|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32
22-01-2025, 18:29
22-01-2025, 18:25

Эх дэлхийгээ илүү ногооруулъя

- Хараач, энэ бол миний "Америк дүү"-гийн тарьсан хамгийн анхны мод. Би түүнд хэрхэн мод тарьж ургуулахыг зааж өгсөн, энэ мод маш сайн ургасан байна. Инь Юйжэний ярьж байгаа "Америк дүү" бол Инь Ифань бөгөөд жинхэнэ нэр нь Дональд Эштон Жонс, АНУ-ын Флорида мужид нутагтай. Тэрээр 2015 онд Хармөрөн мужийн Харбин хотод англи хэлний багшаар ажиллаж байхдаа Муу-усны цөлөөр аялж, ӨМӨЗО-ы Ордос хотод ирээд "Цөлжилтийн эсрэг ажилласан үлгэр жишээч ажилтан" Инь Юйжэньтэй танилцаж, цөл нутагт мод тарьж ургуулах аргад суралцсан байна.

Цэвэрхэн ганган залуу шороо тоосонд дарагдсан залуу болсон

Инь Ифань малгай, бээлий, пүүзээ өмсөн Инь Юйжэний мод тарих багийнхныг дагаж цөлд оров. Тэрээр ногоон өнгөтэй нарсан модны  суулгацыг хараад "Яагаад заавал ийм модыг суулгадаг юм бэ?" гэж асуув. Хариуд нь Инь Юйжэнь түүнд нарс бол хурдан ургадаг бөгөөд ганд тэсвэртэй, үржил шимгүй, хүйтэн газарт ч ургаж чаддаг, салхинаас урьдчилан сэргийлэх, элсийг засах, элсэрхэг газрыг сайжруулах маш сайн ургамал юм гэж хэллээ.

- Тэгвэл би ч гэсэн нарс тарья гэж Инь Ифань хүрзээ аваад Инь Юйжэний багшийнхаа удирдлагаар мод тарьж эхэллээ.

- Тэр бидэнтэй хамт мод тарих гэж маш нямбай хөдөлмөрлөдөг, ажилдаа их анхаардаг. Түүний тарьсан мод стандартын шаардлага хангахгүй, амьд үлдэх эсэхэд нь эхэндээ эргэлзэж байсан. Харин санаанд оромгүй юм болж түүний тарьсан мод бараг бүгд амилсан байв. Тэр надад мод тарих ажилд тусалсан, би түүнд цалин өгөхийг хүссэн ч тэр аваагүй. Инь Юйжэний үзэж буйгаар Инь Ифаний аливаа зүйлийг хийх хандлага нь түүнийхтэй маш төстэй, даруй "Нэг бол хийхгүй, хийвэл сайн хийдэг" гэж ярилаа.

Муу-усны цөл дэх "Ногоон харгуй".Зргийг:Үүшин хошууны суртал ухуулгын хэлтсээс хангав.

Муу-усны цөл газар нь Хятадын дөрвөн том элсэрхэг газрын нэг бөгөөд Өвөр Монгол, Шаньши, Ниншя зэрэг гурван мужийг хамарсан, нийтдээ 70.5 сая мү газар нутагтай цөл газар юм. Муу-усны цөл газар нь хамар хатгах өвсгүй, тариалангийн талбайг цөлмөж, гэр байшингуудыг зөндөө булж дардгаараа “маш аюултай”.

Гэвч өнөөдөр ӨМӨЗО-ы Муу-ус цөл газрын 75 хувь нь ногоон бүрд болжээ. Инь Юйжэний 70,000 мү ой нь Хятадад хэрэгжиж байгаа дэлхийн хамгийн том ойн экологийн төсөл болох “Гурван умард” хамгаалалтын ойн төслийн нэг хэсэг болсон юм.

- Инь Ифаньтай анх танилцахдаа тэр өндөр туранхай, царайлаг, үзэсгэлэнтэй залуу байсан. Би түүнийг бидний тарьсан ойд дагуулан очсонд тэр маш их гайхширсан, хоёр эрхий хуруугаа өргөөд үнэхээр гайхалтай! маш гайхалтай! гэж хэлж байсан гэж Инь Юйжэнь дурсан ярьсан юм.

Тэр жил Инь Ифань Муу-ус цөлд хэд хоног мод тарьсныхаа дараа наранд борлож, сахал нь урт ургаж, хувцас нь хиртэн, сормуус нь хүртэл тоос шороонд дарагджээ. Инь Юйжэний үгээр тайлбарлавал “Тэрээр ирэхдээ цэвэрхэн ганган залуу байсан ч буцахдаа шороо тоосонд дарагдсан залуу болоод явсан даа”.

Хэтэрхий ачаалалтай байна. Энэ ажил амаргүй! Би түүний эх дэлхийг хамгаалахын төлөө тууштай хичээл зүтгэл гаргахад нь онцгой урам зориг орохыг олж харсан. Инь Ифань ядарсан ч гэсэн Инь Юйжэнийг дагаж, цөл нутгийг ногооруулахад өөрийн хувь нэмрээ үзүүлэхээр шийджээ.

Хамгийн өндөр элсэн довийг ногоон дов болгосон

Хуаньшилян довонд авирч, өөрийн тарьж ногооруулсан ойгоо сонирхох нь Инь Юйжэний хамгийн хийх дуртай зүйл. Хүчтэй салхи үлээж байсан ч тоос шороо босохгүй болж, түүний нямбай арчилгааны үр дүнд нэгэн цагт зулзаган моднууд өндөр сүрлэг ойн талбай болжээ. Ойн талбай нь ногоон халхавч болж, элсийг амжилттай тогтворжуулсан байна.     

Нэгэн цагт Хуаньшилян ойр орчмынхоо хамгийн өндөр элсэн дов байсан бөгөөд элсэн энгэрүүд нь эгц бөгөөд засахад маш хэцүү байсан. Тэр жил Инь Юйжэнь тугаллах шахсан үнээтэйгээ хамт энэхүү газрыг ногооруулахаар зорьсон юм. Хуаньшилян бол Инь Юйжэний 70,000 мү талбай бүхий "ногоон хаант улс"-ын нэг жижигхэн хэсэг юм. Олон жилийн турш тэрээр Хуаньшилянгийн элсэн дов, суваг болгоноор явж өнгөрсөн  байв.

"Хэрэв чи үүнийг хийвэл амьд үлдэж, хөгжих боломж ч бий. Эсрэгээр үүнийг хийхгүй бол ядуу хэвээр үлдэнэ”. “Элсэнд даруулж үхэхээс илүү мод тарьж ядарч үхсэн нь дээр” гэсэн бодлоор Инь Юйжэнь 40 гаруй жилд элс, хар салхитай тэмцсээр иржээ.

Инь Юйжэний нөхөр Бай Ваншян илүү олон суулгац авахын тулд гахай тэжээж, хонь хариулан, байшин барих зэрэг хар бор ажлыг олонтаа хийж байсан удаатай. Инь Юйжэнь өдөр бүр эрт босож мод тарина, ядарсан үедээ элсэн дээр хэвтэж амраад, өлсөхдөө өөрөө боов хайрч иддэг. Элсэн цөлд түүнтэй ярих хүн байхгүй тул тэр тарьсан модтойгоо яриа дэлгэдэг.

Инь Юйжэнь (зүүн талд) Инь Ифаньд(баруун талд)хэрхэн мод тарих талаар тайлбарлаж байна. Зургийг:Бай Гүөцай

Хичээл зүтгэл маань шагнагдах цаг ирнэ гэж бодсон ч элсэн цөлийн харгис хэрцгий байдлыг төсөөлөхийн аргагүй. Элсэн энгэрт уйлж, нулимсаа арчаад, үргэлжлүүлэн ажилласан удаа түүнд зөндөө бий. Олон удаагийн бэрхшээлийг туулсныхаа дараа тэрээр элсэнд хэрхэн мод тарих аргаа олжээ. Мод тарьсны дараа эргэн тойронд нь бут сөөг тарьж, гадна талд нь бургас буюу хатсан өвсөөр халхавч хийн, давхар давхар хамгаалалт хийж, ногоон байгууламжийг аажим аажмаар өргөжүүлдэг.

- Би одоо цөлжилттэй тэмцэж, мод тарих чиглэлээр мэргэшсэн гэж Инь Юйжэнь хэлэв.

Инь Юйжэнь өөрийн хувь заяаг өөрчилсөн төдийгүй Муу-усны цөлийн  хувь заяаг ч өөрчилсөн билээ! Хөлс, хүч зарцуулсан 70 мянган га баян бүрд нь орон нутгийн байгаль орчныг сайжруулж, уур амьсгалыг өөрчлөн, хөрсийг сайжруулсан. Интоор, тоор жимс нь элбэг ургац авдаг болсон бөгөөд органик шар будаа нэг килограмм нь 90 юаниар зарагддаг болсон. "Муу-ус нь "ногоон ус", "алтан ус" болсон гэж хэлж болно.

2019 онд гадаадын хиймэл дагуулын ажиглалтын мэдээгээр 2000-2017 оны хооронд дэлхийн шинэ ногоон байгууламжийн 1/4 нь Хятадаас ирсэн байна. "Элс урагшилж, хүн нь ухрах"-аас "ногоон байгууламж урагшилж, элс татрах" хүртэл Хятадын ногоон хэрэм дэлхийн ногоон хэрэм болсон юм.

Хятад улс дэлхий дахины анхаарлыг татсан ногоон домог бүтээж, Инь Юйжэний үйлсийг мөн олон нийтэд түгээсээр байна. Үндэсний хөдөлмөрийн баатар, Хятадын шилдэг арван эмэгтэй зэрэг янз бүрийн шагнал, өргөмжлөл түүнд ч ирдэг болсон.

2014 онд Инь Юйжэнь цөлжилттэй тэмцсэн 29 дэх жилдээ түүний цөлжилттэй тэмцэх түүхийг харуулсан баримтат киног Америкийн залуу Инь Ифань Хятадын Харбин хотын пиццаны дэлгүүрт олж үзжээ. Нүд дүүрэн шар элс, модон суулгац үүрсэн Инь Юйжэнь, ногоон модоор бүрхэгдсэн элсэн цөлийн шинэ дүр төрх зэрэг баримтат киноны дүр зураг түүнийг цочирдуулж, сэтгэлийг нь хөдөлгөжээ. “Би түүнээс мод тарьж, өөрийгөө өөрчилж, дэлхийг өөрчлөх тал дээр суралцмаар байна”.Энэ бодол түүнийг Өвөр Монгол руу, Муу-ус руу олон жил хөтөлжээ.

Дараагийн 10 жилийн хугацаанд Инь Ифань мод тарих улирал болох  үеэр Муу-усны цөл нутгаар хүрч, Инь Юйэньтэй хамтран ажиллах болсон. Өнөөдөр тэрээр нэгэнтээ 2000 гаруй мод тарьж ургуулаад байна.

 

Бид шаргуу хөдөлмөр, тууштай тэмцлээ өвлөн уламжилна

2017 онд Инь Ифан эхнэртэйгээ хамт Муу-усаар зочлов.

- Би түүнд яагаад энд ирэх дуртай байхаа ойлгуулахыг хүсч байна. Инь Юйжэнь бид хоёр ижил бус хоёр орны хүн ч гэсэн бид нэг гараг дээр амьдарч байдаг. Бид бүгд байгаль эх дэлхийгээ хайрладаг. Бид мөн эх дэлхийгээ илүү сайн болгох гэсэн нэг л зорилготой гэж хэлэв.

Тэрээр энэ жил мод тарихаас гадна, Инь Юйжэний зөвлөмжийн дагуу эхнэрийнхээ хамт Ордос хотын Үүшин хошууны Үдинхэ балгасны Хэнань сургуультай танилцаж, багш, сурагчидтай уулзсан байна.

- Энд байгаа хүүхдүүд маань гадаадаас ирсэн залуустай уулзаж, гадаад ертөнцтэй танилцаасай гэж хүсч байна. Хүүхдүүд тэднийг хараад маш их баярласан гэж Инь Юйжэнь хэллээ. Тэр цагаас хойш Хятад эгч, ижил овогтой Америк дүүгийн мод тарьсан үлгэр тухайн нутгийн домог болжээ.

 2024 оны 04-р сарын 04-ний өдөр Инь Ифань Бээжингээс Инь Юйжэний гэр рүү хөдлөв. Энэ удаад Инь Ифантай уулзсан Инь Юйжэнь "Америк дүү"-гийн хятад хэлний мэдлэг нь зөвхөн мандарин хэлээр ярьдаг төдийгүй нутгийн аялгууг ч ярьж сурсан гэдгийг мэдэрсэн. Мөн модыг улам үр дүнтэй тарьж, чадварлаг ажилчин болжээ.

- Ойн талбайн өндөрт зогсоод алсыг харахад салхин турбин, фотоволтайк хавтанг олж харах болно. Шинэ эрчим хүчний салбар хөгжиж, Муу-ус цөлд хамгаалалт, хөгжил хослон оршихыг мэдэрч болно. Энэ бол миний харах дуртай зүйл гэж Инь Ифань хэлэв.

Инь Ифань Инь Юйжэний ач хүү Бай Юньхэ-д:

- Танай эмээ бол үнэхээр гайхалтай бөгөөд хүнийг бишрүүлдэг хүн. Түүний мод тарих үйл ажиллагаа нь миний сэтгэлийг хөдөлгөсөн. Бид бүгд байгальд хайртай, нийтлэг эх дэлхийгээ хайрладаг. Тэр мод тарьсаар би ч мод тарьсаар байх болно гэж олон удаа хэлжээ.

Инь Ифань болон ажилчид хамтдаа суулгац ачиж байна.Зургийг:Бай Гүөцай

"Бид хөдөлмөрч, тууштай байдлын сэтгэлгээг өвлүүлэн үлдээж, байгаль дэлхийгээ хамтдаа хамгаалж, бүх хүн төрөлхтний оршин тогтнох цорын ганц орон болсон эх дэлхийгээ хамтдаа хамгаалах ёстой”. Энэ бол Америкийн залуучууд болон Хятадын өсвөр үеийнхний хооронд байгуулсан ногоон гэрээ юм.

 

Бид эх дэлхийгээ хамгаалахын тулд өөрсдийн хүч чадлаа дайчилна

 

Мэдээж Инь Ифань бол Муу-усны цөл рүү элсийг дарахаар очсон анхны гадаад иргэн биш.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Инь Юйжэний Муу-усны цөлд бичсэн Хятадын үзэсгэлэнт түүхүүд дэлхий дахины хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, гадаадын найз нөхөд энд улам олноор ирэх болжээ.

- Эдгээр мод үнэхээр сайхан харагдаж байна! Тэр эргэж ирээд харчихаасай гэж Инь Юйжэнь ойн талбайд зогсож байхдаа олон жилийн турш санасан Америкийн найз Си Коскигийн тухай дурсав.

Одоогоос 20 гаруй жилийн өмнө Хэнань мужийн нэгэн их сургуульд багшилж байсан Сай Коски телевизийн нэвтрүүлгээр Инь Юйжэний мод тарьж байгаа тухай олж мэдсэн юм. Элсэн цөлд энэ шаргуу хятад эмэгтэйн бүтээсэн ногоон гайхамшгийг гайхшируулан, сэтгэл нь хөдөлж, Бээжин дэх сангаар дамжуулан Инь Юйжэньд мод тарих зорилгоор 5000 ам.доллар хандивласан байна.

Инь Юйжэний хувьд энэ нь цаг тухайд нь тусламж үзүүлсэнтэй адил юм. Тэр 5000 ам.доллараар хэдэн арван мянган сайн чанарын суулгац худалдаж авсан. Сар хүрэхгүй хугацаанд Сай Коски Инь Юйжэний гэрт зочлохоор ирэхэд эдгээр модуудыг аль хэдийн цөлд суулгасан байхыг хараад тэрээр маш их баярлав. Өнөөдөр болоход эдгээр олон мянган мү мод ойн талбай болж, энэхүү ногоон нөхөрлөл, ногоон хариуцлагын түүхийг өгүүлсээр байна.

Ойролцоогоор 2006 онд Инь Юйжэний үлгэрийг дахин баримтат кино болгож, ном болгон бичиж, Өмнөд Солонгост хэвлэн олон нийтэд хүргэв. Үүнийг харсан Солонгос охин маш их сэтгэл хөдөлсөн бөгөөд ээжээсээ шинэ жилийн бүх мөнгөө авч Инь Юйжэнд мод тарихад нь хандивлахыг хүссэн байна. Ээж аав нь бяцхан охиныг ч маш их дэмжсэн бөгөөд гэр бүлээрээ хэдэн мянган бээрийн замыг туулж, БНХАУ-ын Өвөр Монголд зочлов.

- Та дэлхий болон хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулсан нь тийм ч хялбар биш. Нэг дэлхий дээр амьдарч байгаа бид эх дэлхийгээ хамгаалах үйлст ч өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой.

Тэр цагаас хойш энэхүү Солонгос гэр бүл бараг жил бүр Өвөр Монголд очиж, Инь Юйжэнийд зочлон, тарьсан модоо усалж, Инь Юйжэний мод тарих ажилд нь хандив өргөдөг болжээ.

Инь Юйжэнь цөлжилттэй тэмцсэн туршлагаасаа ярьж байна.Зургийг:сэтгүүлч Сансар

Элсэн цөл нь дэлхийн нийт газар нутгийн 1/3-ийг эзэлдэг бөгөөд дэлхийн улс орон, бүс нутгийн 2/3, хүн амны 1/5 нь оршин тогтнох, хөгжилд саад учруулж байна. Элс, тоос шороо нь улсын хилээр гарахад паспорт шаарддаггүй, цөлжилтийг засах нь ганц нэг улсын асуудал биш. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйлсэд "дэлхийн тосгоныхон" идэвхтэй нэгдсээр ирсэн байна.

39 жилийн хугацаанд хамгийн анхны хязгааргүй шар цөл байснаас одоогийн хязгааргүй ногоон бүрд болж, ядуурлаас өнөөдрийн үржил шимт тариаланг олон сая сая хүмүүсийн аз жаргал юм. Энэ бол дан ганц Инь Юйжэний Муу-ус биш, харин хүн бүрийн Муу-ус юм. Инь Юйжэний цөлийг зассан туршлага нь нэгэнт дэлхий нийтэд ач холбогдолтой болсон билээ.

 

 

 

Зохиогч: ВЭЙ ШҮ,ШЮЙ ШАОЛАНЬ,ХҮӨ ШАОЧИН,ЛИ ЖҮӨ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler