| |
“Астра бьюлдинг” компанийн барилгыг 17 хоногт багтаан нураах үүрэг өгчээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга Ж.Бат-Эрдэнээс 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 0203/3532 тоот албан бичиг ирлээ. Уг албан бичигт дурдахдаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин баригдаж байгаа "Астра бьюлдинг" интернэйшнл компанийн "Астра бьюлдинг" барилгын зураг төслийг дахин хянаж, арваннэгдүгээр сарын 31-ий дотор тухайн зөрчлийг арилгуулахыг үүрэгдсэн байна.
Уг шийдвэрт дурдахдаа хоёр барилгын хоорондын зай 2-4 давхар бол 14 метр зайд байна гэсэн Барилгын тухай хуулийн заалтыг зөрчин найман метр зайтай барьсныг ноцтой зөрчил гэж үзсэн байна. Энэ зөрчлийг заасан хугацаанд арилгаж хариу мэдэгдэхийг үүрэгджээ. Үүнээс үзэхэд дараахь ажлууд хийгдэх бололтой. Барилгын зургийг дахин хийх. Барилгын зургийг дахин хийнэ гэдэг нь барилгыг зогсоож таарна. Ингэж зөрчлийг нь арилгуулж дахин барина. Тэгэхээр "Астра бьюлдинг" барилгыг 17 хоногийн дотор нураана гэсэн үг юм.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн №0203/3532 тоот албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАРТ
Барилгын төлөв байдлын тухай
Тус газарт "Өдрийн сонин"-ы газраас 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 76 дугаартай албан бичгийг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02-01/441 дугаар удирдамжийн дагуу иргэн Л.Зундуй болон "Астра интернэйшнл" ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо "Өдрийн сонин"-ы байрны хойд талд байрлах "Тэлмэн констракшн" ХХК-ийн гүйцэтгэж байгаа 24,5x18,5 м хэмжээтэй 12 давхар зоорьтой үйлчилгээний 64 айлын 1 блок орон сууцны барилгын угсралт байдал, зураг төсөлд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шалгалт хийлээ.
Шалгахад "Сийз архитектс" ХХК-д боловсруулж хянаж баталгаажуулсан зураг төсөл. 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн СБД/56/08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 449 дугаар газар эзэмших захирамжтай, 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 421/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажил явуулж байгаа боловч урд талд байрлах "Өдрийн сонин"-ны байрнаас 8.4м байгаа нь "Хот тосгоны төлөвлөлт барилжилтын норм ба дүрэм" БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан /2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй дөрвөн давхар бол 20 м-ээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой.
Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно/ заалтыг зөрчсөн байна.
Иймд танай байгууллага зураг төслийг дахин хянаж дээрх зөрчлийг арилган 2014 оны 11-дүгээр сарын 31-ний өдөр манай байгууллагад хариуг ирүүлэхийг мэдэгдье.
Хувийг: "Өдрийн сонин", иргэн Л.Зундуй болон "Астра интернэйшнл" ХХК-д
НМХГ-ын ДЭД ДАРГА П.БАТ-ЭРДЭНЭ