Гэхдээ тус компани уг газарт анх гараж барихаар зөвшөөрөл авч байсан байна. Баянгол дүүргээс энэ газарт барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгож өгөх хүсэлтийг холбогдох байгууллагууд руу удаа дараа явуулж байсан ч өнөөг хүртэл хариу ирээгүй аж.  

 

Одоогоор 16 дугаар байранд нарийвчилсан дүгнэлт хийх шинжээчдийг томилоод байгаа юм.  Мөн уг барилгын суурийг бэхжүүлэх ажил хийх юм байна. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх болоод бусад зардалд одоогийн байдлаар нийт 10 сая төгрөг зарцуулсныг дүүргийн төсвөөс гаргажээ. Уг ажлын явцад гарах зардлыг "Би Жи БИ Жи” компаниас гаргуулах юм байна.

 

 

"БИ ЖИ БИ ЖИ” компани анх  2008 оны нийслэлийн Засаг даргын 565 тоот захирамжаар 3000 мкв газрыг эзэмшсэн байна. 2014 оны хоёрдугаар сард газар эзэмших эрхийг нь нийслэлээс сунгажээ. Ингээд 2014 оны долдугаар сарын 22-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас 18 давхар үйлчилгээний зориулалттай, орон сууц барих зөвшөөрөл олгосон байдаг аж.

 

 

Холбогдох газрууд энэ асуудлыг нь шийдвэрлэхгүй явснаас болж өнөөдөр олон айл аюулд учраад байгааг дүүргийн Засаг дарга хэллээ. Түүнчлэн 2008 онд газар эзэмших гэрчилгээ, 2014 онд сунгасан шийдвэр, 18 давхар барилга барих зөвшөөрөл олгосон зэрэг холбогдох шийдвэр гаргасан байгууллагын албан тушаалтнуудыг хуулийн дагуу шалгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Онцгой комиссоос гаргажээ.

 

                             

 

                                        -"БИ ЖИ БИ ЖИ" ХХК ийн ЭЗЭН ГЭХ НУУЦ НОЁНТОН ТОДОРХОЙ БУС БАЙНА-

Тус газар барилга барихаар газар ухсан компанийн эзэд нь "нууц” бололтой. Учир нь дүүргийн Засаг дарга, газрын албаныханд энэ мэдээлэл байхгүй гэлээ. Засаг дарга Д.Оросоо "компанийн удирдлагуудыг мэдэхгүй. Ерөнхий менежер н.Ганбат гэж хүн ирж уулзсан. Гарч байгаа хөрөнгө зардлыг гаргаж, хөрсийг хүчитгэх арга хэмжээ ав гэсэн үүргийг нийслэлийн онцгой комиссоос өгсөн. Энэ компани одоогоор хөрөнгө, мөнгө гаргах санхүүгийн боломжгүй гэсэн учраас нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаад дараа нь энэ компаниар нөхөн төлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.

 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "БИ ЖИ БИ ЖИ” ХХК нь генерал Ц.Сандаг-Очирын хүүгийн компани гэх мэдээлэл гарч байсан юм.


Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн наад талд дүүргийн үерийн тунгаагуур байдаг аж. Тэр тунгаагуур доогуураа сүлжээгээр холбогдоод урагшаа урсдаг байна. Газар доогуур явж байгаа шугам, сүлжээ энэ барилгын суурины зүүн талаар таарч байгаа аж. Тухайн компани газар ухах үеэрээ үерийн тунгаагуурын ус дамжуулах сувагийг гэмтээчихсэн байна. Тиймээс яаралтай сэргээн засах ажлыг нийслэлийн Онцгой комиссоос Улаанбаатар хотын захирагчийн албанд даалгажээ. Өнөөдрийн байдлаар тус газарт Мэргэжлийн хяналтын шинжээчид ажиллаж байгаа бөгөөд дүгнэлтээ нийслэлийн онцгой комисст танилцуулах юм байна.

 


 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler