|
Видео

Шинэ мэдээ

О.Алтангэрэл: Мөрийтэй тоглоомд зургаан дансаар 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн

О.Алтангэрэл: Мөрийтэй тоглоомд зургаан дансаар 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Ноорог.мн сайттай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Хэвлэлийн эрх, эрч чөлөө, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөтэй холбоотой ямар нэгэн зөрчил гарсан эсэх талаар мэдээлэл танилцууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд цагдаагийн байгууллагаас явуулсан үйл ажиллагаа, болж өнгөрсөн үйл явдлын эргэн тойронд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, хүний эрхийн дэд хороо, бүлгүүдэд болж өнгөрсөн асуудлын талаар мэдээлэл хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гарлаа.

Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ энэ асуудалтай холбоотой шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаадугаар сар, 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, ангиудаар шалгагдаж байсан. Одоо хүртэл шалгагдаж байгаа. Энэ бол гэнэт болсон үйл явц биш. Цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар улс төрийн заавраар, дохиураар ажиллаж байна гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааны үзүүрт улс төрийн ямар зорилго байгааг тогтоох ёстой. 

Өчигдөр цагдаагийн байгууллага олон нийтэд хандаж ямар үйл ажиллагаа явуулсан, ямар нөхцөл байдалтай байсан талаар мэдээлэл өгсөн. Энэ бол цагдаагийн байгууллагын нэг хүн гарч ирээд ярьж байгаа зүйл биш. Хэрэв цагдаагийн байгууллагын өгсөн мэдээлэл дунд буруу ташаа мэдээлэл байх юм бол энэ нь өөрөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно. Эрүүгийн хэрэг ханан шийдвэрлэх ажиллагааны бүх явц нь хуульд заасан журмын дагуу явдаг. Нэг л буруу алхам хийхэд хүний эрх зөрчигддөг, хууль бус болдог. Энэ ажиллагаа явуулсан хүн нь өөрөө Эрүүгийн хариуцлагад татагддаг, ийм ажиллагаа байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл бол ардаа хариуцлагатай. Хэрэв энэ хүрээнд өгсөн мэдээлэлд буруу, ташаа мэдээлэл байвал эрүүгийн хариуцлага хүлээдэг.

Тиймээс цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу үйл ажиллагаа явагдсан гэж ойлгож болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаа гэдэг бол тухайн нөхцөл байдалд ажиллагаа явуулж, үйл явдалтай холбогдуулан баримт, нотолгоо цуглуулдаг ажиллагааг хэлж байгаа. Цагдаагийн байгууллага ийм ажиллагааг өдөрт хэдэн арав, сард хэдэн зуугаар хийдэг. Хойшлуулшгүй ажиллагаагаар хүнийг баривчлах шаардлагатай бол прокурорын газраас заавал зөвшөөрөл авах ёстой. Цагдаагийн байгууллага прокурорт хандан, баривчлах зөвшөөрөл хүссэн ч өгөөгүй. Тийм учраас ямар ч албан ёсны баривчилгаа явагдаагүй.

Харин компьютер, техник хэрэгсэл, эд зүйлсэд үзлэг хийсэн, түүнийг баримтжуулсан үйл ажиллагаа явагдсан. Энэхүү үйл ажиллагаагаар хамгийн гол хөндөгдөж байгаа асуудал бол хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ямар нэг байдлаар халдсан байна уу, хэвлэж нийтлэх гэж байгаа контенттой холбоотой байна уу гэдэг дээр өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн асуудал байна уу гэдэг дээр хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд анхаарч ажиллаж байгаа. Өмгөөлөгчдөд нь хандан гомдол гарган, шалгуулах ёстой гэж хэлмээр байна. Өмгөөлөгчдийн дурдаж байгаа үйл, баримт үнэн бол энэ ажиллагаанд оролцсон хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, эдгээр хүмүүс нь бусдын хувийн мэдээллийг цуглуулсан, цахим покер мөрийтэй тоглоомд зургаан дансаар 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн, 2024 оны есдүгээр сараас эхлэн одоог хүртэл бусдыг амиа хорлоход хүргэх зүйл ангиар шалгагдаж байгаа хүн бий гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler