| |
Доналд Трамп эхний зарлигаараа АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гаргалаа
47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөсөн Дональд Трамп эхний зарлигаараа АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээрээс дахин гаргаж буйгаа мэдэгдлээ. Харин удаах зарлиг нь энэхүү шийдвэрийг НҮБ-д мэдэгдэх утгатай ажээ.
"Capital One Arena" -д болсон ёслолын ажиллагааны үеэр Трамп дэмжигчдийнхээ өмнө тайзан дээр гарч эхний 10 зарлигтаа гарын үсэг зурсан юм. Тэрээр "Хятад улс нүүрс, газрын тос ашиглан асар их эрчим хүч үйлдвэрлэж агаар бохирдуулж байгаа хэрнээ ямар ч ял шийтгэл хүлээдэггүй. Хятадаас ялгарсан хүлэмжийн хий, бохирдол 3-5 хоногийн дараа Америкт ирж байна. АНУ өөр улсын өмнөөс агаарын бохирдолд хариуцлага хүлээхгүй" гэж мэдэгдэв.
Хэдийгээр Трамп зарлигт гарын үсэг зурсан ч уур амьсгалын хэлэлцээрээс гарах үйл явцыг албан ёсны болгоход нэг жил орчмын хугацаа шаардагдана. Трамп 2017 онд анхны бүрэн эрхийн хугацаандаа Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарч байсан ч Жо Байден 2021 онд Ерөнхийлөгчийн албаа аваад АНУ-ыг уг хэлэлцээрт эргэн оруулсан юм.
Ёслолын ажиллагаанаас Цагаан ордны зууван танхим дахь Ерөнхийлөгчийн албан тасалгаанд ирээд гарын үсэг зурсан эхний зарлиг нь 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолд болсон үймээний хэрэгт холбогдсон 1500 орчим хүнд өршөөл үзүүлэх тухай байв. Мөн тангараг өргөх ёслол дээр хэлсэн АНУ-Мексикийн хил дээр үндэсний онц байдал зарлах алхмаа албан ёсоор баталгаажууллаа.