Мөнгөн ширхэгт цасан эх дэлхийг чимж
Мөсөн гоёлтой хотхон өлзийт жилээ угтлаа
Будар будар цаснаар буурал дэлхий гангарч
Болор мөнгөн өвөл баярын өнгөөр бялхлаа.
“Баяр баярын дээд цагаан сар” гэдгээр цагаан сарын баяр нь Азийн олон улс орнуудын хувьд уламжлалт зан үйлийн чухал нэг хэсэг нь болдог. Ялангуяа Хятад улсын хувьд цагаан сар нь дөрвөн их баяр ёслолын нэгд тооцогдож, бүх нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл “Хаврын баяр” хэмээгддэг цагаан сараар Хятадад ямархан үйл уламжлалууд болдог бол ?
Хятадын ард түмний дунд “Хорин гурванаас хаврын баяр эхэлнэ” гэдэг үг бий. Тухайлбал билгийн тооллын 12-р сар буюу лаа сарын 23-нд хятад уламжлалын галын тахилга болж, энэ өдрөөс хойш цагаан сарын бэлтгэл ажил эхэлдэг байна.
“Бага жил” буюу “Бага цагаан сар” гэгддэг гал тахилгын хорин гурван нь хуучнаа үдэж, шинийг угтан, буян хурааж, хишиг хурайлах бэлгэ дэмбэрлийн өнгө агуулгатай баяр болж, хүний нутаг, холын газарт байгаа хүмүүс нутаг буцаж эхэлцгээдэг байна.
Хятадын уламжлалт галын тахилгын ханз үсгийг үг бүрчлэн орчуулаваас “зуухны тахилга” гэх нь илүү оновчтой болов уу. “Галын бурхан” буюу “Зуухны эзэн” нь Хурмаст тэнгэрээс хүний ертөнцийн айл өрх болгонд илгээсэн сахиулсан гэгдэх бөгөөд түүний үүсэл гарлын тухай олон ч домог үлгэр бий. Энэ дундаас галын бурхан нь Жан Шэн хэмээх эгэл ард байсан тухай домог Хятадын ард түмний дунд өргөн дэлгэр яригддаг.
Эрт урьд цагт Жан Шэн гэдэг баян хүн байсан бөгөөд тэрээр Дин Шян гэдэг ухаалаг хөөрхөн бүсгүйг гэргийгээ болгож авсан гэнэ. Өрх толгойлж, туурга тусгаарласнаас хойш Жан Шэн нэгэн үе ар гэрээ орхин, архи дарсанд ташуурч явжээ. Ийнхүү гэр орноосоо салж, хамаг хөрөнгөө үрж дуусгасан тэрээр гуйранчилж явахдаа нэгэн өдөр санамсаргүй Дин Шянгийн хаалгыг татаж гэнэ. Эхнэрээ хараад ичсэндээ Жан Шэн зуухны нүхээр шургаж ороод шатаж үхжээ . Хурмаст тэнгэр энэ явдлыг сонсоод Жан Шэнгийн ухаарч гэмшсэн сэтгэлийг нь бодон “зуухны эзэн” өргөмжилж, Зуухны эзэн өргөмжлөгдсөн Жан Шэн лаа сарын 23, 24-ний өдрүүдэд тэнгэрт одон, орчлонгийн түмэн амьтны байдлыг хурмаст тэнгэрт айлтган мэдүүлээд, битүүний шөнө зуухандаа буцаж байхыг тушааж гэнэ. Тэр цагаас хойш хүмүүс зуухны эзэн Хурмаст тэнгэрт сайн үг дамжуулан, өрх гэрт нь эрүүл энх, хишиг буян хурааж байхыг хүсэн даатгаж, тэнгэрт гарах шөнө нь зуухан дахь галаа тахин, идээ бутаа, амттаны дээжийг өргөдөг болсон гэнэ.
Галын тахилга нь Хятадын ард түмний уламжлалт ёс заншил дахь хамгийн өргөн дэлгэр, хамгийн төлөөлөл болохуйц зан үйлийн нэг бөгөөд тэр нь олон мянган жилийн хөгжлийн явц дунд үе үеийн түүхэн цаг эрин дэх нийгмийн ёс дэглэмийн тусгал болж, хөдөлмөрчин ард түмний гай барцдыг арилгаж, буян хишиг даллах өөдрөг хүсэл эрмэлзлийг илэрхийлж байдаг. Галын тахилгын үйл нь лаа сарын 23, 24-ний өдрүүдэд болдгийн учир нь бүс нутгийн хувьд Хятадын умард нутагт лаа сарын 23-ны өдөр галаа тахидаг бол өмнөд нутагт харин 24-ний өдөр тахидаг байна. Үүнээс гадна ардын дунд мөн “Ноёд дээдэс гурав, харц ард дөрөв, усчин загасчин тав” гэх хэллэг бий. Санаа нь тайж язгууртан, ихэс ноёд 23-нд гал тахиж, эгэл ард 24-нд, гол мөрний сав газарт амьдардаг ба загасчилдаг хүмүүс 25-нд галаа тахидаг ёс учиртай аж. Ийнхүү галын тахилгаас хойш цагаан сарын бэлтгэл ажил ид эхэлдэг төдийгүй өдөр бүр тусгай ажлууд хийгддэг тухай ардын дунд хүүхдийн уншлага шүлэг ч зохиогдсон байдаг.
Жишээ нь “Хорин гурванд галаа тахина, хорин дөрвөнд тоосоо гөвнө, хорин таванд дүпү хийнэ, хорин зургаанд махаа чанана, хорин долоонд тахиа гаргана, хорин найманд гулираа исгэнэ, хорин есөнд мантуу жигнэнэ, битүүний шөнийг нойргүй хоноод, шинийн нэгэнд золгохоор гарна” гэх мэтчилэн нутаг нутгийн зан заншилд харгалзсан өөр өөр хэлцүүд бий.
Хятад уламжлалын галын тахилгын үйл нь мөн олон ёс горимтой. “Эр хүн саранд мөргөдөггүй, бүсгүй хүн гал тахидаггүй” гэх ардын үг байдаг бөгөөд тэр ч утгаараа галын тахилгын үйлийг зөвхөн эрэгтэй хүмүүс үйлддэг байна.
Галын бурхны гүнгэрвааг ихэвчлэн зуухны хоймор тал, эсвэл зүүн талд байрлуулдаг ёстой бол гүнгэрваагүй айлууд галын бурхны хөрөг зургийг ханан дээрээ нааж тахидаг. Галын бурхны хөргийн хоёр хажууд мөн “Тэнгэрт гарч сайн үйлийг айлтган, газарт бууж эрүүл энхийг ивээнэ” гэх хос уянгыг наадаг. Галын тахилга нь шар бүрий тасрах үеэр болж, хүүхдэд тахиа тэврүүлэн том хүний ард сөхрүүлдэг. Уламжлал ярианд тахиа нь галын бурхны тэнгэрт одох хөлөг нь болдог гэх яриа байдаг учраас тахиаг мөн “морь” гэж нэрлэдэг байна. Галын тахилгын идээ будаанд заавал “тангуа” хэмээх наалданги чихэр оруулдаг бөгөөд тангуа чихрийг галд халааж хайлуулаад галын бурхны уруулд наадаг аж. Энэ нь чихэр бурам мэт сайхан үгнүүд айлдахыг хүссэн сэтгэлийг илэрхийлдгээс гадна галын бурхны амыг хааж, буруу муу үйлүүдийг нь бурханд илчлэхгүй байхыг хүссэн санаатай гэх хэллэг ч бий.
Галын тахилга үйлддэг лаа сарын 23-ны “Бага цагаан сар”-аар мөн гэр тэргээ цэвэрлэж, тоос тортгоо гөвөн, цонх хаалган дээр наах цаасан хайчилбараа урлах зэрэг үйлүүд болдог.
“Хуучин жилийн тоос тортгоо гөвөх” нь эртний үеийн “чөтгөр шулмыг хөөж, амар амгаланг даатгах” үйлээс улбаатай аж. Жилийн адаг сарын 23-ны өдөр айлууд өргөө гэрийнхээ өнцөг булан бүрийг арчиж цэвэрлэн, аяга таваг, тогоо шанага, ор хөнжлийн даавуундаа тултал цэвэрлэж угаадаг байна. Энэ нь нэг ёсондоо мөн “муу ёр”, “зовлон гуниг”, “аз бус” учралуудыг үлдэн хөөж, сайн сайхан, буян хишиг даллах өөдрөг хүсэл бодлынх нь илэрхийлэл юм.
Үүнээс гадна цаасан хайчилбар урлах нь мөн Хятадын соёлын уламжлал дахь чухал нэгэн зан үйл билээ. Цаасан хайчилбар нь ихэвчлэн улаан өнгөтэй байдаг ба улаан өнгө нь Хятадын ард түмний хувьд баяр баясгаланг илэрхийлдэг төдийгүй гал мэт бадран хөгжихийн бэлгэдэл болдог.
Цаасан хайчилбар гэдэг нь хайч, хутгаар цаасан дээр хээ угалзыг хайчилж, амьдралыг чимдэг гар урлалын нэгэн төрөл бөгөөд Хятадын ард түмний хамгийн сонирхдог, хамгийн их тархсан ардын урлаг болно. Ард түмний дундаас үүссэн цаасан хайчилбар нь хийхэд хялбар, загвар үзэмж сайтай, хэрэглэхэд тохиромжтой, соёл, түүхийн баялаг мэдээллийг агуулсан ба ард олны хүрээлэн буй орчин, үлгэр домог, бодит амьдралд дахь сай сайхны бэлгэдэлтэй амьтан голтон, эд зүйлс бүхнийг маш уран гоёор дүрслэн, хүмүүсийн танин мэдэхүй, ёс суртахууны үзэл баримтлал, амьдралын хэв маяг, гоо сайхны мэдрэмжийг илэрхийлдэг онцлогтой.
Ийнхүү бага цагаан сараас эхэлдэг Хятадын тэмдэглэлт “Хаврын баяр” нь битүүн, цагаан сарын шинийн нэгнийг өнгөрөөгөөд цагаан сарын шинийн 15-нд тохиодог “Дэнлүүний баяр” хүртэл үргэлжилдэг аж.
Уултай газар овоо тахиж, устай нутаг лус тахидгийн жамаар газар нутаг бүр өөр өөрсдийн шүтлэг тахилгатай байдаг нь хүн ардын маань эх байгалиа хайрлаж, нутаг усаа шүтдэг эрхэм ёсны бэлгэдэл буюу.
Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй.