|
Видео

Шинэ мэдээ

Урьдчилсан дүгнэлт: Ухсан нүх барилгад хазайлт үүсгээгүй

Урьдчилсан дүгнэлт: Ухсан нүх барилгад хазайлт үүсгээгүйНийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа.
Хуралдаанаар 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдал болон "Би Жи Би Жи” компанид газэр эзэмших эрхийг хэрхэн олгосон талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өглөө.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан   Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 давхар орон сууцны 16 дугаар байранд амьдардаг 49 өрхийн 244 иргэнийг Засгийн газрын 2011 оны 340 дугаар тогтоолын дагуу нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 6 зочид буудалд нийт 178 иргэнийг байрлуулсан байна. Одоогийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын комиссын даргын тушаалаар шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа юм.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд урьдчилан гаргасан дүгнэлтээр 16 дугаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай  байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй. Одоогоор тус байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой болно гэжээ. Мэргэжлийн байгууллагын тус дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ажлын зургийн даалгаврыг боловсруулах ажлыг хийж, гүйцэтгэж байна.

16 дугаар орон сууцны зүүн талд барилгын ажил гүйцэтгэх нэрийдлээр нүх ухсан "Би Жи Би Жи” компанид газар эзэмших эрх хэрхэн олгосон тухайд:
  • Анх 1998 онд Нийслэлийн Засаг даргын А/117 дугаар захирамжаар "Хэмнэлт-Орчлон” ХЭАА-д 2000 м2 гаражийн барилгын зориулалтаар газар эзэмших эрх олгож, тус газар  гаражийн барилга барьж иргэдэд худалджээ.  
  •  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Т.Билэгтийн 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар "Эн Эс Ар” ХХК-д гараж, үйлчилгээний зориулалтаар 3000 м2 газар олгож, тус оны 565 дугаар захирамжаар "Би Жи Би Жи” ХХК-д нэр шилжүүлсэн байна.
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын 2011 оны 06 сарын 16-ны өдрийн НЗД-ын 470 тоот эзмшил газрын зориулалт өөрчилж, барилга барих захирамжаар 1000 м2 газарт үйлчилгээтэй орон сууц барих эрх олгожээ. Тус газрын эзэмших эрхийг 2014 оны 115 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар сунгасан байна.
Харин тус компанид барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 29/2014 дүгээр  тушаалаар олгожээ.

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгосон нь Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн бөгөөд НЗД-ын захирамжаар эзэмшүүлсэн газрын хэмжээ, заагдсан барилгын шугамын хэмжээнээс хэтрүүлэн нүх ухсан нь  өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгожээ.

Хуралдаанд оролцсон "Би Жи Би Жи” ХХК-ийн менежер н.Ганбат үүссэн нөхцөл байдалд тус компанийн зүгээс хариуцлага хүлээж, холбогдох бүх зардлыг гаргана гэдгээ хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Хууль, дүрэм, журам зөрчсөн газрыг төрийн байгууллагууд хаацайлсаар нэг нь үүрэг өгч, нөгөөх нь зөрчдөг, тэр үйлдлийг  хяналтын газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нөгөө л нэг байдал яг энэ асуудал дээр бодитоор харагдаж байна. Тиймээс иргэдийг сэтгэл санаа, эд материалаар хохирооход хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг тогтоож хариуцлага тооцно” гэлээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өртгөсөн хуралдаанаар дараахь шийдвэрийг яаралтай авч, хэрэгжүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Тус газарт геодизийн зураг гаргаж, барилгын улаан шугам тогтоосон геодиз, зураг төслийн компани, Эзэмшүүлсэн хэмжээнээс хэтрүүлэн нүх ухаж ойролцоох орон сууц, барилгуудыг эрсдэлд оруулсан "Би Жи Би Жи” ХХК, Эдгээр газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй холбогдох эрх бүхий албан тушаалтныг тогтоож хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулахыг үүрэгдлээ. Мөн тус захирамжинд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн цаашид авах арга хэмжээ буюу хөрсийг бэхжүүлэх, хүчитгэх ажлыг зохион байгуулах, хууль, журам зөрчиж барилгын ажил явуулж байгаа газруудын жагсаалт гаргах үүргийг холбогдох албаныханд өгөхөөр санал боловсруулахаар боллоо.

Өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн дараагийн буюу ирэх пүрэв гарагийн хуралдаанаар танилцуулж, хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler