| |
Бид хэний “толгой”-гоор сэтгэдэг вэ
Тавантолгойн төслийг УИХ-аар хэдийд хэлэлцэх нь тодорхойгүй үлдэв. Учир нь, энэхүү төслийг хийгсэд бусдын "толгой”-гоор сэтгэж, бусдын эрх ашгийг хамгаалсан юм байх. Үүний өмнө баталж, хэрэгжүүлж, өдгөө хэрүүлийн үрийг нийгэмд цацаад буй Оюутолгойн төсөл ч бас л бусдын "толгой”-гоор хийж, бусдын эрх ашгийг хамгаалсан гэх хардлагын "бай” болдог. Нийгэмд ямар нэгэн томоохон бүтээн байгуулалт, тендер зарлаж, түүнийг нь авсан компани, холбоотой хүмүүсийг ямар нэгэн хэмжээгээр хардлага дагаж, бусдын "толгой”-гоор сэтгэж, хэн нэгний эрх ашигт үйлчилсэн хэмээн харддаг. Төр, засгийн эрх мэдэлтнүүд хууль санаачилж, үүнийг нь баталсны дараа бас л хэн нэгний эрх ашиг тухайн хуульд туссан байх магадлалтай хэмээн хардана. Өөрийн "толгой”-гоор, улс эх орны эрх ашгийн тулд биш бусдын захиалгаар тухайн хуулийг санаачилж, батлуулсан гэж гүтгэх нь ч бий. УИХ-ыг ч хэн нэгний эрх ашгийн төлөө гараа өргөж, хууль баталж, гадныхны өмнө бөхийж, ард түмэн гэж байдгийг дөрвөн жилд нэг удаа санадаг хэмээн үзэх нь ч, хэлэх нь ч, үнэлэх нь ч бий. Шүүх гэж байгууллага байх. Гэвч шүүх дээр хэрэг маргаан шийдэхэд мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгний талд л шийдвэр гардаг гэсэн үнэлэмж нийгэмд бий болж, энэ нь хусаад арилахгүй толбо болж тогтсон. Өөрөөр хэлбэл өөрийн"толгой”-гоор хуулийн дагуу шийдвэр гаргадаг албан тушаалтан ховор болжээ. Энэ бүхнээс ургуулаад бодоход бид хэний "толгой”-гоор сэтгэж, хэний төлөө ажиллаж, амьдардаг юм бол. Монголд өөрийн "толгой”-гоор сэтгэж, хуулийн дагуу амьдарч, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн"шударга” гэсэн үгэнд таарч тэнцэх хүн байгаа болов уу. Ядаж л "Энэ хүн өөрийн "толгой”-гоор сэтгэж, бодож, шийдвэр гаргасан юм байна” гэж хүлээн зөвшөөрөх ганц ч гэсэн улстөрчтэй, нийгэм хүлээн зөвшөөрсөн "лидер”-тэй болох юмсан.
Д.Лхагва-Очи
unen.mn